Хоёр сахиусан тэнгэр

Twitter Print
2022 оны 08-р сар 04-нд 15:05 цагт
Мэдээний зураг,

ХОЁР САХИУСАН ТЭНГЭР

Эрт урьд цагт нэг залуухан сахиусан тэнгэр багшийнхаа хамт аялж явжээ. Цаг орой болж, тэд нэг баян айлынд хонохоор болов гэнэ. Гэрийн эзэд нь явуулын “хүмүүсийг” хонуулахадаа дурамчхан байгаа нь илт... тэднийг зочныхоо өрөөнд биш харин зоориндоо унтуулахаар болов. Хөгшин сахиусан тэнгэр унтахаар зэхэж байснаа зоорийн хананд завсар гарсан байхыг олж хараад тэр дор нь битүүлж орхив гэнэ. Түүний энэ үйлдлийг харсан шавь нь “Багш аа, та яаж байна аа?” гэхэд багш нь:

- Юм гэдэг харагдаж байгаа шигээ байдаггүй юм аа, хүүхээ гэв.

Маргааш нь тэр хоёр нэгэн ядуу айлд хонохоор болов. Айлын хүмүүс тэднийг байгаа бүхнээрээ дайлж "замдаа алжааж ядарсан биз ээ" гээд тэдэнд өөрсдийнхөө орыг засаж өгөв гэнэ. Сахиусан тэнгэрүүдийг өглөө босоод хартал гэрийн эзэд гашуудан уйлж байв гэнэ. Амжиргааг нь залгуулдаг байсан ганц үнээ нь малын хашаандаа үхчихсэн байж. Залуу сахиусан тэнгэр багшаасаа:

- Биднийг эхний орой хонуулсан айл юм юмтай, чинээлэг айл байсан. Гэсэн ч та тэдэнд тус хүргэсэн. Энэ айлын хүмүүс өөрсдөө хоосон шахуу байж та бид хоёрыг ямар сайхан хүлээж авлаа? Гэтэл та ганц үнээг нь үхүүлж байдаг... яаж байгаа нь энэ вэ? гэж асуулаа.

- Баян айлын зоорийн хананд алт эрдэнэс нуусан байхыг би олж харсан юм. Гэрийн эзэд хүйтэн хөндий, харамч хүмүүс байсан тул би тэднээс алт эрдэнэсийг нууж, ханан дахь завсрыг битүүлж орхисон нь тэр. Харин ядуу айлын хувьд гэвэл... биднийг унтаж байх хойгуур эрлэгийн элч, айлын эзэгтэйн араас ирсэн юм. Би хөөрхий эмэгтэйг авч үлдэхийн тулд үнээг нь өгөөд явуулчихсан юм.

Юм гэдэг харагдаж байгаа шигээ байдаггүйг хүмүүс тэр болгон мэддэггүй. Амьдралд нь тохиолдсон бүхэн сайн сайхных нь төлөө байжээ гэдгийг тэд хэзээ хойно ухаардаг юм хэмээн багш нь хариулж гэнэ...

Pritchi.ru сайтаас тоймлон орчуулсан:

Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.