Тэнгэрийн муухай арилдаг

Twitter Print
2021 оны 03-р сар 15-нд 10:30 цагт
Мэдээний зураг,

Нээрээн арай хэтрүүлчихэв үү дээ хэмээн гэмших мэт, үгүй дээ, тийм ч айхавтар юм болоогүй гэж булзааруулах шиг өглөөний манхан улаан наран дорноос зугуухан суниан өндийсөөр нарлаг тогтуухан нэгэн өглөө золгоход, байгаль, хүний явдал холилдсон энэхэн тэрхэн бодол орж, гарна.

Өнгөрсөн шөнө 24 м/cек, бүр 28 м/cек хүрсэн гэх цасан болон шороон ширүүн салхи, догшин шуурга энд тэнд гайгүйхэн шиг өнгөрсөн байгаа даа хэмээн санаад, телевизийн хэдэн суваг солиход тэр тухай ярьж байгаа юм алга, аг чиг. Засгийн газар гэв гэнэт тэрчигээрээ огцорч, Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нь бие бие рүүгээ онц ноцтой мэдэгдэл хийж байхад, манай хэвлэл мэдээллийн байгууллагууд яг л ингэж өнжсөн дөө гэх бодол орж ирэв. Төрийн тэргүүн нь УИХ-ын танхимд орж ирээд, нэр заагаад төрийн эргэлт хийж байна хэмээн мэдэгдэж байхад л ажин түжин байж билээ. Өөр улсад тэгсэн бол яах байсан бол?

Төрийн эргэлт гэж чухам юу юм бэ, яаж хийдэг юм бэ, ямар хууль үйлчилдэг вэ, цэрэг зэвсгийн хүч хэрхэн ашигладаг вэ, ямар хөл хорио, хатуу цээр тогтоодог вэ, хэзээ хаана ойрмог төрийн эргэлт гарч байв, түүхэн уламжлал ямар вэ, манайд энэ талаар яаж байв гэх зэргээр тал талаас нь ярьж, тодотгож, асууж лавлаж, тойм багцаа гаргаж тэр шөнөдөө лав нойргүй хонох байсан биз. Хаврын тэргүүн сарын сүүл, хаврын дунд сарын эхний өдөр шөнө дамжин үргэлжилсэн саяын энэ ширүүн салхи, догшин шуурга ч гэсэндээ, олон тохиолдоод байдаг байгалийн жирийн нэгэн үзэгдэл яавч биш, салхи шуурганы ангиллаар бол, догшин гэх арван баллын хүчтэй, аюулын улаан бүс рүү ойртсон цас, шороо холилдсон аюултай шуурга болж өнгөрөв. Цаг уурын мэдээнээс харвал, Архангай, Өвөрхангай, Булган, Говь-Алтай болон урд шөнө зарим аймгуудаар салхины хүч бүр 24.5 м/сек- 28.4 м/сек хүрч, ер нь л хориос дээш шуургалсан гэхээр байгалийн онц аюултай үзэгдэл болжээ. Урхаг уршиг нь хараахан арилаагүй, малдаа яваад алга болсон хүмүүсийн эрэл сурал тасраагүй л байна. Байгалийн ийм аюул огт ул мөргүй, ардаа гэм хоргүй өнгөрнө гэж бараг байдаггүй. Хүний алтан амь л багахан шиг эрсдсэн байгаасай билээ.

Уул нь манай цаг агаарын мэдээ аргагүй сайн болжээ. Хэд хоногийн өмнөөс л дохио сануулга өгч, анхааруулсан болохоор байгалийн гэнэтийн аюулд өртөмтгийн малчид, тээвэрчид, хэн хүнгүй анхаарал сэрэмж сайтай байсан биз. Харин иймэрхүү байгаль цаг агаарын элдэв үзэгдэл, нийгэм улс төрийн онцгой үйл явдал, олон нийтийг хамарсан өргөн хүрээтэй үйл явц, өвчин эмгэг зэрэг гэнэтийн цочмог, ер бусын үед хэвлэл мэдээлэл ард олныг хэрхэн тасралтгүй мэдээллээр баяжуулан хангаж байх вэ гэдэг дээр анхаарах, бэлтгэлтэй байх цаг хэдийнээ болжээ. Манайх нэр томъёогоо ч гэсэн нэг мөр болгож, мөрдмөөр л санагдана. Салхины хүчийг гэхэд дэлхий дахинд, 12 ангилан хэл хэллэг нь нэгэнт хатуу тогтжээ. Тэр бүхэнд тохирох эртнээс тогтсон үг хэллэг манайд зөндөө бий. Тогтуун, ялимгүй салхи, сэвэлзүүр салхи, намуун салхи, жихүүн салхи, ширүүн салхи, шуурга, салхи шуурга, нүүр нүдгүй салхи шуурга, угалз, хар салхи гэх зэргээр чухам хэдэн метр секундын салхинд аль нэрийг нь оноох вэ гэдэг дээр нэгэнт тогтсон байдаг бол сайн хэрэг. Тэр бүхнийг нийтээрээ мэдэж, хэрэглэж занших нь л чухал. Ташрамд дурдахад, дэлхий дахинаа бүртгэгдсэн хамгийн хүчтэй салхи, хар шуурга бол 1996 оны 4-р сарын 10-нд Австралийн Барроу хэмээх арлыг дайрсан далайн хар шуурга юм гэнэ. Секундэд 114 метр хүрч салхи шуурга гаарсан гэдэг юм.

До.Чулуунбаатар тэрлэв.

2021. 03. 15

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.