Сүлд модоо "үзэл суртал"-аар чимэглэдэг байсан цаг үе бий

Twitter Print
2017 оны 12-р сар 24-нд 14:54 цагт
Мэдээний зураг,

Шинэ жил хаяанд ирчихлээ дээ. Монголчууд хот хөдөөгүй л баярын “настр” ороод эхэлчихсэн. Харин Зул сарын баяр угтаж Германы Ульм хотод шинэ жилийн сүлд модны чимэглэлийн нэгэн өвөрмөц үзэсгэлэн нээгджээ. "Aufgeputzt" хэмээн нэрлэсэн энэ үзэсгэлэнд 400 гаруй чимэглэл танилцуулж байгаа бөгөөд өнгөрсөн зууны дарангуйлагч нарын дүр төрхийг хүртэл эндээс олж үзэж болно. Христийн шашны үндсэн баяр ёслолуудын нэг Зул сарын баярын чимэглэлүүд XX зууны түүхэн цаг хугацаанд үзэл суртал, засаг захиргааны  билэг тэмдэг болж байсаныг мөн харж болно. Германы Кайзер Вильгельм II, Гитлер болон Сталины дүрсийг урласан шаазан чимэглэлүүд олны анхаарлыг татаж байгаа бөгөөд нацист үзэл суртлын "Sieg Heil!"  гэсэн уриаг (орчуулбал"Ялалтын алдар!") мөнгөн бөмбөлөг дээр буулгасан чимэглэл хүртэл танилцуулжээ. Хуучин ЗСБНХУ-ын үед сүлд модны оройг  коммунист засаглалын билэг тэмдэг болсон улаан таван хошуугаар чимэглэдэг байсан. Энэ уламжлалаа оросууд одоо ч мартаагүй. Магадгүй манайд ч бас харагдаж магадгүй. The Daily Mail сонинд тэмдэглэснээр энэ өвөрмөц үзэсгэлэнгийн үзмэрүүд" Хуучин цагийн аймшигтай хий үзэгдэл" мэт харагдаж байгаа ажээ. Учир нь үй олон хүний цусыг урсгасан хүчирхийлэл, балмад хэрцгийлэлийн өнгөн дээр дайсагнасан улс орнууд энэ мэтийн чимэглэл хийж Зул сарын баяраа тэмдэглэж байсан түүхэн үнэн хачирхалтай сэтгэгдэл төрүүлж байгаа аж. Үй олноор нь хөнөөж, яргалан тамлаж байсан этгээдийн толгойгоор сүлд модоо чимэглэчихээд Зул сарын баяраа хөөрч баярлан тэмдэглэж байна гэж бодоод үз дээ гэж уг сонинд онцлон тэмдэглэсэн байна.

Христийн шашинтнууд Зул сарын гацуур модыг элдэв гял цал зүйлсээр чимэглэж гоёдог уламжлал аль дундад зууны үеэс тогтжээ. Библийн “Хуучин гэрээнд” тэмдэглэгдсэнээр Ева анх диваажингын алим тасдан авсан гэж үздэг мөнх ногоон модыг билэгдэж гацуур модны ногоон мөчрийг хүмүүс гэртээ “залдаг” болсон тэр цаг үеэс сүлд мод чимэглэдэг болсон түүхтэй. Тэр цаг үед хүмүүс алим жимс, самрын боргоцой, боов жигнэмэг гээд өөр өөрт аятайхан сайхан санагдсан болгоноороо чимэг зүүлт хийдэг болсон байна. Гэхдээ энэ заншил цаг ирэх бүр өөрчлөгдөж ирсэн бөгөөд нийгмийн дундаж давхаргынханы дунд өргөн тархаж байжээ. Харин XVII зуунаас  цаасан шуумал, лааны тосоор урладаг болж арай хөгжиж ирсэн чимэглэлүүдийг Германчууд XIX зууны дунд үеэс шилээр бүтээдэг болсон байна. Өнөөдрийн цаг үед сүлд модны чимэглэлүүдийн томоохон үзэсгэлэн худалдаанд бараг дан ганц Хятадад үйлдвэрлэсэн чимэглэлүүд  байгаа аж.

Сэтгүүлч Ц.Мөнхбаяр

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.