Өнөөдөр МАРТЫН 8

Twitter Print
2023 оны 03-р сар 08-нд 13:22 цагт
Мэдээний зураг,

Хүний сэтгэлд хоногшсон аливаа зүйл тийм ч амархан хувирч өөрчлөгдөж, ховхорч алга болох нь ховор. Ямраар л буусан байна, тиймээрээ л мөнхөд гэхээр үлдэж хоцрох нь олонтаа.

Мартын 8-ныг би тийм л нэгэн мянга мянган бүсгүйчүүдийн сэтгэлийн бэлчээрт идээшсэн баяр, мянга мянган эрчүүд, нөхөр, үр хүүхдүүдийнх нь тэднээ, эхнэрээ, ээжээ аль болохоор баясгах гэсэн тэмүүлэлт гэгээн өдөр л гэж боддог, ерөөсөө эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах тэмцлийн өдөр гэж буудаггүй, тэгж тэмцэх өдөр цаана нь олон бий ч гэж боддоггүй.

Олон улсын эмэгтэйчүүдийн өдөр, олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдрийн мэнд хүргэе гэж гүйцэд хэлснээс, нэгэнт сурч хэвшсэн юм болохоор, Мартын 8-ны баярын мэнд хүргэе гэж хичнээн албархуу хэллээ ч гэсэн авсаархан, хэлсэн дуулсан хэн хүндээ бүр тусгалтай санагддаг.

Хорвоо ертөнц тэр чигээрээ бараг тэгш хэмт зүй тогтолтой гэхэд хилсдэхгүй. Тэрний нэг жишээ нь, монголчууд бидний арга билэг хэмээх эр эмийн зохист харьцаа. Жигүүртний хоёр далавч урт богино бол, хөөрч нисч чаддаггүйн нэгэн адил, хүн төрөлхтний хүйсний харьцаа алдагдвал, тэгш хэмт ертөнц тэнцвэрээ бас алдана.

Эмэгтэй хүний энэрэл хайр, нинж сэтгэл, арга ухаан, үзэсгэлэн гоо бол хорвоог тэгшитгэгч, дутууг гүйцэлдүүлэгч аугаа их гэгээн хүч юм. Эртний манай Монголын ухаан билэг төгс хатдаас эхлээд, XX зууны нэр нүүр болон нэрлэгдэх Сономын Удвал, Эрдэнэбатын Оюун, Вандан-Ишийн Ичинхорлоо, Должингийн Дэмбэрэл, Лувсанжамцын Цогзолмаа тэргүүтний араас залган төрсөн өнөөгийн олон алдарт бүсгүйчүүд бол бидний их бахархал юм. Дэлхий дахинд ч гэсэн дахин давтагдашгүй, тоолж барамгүй суут олон бүсгүйчүүд бий.

“Амьдралаас бэргэх хэрэггүй, ойлгох хэрэгтэй. Ойлгох тусам айдас багасна” хэмээсэн, Нобелийн шагналыг хоёр өөр шинжлэх ухаанаар, хоёронтоо, тус тусад нь хүртсэн Мари Кюри бол польш гаралтай, Францын физикч бүсгүй. “Эрчүүдийн хүчээ сориод байгаа болгоныг хүүхнүүд бид үзээд алдах хэрэгтэй. Бидний нэг нь алдахад, нөгөө нь нөхнө” хэмээсэн, Атлантын тэнгисийг ганцаар туулсан, дэлхийг тойрохоор зорин мөнхөд дүүлсэн, аймшиггүй нисэгч Амеля Эрхарт бол америк бүсгүй. “Энэ миний тархи эгэлгүй гэдгийг эрхбиш цаг хугацаа харуулах биз ээ” хэмээсэн, дэлхийн анхны компьютерийн программч гэгддэг, хөөрхөн сайхнаараа хорвоогийн нүдийг булаасан Ада Лавлейс бол англи бүсгүй. XVIII зууны дунд үед аж төрж, 36-хан насандаа хорвоогоос хальсан Ада бол суут найрагч Байроны охин.

Монголын нийт бүсгүйчүүддээ Мартын 8-ны баярын мэнд хүргэе! Бүсгүйчүүд минь дандаа инээмсэглэж яваарай. Та нарын минь мишээлээс Монголын аз жаргал мөнхөд гийх болно.

ДАНДАА ИНЭЭМСЭГЛЭЖ ЯВААРАЙ

/Туурийн хэсгээс/

Тэр бид хоёр Равжихын худгаас ус авчихаад буцаж явав. Хаврын тэргүүн сар шувтарч байгаа юм гэсэндээ хөвөнтэй дээлтэй халууцмаар, урин цаг ирсэн шүү гэх шиг цас хялмаатан налайж байв.

-Усны машин ирэхгүй яачихсан юм бол? Ингэж их удах юм болов уу? Өвөл хаврын хүйтэн хавсарганд хөгшин настай улс холоос ус барих гэдэг хэцүү юм хэмээн хэлэх үгээ олж ядахдаа би эгээ л нэг хороо хорины даргатай уулзаад, саналаа хэлэх аятай нухацтай гэгч нь лавлав.

-Хүүш ээ, чи чинь яг л нэг настай хүн шиг сүрхий айхавтар өгүүлэл тавьж байх чинь. Би яаж мэдэх юм бэ ээ, би яаж мэдэх юм бэ? Хэнээсээ одоо асуудаг хэрэг вэ гээд хэн нэгнийг хайж байгаа янз үзүүлэн эргэн тойрноо харснаа, намайг тэр шоолж, үнэн голоосоо хөхрөв. Яг л нэг настай хүн шиг гэсэнд нь ичингүйрч, нүүр өөд халуу оргиод ирэв. Ичингүйрч мэгдсэнийг минь дорхноо тэр ухаарав бололтой,

-Өө, удах биз, удах биз. Би ч гэсэн яг л чам шиг юм бодоод явж байна. Ингэхэд, чи хэнийд намайг ус авч явна гэж санана? Манайх бол устай, устай. Ханд гуайд л ундны ус барьж яваа юм. Яах вэ, хөгшин хүнд нэг ч болохноон усыг нь бариад, түлээг нь хагалаад өгвөл буян биз дээ хэмээн хэзээний тохь нэгэн шиг буурьтай өгүүлснээ,

-Өө, тэр Дэлэг гуай мөддөө ирэхгүй, ирэхгүй. “Усгүй баахан хатаадаг, ууртай баахан аашилдаг, усны Дэлэг гээд манай тэр жолоочийг “Тоншуул” дээр хүртэл матарлачихсан л байсан. Мандалговийн нэг гудамжинд ус авчирч өгсөнгүй гээд Монгол даяар тэгж зарлах хэрэг байгаа ч юм уу, үгүй ч юм уу, хэн мэдлээ. Өвлийн ханги хүйтэнд гутал бээлий, хамаг хувцас нь данги хөлдчихсөн, тавлаж шүүмжлээд байхааргүй л харагддаг юм. Би харин өрөвддөг. Лав л би нөхрөөрөө усны тэрэг заяа нь бариулахгүй гээд инээхэд нь, миний нүүр дахиад л чинэрч ирэв.

-За тэр яах вэ ээ! Чи харин надад ёстой нэг инээдэмтэй юм ярьж өгөөч. Элгээ хөштөл нэг сайн инээмээр байх юм. “Мурзилка” харж инээж хөгжихөө болиод, одоо бүр “Юность” уншиж, бичгээр орчуулчихаж чадахгүй хэрнээ, олон юм мөрөөдөж суудаг болсон. Давраад би чинь, хүүхэд насандаа арай том хүний юм уншаад байгаа юм биш биз гээд юность гэдэг үгийг справочник дээрээс хартал, арван таван наснаас эхэлдэг гэж байна лээ. Тэгэхлээр тэр зэргийн юм уншиж болох нь ээ дээ. Чи харин болохгүй гээд тэрүүхэндээ инээснээ, охидын өсөлт багадаа хөвгүүдээсээ арай түрүүлдэг юм гэсэн, мэдэх үү хэмээн надаас асуух тандахын завсарт хэлэв. Тэгснээ хэсэг дуугаа хураав.

-Саяхны нэг дугаарт гоё өгүүллэг гарч билээ. Тэнд юу бичсэн байсан гээ, чи сонсох уу гэснээ хариу хэлэхийг минь ч хүлээсэнгүй, цааш нь дуржигнуулав.

-Яагаад эмэгтэй хүн юм л бол, инээж хөхөрч, эрэгтэй нь харин хүрлийж дүмбийж байдаг юм бэ гэхээр, тэд чинь өөрсдөө биш, ерөөсөө эмэгтэйчүүд биднийг л инээлгэж байх ёстой юм гэнэ. Эмэгтэй хүн инээж хөхөрч байж, сэтгэл тэнэгэр сайхан явдаг бол, эрчүүд нь тэднийгээ инээлгэж, тэр инээднээс нь тэжээл авдаг юм гэнэ. Би муу ярьж байна аа, их муу ярьж байна. Уул нь гоё санаа байгаа биз, над шиг инээд муутай амьтанд бол бүр ч гоё. За, тэр яах вэ ээ, чи харин надад нэг ёстой инээдэмтэй юм ярьж өгөөч гэж дахин хэлээд наминчлах мэт алга хавсран байж, тэрүүхэндээ жуумалзав.

Түрүүнээс хойш бодоод бодоод, тоймтой юм санаанд ер орж ирсэнгүй. Үлгэрийн танхимынхан Мандалговьд ирэхэд, соёлын ордонд очиж үзсэн минь санаанд оров. Үржинханд гуайн ерөөл, Жанцанчой гэдэг хүний магтаал хачин сайхан санагдаж, багадаа Тарзад, Цэсэм, Цэдэндорж зэрэг өвгөд хөгшдийн ярьдаг үлгэр санаанд бууж байж билээ. Тэр дундаас Цэрэндэндэв гэдэг дэлдэн чихтэй, шар өвгөний ярьсан царцаа Намжил хэмээх үлгэр гойд сонин санагдаж, үе үе инээд алдаж суусан юм. Тэр санаанд бууж, царцаа Намжилыг нэг яръя юу гэж бодов.

“Аа, болохгүй, болохгүй. Царцаа Намжилыг яривал ёстой тэнэг юм болно. Яасан гэж царцаа Намжилыг энд ярьж зогсох вэ! Би ямар бага ангийн жаахан хүүхэд биш. Энэ ч гэсэн дээ, яасан гэж миний ярьсанд тэгж инээж хөхрөх вэ! Хичнээн тэгж хичээх тусам инээдтэй гэмээр юмс санаанаас минь салхинд туугдсан үүлс шиг сарнин бутран алга болж байв. Бүр харин өдөж байгаа юм шиг тархи толгойд минь, “Ижлээсээ унтаж хоцорсон ганц цагаан унага сэтгэлийн манан дундуур хангинатал янцгаан давхиж айсуй”, “арван долоон нас ч дээ, хөөрхий зайлуул. Би тэгэхэд өөрийгөө эр хүнд тооцож явж дээ” гэх өөр өөр өгүүллэгийн хольж хутгасан ганц нэг мөр орж ирж, холион бантан болов.

“Их бодож байна, энэ нэг элэг хөшөөсөн юм ярих нь дээ” гэж горьдолхийлэв бололтой, за алив л дээ гэсэн шиг инээвхийлэн харж байснаа, удах тусам харц нь бүүдийх шиг надад санагдав.

-Зиа, заз-заз-заз, юугаа ч хийж ингэж амарч, алмайрч зогсдог юм бэ? Алив, явъя хэмээн ширүүхэн хэлснээ, арвын хоёр бидоноо шүүрч аван, ус цалгилуулан хотолзтол хэд ширүүн алхсанаа, -Зи-аа, байз, амаръя даа хэмээн нөгөө их уулган зан нь хааччихав гэмээр намдуухан хэлээд, бидоноо газар тавив.

“Юун ч хурдан амардаг юм бэ, жаахан явчихгүй. Намайг инээдэмтэй юм ярьсангүй гэж уурлаа юм болов уу” гэж бодоод, нүүр өөд нь эгцлэн харвал, юу ч болсон шинжгүй инээмсэглэн зогсож байлаа.

-Хүнд ер нь хөгийн хөгийн бодол их төрнө шүү. Нэг юм бодоод дуусах яагаа ч үгүй байтал өөр нэг юм хөврөөд орж ирнэ. Энэ муу тархи амардаг шинж алга аа, алга. Одоо надад юу бодогдож байна гэхээр, захиа л бодогдож байна. Захиа гэснээс, над шиг ангалзсан аманцар нь биш, харин тэр тохитой томоотой охид л хамгийн түрүүн захиа занаа авч өгөлцөөд, хөвгүүдтэй төлөөгүй үерхчихдэг юм биш үү? Манай ангийн тэр охин надаас юмаа нуудаггүй хэр нь, нэг юм булагнаад хачиан хачин. Тэгэхээс тэгэх гэсэн шиг цүнхнээс нь аваад уншчихсан юм. Хөөрхий минь, тэгсэн юу байсан гээ, найзыгаа бүр өрөвдчихсөн. “Ам цагаан цаасаар бие болгож, арав таван үгээр хэл болгож, дурлаж бичсэн захидлынх нь дугаар номер нэг” юм гэнэ ээ! Яг тийм үгтэй захиаг манай хэнд... гээд хэсэг зуур чимээгүй болоход нь, би өөрөө ч мэдэлгүй, нэг л мэдсэн,

-Хэнд гэчихсэн зогсож байв.

-Аа, бас гэнэдүүлэх нь, хэлэхгүй! Охидынхоо нууцыг тэгж би задлахгүй. Чи яасан гээ, манай тэр охин захианд нь бүр уярчихаад, өөрийгөө чи бод, намайг битгий хүлээ, амьдралаа бод, би өөр хүнийг харж явдаг гээд хичнээн учирлаж бичснийг нь яана. Гэтэл цаадхи нь дурлаж бичсэн захианыхаа дугаар номерыг нь солиод л, өөр охинд өгчихөж байгаа юм, өөдгүй байгаа биз? Зөвшөөрөхгүй гэхээр чинь өөр яах юм бэ гэнэ биз дээ? Ингэж хэлээд намайг хэсэг зуур энэ ер нь юу хэлэх нь вэ гэсэн шиг дуугай болов. Би ч хар цагаан дуугарсангүй.

-Чи бас тэгдэг үү? Нэрийг нь өөрчлөөд л гүйцээ! Амар юм биш үү, аан? Чи бас сорьж байгаа юм шиг тэгж захиа бас өгчилгөнө биз хэмээн надаас тэр улайтал асуув.

-Би бас тэгдэггүй гэв.

-Дурлал чинь бүтэхгүй бол, тэгээд чи яах вэ? Бусад хөвгүүд шигээ, -За, энэ ингээд болсонгүй, одоо тэрэнд нэг өгөөд үзье гэхгүй ээ? Хүлээгээд л байх уу? Сайн л байна, дурлалдаа үнэнч байна гэдэг чинь сайн хэрэг. Би харин тийм шал худлаа үгтэй, шүлэглэсэн захиа ирвэл юун уярах, ажлыг чинь хөнгөвчилье, энэнийгээ өөр охинд өгөөд, азаа үз гээд л буцаачихна. Яг л тэр агшинд мөнөөх хуурамч захиагаа буцааж байгаа аятай над руу хоосон гар сарвайв. Харин би авах дүр эсгэсэнгүй. Тэгж ч үнэндээ чадахгүй байв. Яриагаа тэр цааш нь үргэлжлүүлэв.

-Хайрлахад үнэн, хуурахад худал үг хэрэгтэй, тийм ээ? Хөөрхий минь, энд би чамд номноод л, хэрэг дээрээ хэн нь ч надад захиа өгөх юм байгаа юм. Нээрээн ингэхэд хэн надад захиа өгөх юм бол хэмээн асуух мэт хэлээд, сормуусаа дэрвэс хийлгэн өөдөөс эгцлэн харав. Цахилгаанд цохиулсан юм шиг би ширвээтэн доошоо тонгосхийв. Хариулах үг олдсонгүй. Бодлыг минь таах гэсэн мэт нэгэнтээ мэлмэртэл ширтсэнээ,

-Уул нь өгөөсэй гэсэн яг л тэр хүнээсээ авмаар байгаа юм, даанч тэгэхгүй л дээ гэж хэлээд чимээгүй болов. Яг хэнээс авмаар байгааг нь мэдэхгүй би юугаа гэж хариулах билээ. Чимээгүйхэн л зогслоо.

В белую ночь мы с тобой уйдем

Куда, я не знаю, куда, я не знаю,

Куда, я не знаю, куда, я не знаю,

Куда, я не знаю, куда, я не знаю... хэмээн оросоор амандаа аяархан мөр давтан аялснаа, цагаан шөнө, цагаан шөнө, чамтай би алхана, чамтай би алхана, хаашаа гэдгээ мэдэхгүй, харин би мэдэхгүй хэмээн монголоор бас тэрүүхэндээ гунганав.

–Хэнд ч олдохгүй хаа нэг газар руу явчих юмсан гэж хааяа би бодддог юм. Яг л нөгөө хөөрхий муу Лайка шиг буцаж ирэхгүй ч байсан хамаагүй, сансар руу, сар руу, нэргүй нэг од руу хөөрчих юмсан гэж боддог юм. Шинжлэх ухаанд нь нэмэр болбол, хөөрхий муу Лайка бид хоёрт хамаа байж уу даа гэж хэлээд гуниглах мэт санаа алдсанаа, хөлөөрөө цасан дээр ямар нэг юм сараачиж зогсов.

-Лайка гэж сансарт ниссэн нөгөө нохой юу?

-Сансарт нисэхээ ч алд даа, хөөрхий. Союз хөлөгт чихэж орхиод л хөөргөчихсөн, төдхөн үхчихсэн юм гэхчихнэ юу билээ. Тэгээд ч хурдхан нүд аньсан нь дээр байсан байхаа даа, ямар тэр амьтныг эргүүлж авчрах элэг зүрхтэй хүн байсан биш. Тамхины хайрцган дээр л дүрс нь үлдсэн байх. Үгүй ингэхэд, заримдаа чамд хаа нэг газар явчих юмсан гэж бодогддог уу? Би мөн хачин юм асууж байгаа биз, мангар юм шиг гэв. Тэгдэг гэхээр хэзээ ч тэгж бодоогүй байж худлаа хэлсэн болно, тэгдэггүй гэхээр зориуд өөртэй нь зөрж байгаа юм шиг санагдаад, чимээгүйхэн хэдэн хором болов. Энэ юугаа хэлэх вэ дээ, дэмий л асууж гэсэн шиг намайг нэг сүлбээрдэх мэт харав.

-Чамд ч гэсэн олдохгүй нэг газар явчихъя гэж санагддаг юм гэж нэмж хэлэв. Энэ юу хэлчих вэ гэж гайхасхийн өөдөөс нь харвал,

-За-аа, би юү гэж тэгж бодох вэ ээ дээ гээд алга хавсран инээд алдав.

Орчлон хорвоо дээр арван зургаахан насандаа тэгж ярьж хөөрч, үнэн голоосоо баясан инээхийг чинь яагаад ч тэгээд байгаагийнхаа учрыг олохгүй хэр нь сонсоод л баймаар санагдаагүй юм шиг, огт тийм байгаагүй юм шиг хичнээн ч жилийг үдэж угтан өнгөрөөв. Нээрээн тэгж хэлж байснаараа, хэнд ч олдохгүй хаашаагаа явчихсан юм бол доо гэж хааяа би гайхасхийн боддог юм.

Эргүүлэг захгүй хувь тавилангийн эрхийг дагаж, алагхан дэлхийн альхан бөөрөнд явдаг юм бол доо? Инээлгэж баясгаж байх цаанаасаа ерөөл тавилантай тэр хүнтэйгээ учирсан л байгаа даа. Хэрэв тэгж гэмээнэ гэрэл цацартал инээдэг нөгөө л янзаараа яваа байх. Нээрээн тэр, охин хэнз насных шигээ тэгж тас тас хийтэл инээж баясаж явж чаддаг болов уу, үгүй болов уу? Санаснаар болдоггүй, зоргоороо энэ алаг эрээн хорвоод дандаа тэгж хүсснээрээ инээж хөхөрч, эрхэлж жаргаж эс чадсан ч байсан, сайн л яваасай билээ...

...Хаврын хуйсганасан салхи гэнэт юу болов гэмээр, хуй болон дэгдэж, тэртээх хашааны үзүүрээр гогцоорон ороож ирснээ, замдаа таарсан юухан хээхнийг хаман эргэлдсээр өөдөөс минь тулж ирэв. Нүүрээ дараад эргээд харахын зуурт мөнөөх хуй тэртээ тэнд мушгиран хуйлран холдож байлаа...

До.Чулуунбаатар

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.