Цус сорогчийн ичээг өвлөх амаргүй

Twitter Print
2015 оны 01-р сар 13-нд 17:46 цагт
Мэдээний зураг,

Оросын тэрбумтан Абрамович нилээн хэдэн жилийн өмнө алдарт Дракула цайзыг худалдан авч өвч засвар хийн өөд нь татаад аялал жуулчлал, амралт цэнгээний төв болгох тухай мэдээ дуулдаж байсан. Румынд очсон гадаадын жуулчид энэ цайзаар ёс мэт дайрч өнгөрдөг. Аймшгийн сэдэвтэй зохиол бичдэг Брэм Строкерийн "Дракула гүн" романиар энэ цайзын тухай дэлхий дахин мэдэх болсон билээ.

Цус сорогчдын тухай өгүүлдэг уг зохиол гарахаас өмнө цайзыг Бран хэмээн нэрлэдэг байв. Тевтоны одонт рыцарууд Брашов хотыг Оттоманы эзэнт гүрний довтолгооноос хамгаалах зорилгоор 1377 онд уг цайзыг барьж босгосны дараа үед нь Австри Унгарын хаант улс Трансильваныг хамгаалан авч үлдэх түшиц газраа болгож байсан түүхтэй.

Өнгөрсөн зууны 20-иод онд нутгийн ард иргэд Румыны хатан Мариад "алчуур" болгож өргөн барьжээ. Дараа нь гүнтэн Доминик Габсбургийн эх болох Румыны гүнж Илеана фон Гогенцоллернд өвлөгдөж очжээ. 1950 онд Румынд комминист засаглал тогтсоны дараа уул цайз Румыны ард түмний өмч болсон байна.

Харин 2006 оны тавдугаар сард АНУ-д амьдардаг архитектор, ная шахсан Габсбургт цус сорогчдын үүр уурхай болсон уг цайз хууль ёсныхаа дагуу эргэн очсон байна. Эзэн нь юмаа мэдэж эрэг нь усаа хашдагийн үлгэрээр Габсбургийн гэр бүлийн өмгөөлөгч 2007 онд уг цайзыг 78 сая доллараар худалдах болсныг мэдэгдэж байв. Аялал жуулчлалын шугамаар боломжийн төсөв бүрдүүлж болох уг цайзыг харин Румыны засгийн газар 25 сая еврогоор худалдаж авах сонирхолтой байсан боловч хажуугаар нь Абрамовичийн тавьсан санал тэдэнд боломж олгосонгүй .

"Forbes" сэтгүүлийн жагсаалтаар ямагт дээгүүр эрэмбэлэгддэг хөрөнгө чинээтэй орос эр уг цайзыг худалдан авснаар "Челси" багынхаа нэр хүндийг өргөж хөл бөмбөгийн ертөнцөд цахиур хагалахын хамт аялал жуулчлалын алтан цалам болсон орд газрыг гартаа оруулж авахаар төлөвлөж байсныг дэлхий дахин мэдэх билээ. Цайзад нэр нь мөнхөрсөн Дракулагийн жинхэнэ нэр нь Влад Цепеш. 1431-1476 онд амьдарч байсан гун хэргэмтэй, хэрцгий яргачин энэ хүн харц албатуудынхаа үйлийг нь үзэж үсийг нь цайлгадаг байснаас үе удам дамжин яригдах домог болон үлджээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.