Мацаг бол гайхамшиг, гэхдээ битгий шунаарай

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 17:23 цагт
Мэдээний зураг,

Энэ зун хийсэн 12 хоногийн жүүстэй цэвэрлэгээний дараа юу болсон тухайгаа хуваалцахыг зорилоо.

Чадвал бүтэн сар, чадахгүй бол ядаж 15 хоног жүүстэй цэвэрлэгээгээ үргэлжлүүлэх бодолтой байсан ч нэгдүгээрт ажлын ачааллаас, хоёрдугаарт олон хоног дан жүүс, усаар явсан бие суларсан шалтгаанаар 12 хоноод зогсоосон билээ. Энэхүү цэвэрлэгээний дараа бие сэтгэлд минь гарсан гайхамшгийг мөн л хангалттай дурдсан тул дахин давтах нь илүүц биз. Харин гарсан сөрөг үр дагаварыг мацаглаж, жүүстэй цэвэрлэгээ хийж байгаа болон хийх гэж буй бусдад маань хэрэг болох болов уу гэсэн үүднээс бичих нь зүйтэй гэж үзлээ.

- Жүүстэй цэвэрлэгээ хийсэн 6 сараас хойш сарын тэмдэг үзэгдсэнгүй.

- Үс туг тугаараа унаж эхэллээ.

- Үе үе нүд бүрэлзэж, толгой эргэх нь ердийн үзэгдэл болов.

- Хоёр даралт ойртсон бололтой үе үе шилэн хүзүү, дал мөрөөр хөшиж өвдөнө.

- Ханиад хүрээд эдгэхгүй, өндөр хэмээр халуурч, хөхүүлэн ханиалгасны улмаас цээж хөндүүр байх боллоо.

- Ямар ч шалтгаангүй байнга ядарна.

- Гомдож, уурлахдаа амархан болов.

Related image

Ийм шалтгаануудын улмаас эмчид үзүүлж бүх төрлийн цусны шинжилгээ өгтөл төмрийн хурц дутагдалд орсон байжээ. Байх ёстой хэмжээ нь 40-200 хувь гэдэг бол минийх 7 хувь! Тэгээд эмчтэйгээ ярилцсаны эцэст биеийн цэвэрлэгээ хийхдээ хэт олон хоносон гэсэн дүгнэлтэнд хүрээд төмрийн бэлдмэл ууж эхлээд байна. Хажуугаар нь спирулинагаа болон бусад витаминуудаа уусаар байгаа. Дашрамд хэлэхэд Спирулина цусан дахь төмрийг сордог гэж nutritionist буюу хоол тэжээлийн мэргэжилтэн нэг найзад маань хэлсэн гэнэ. Тиймээс төмөртэй, витамин Д-тэй Спирулина авч уувал зүгээр юм байна шүү. Эсвэл Спирулинагаа уунгаа давхар төмрийн бэлдмэлээ уудаг ч юмуу.

Сарын тэмдэг маань төмрийн бэлдмэл ууж эхэлсэн тэр сардаа ирсэн. Үс өтгөрүүлдэг витамин ууж байгаа хэдий ч үр дүн нь хараахан мэдэгдээгүй л байна. Гэтэл би ганцаараа ийм асуудалтай байгаа биш юм гэдгийг олж мэдэв. Манай найз надтай адил жүүстэй цэвэрлэгээ 11 хоног хийж дуусаад, залгуулаад элгээ цэвэрлэсэн байна. Тэгээд нэг л өдөр бүх бие нь янгинан өвдөж, босч явж чадахгүй, өвчнөөсөө болоод унтаж ч чадахгүйд хүрчээ.

Үс нь туг тугаараа унасаар бараг халзрах нь уу гэж айж байгаагаа хэлэв. Эмнэлгийн бүх шинжилгээний хариу цусан дахь улаан, цагаан бөөм байхгүй болсон, мөн төмрийн хурц дутагдалд орсон гэж гарсан байна. Намайг бодох юм бол манай найз цагаан хоолтон л доо. Ердөөсөө мах иддэггүй. Мөн манай нэг нэртэй дуучин мацаг, цэвэрлэгээний дараа иймэрхүү байдалд орж, уургийн дутагдалд орсон тухай олж сонслоо. Тухайн дуучин бүсгүй өөрөө ам нээж ярихаас нааш үнэн худлыг нь бид мэдэх аргагүй юм даа. Тэгээд энэ бүхний эцэст би юу хэлэх гээд байна вэ гэвэл:

- Бүү шуна! Хамгийн боломжийн жүүстэй цэвэрлэгээ бол 3-5 хоног л юм байна.

- Долоо хоногт 24 цагийн устай мацаг бол яг сайхан таарсан зүйл юм байна.

- Өвөлдөө нэг их мацаг барих гээд ч яахав.

- Огт мах идэхээ болих дэмий юм байна. Улаан маханд төмөр ихээр агуулагддаг. Тиймээс өвөлдөө түмпэн түмпэнгээр нь биш өдөрт нэг удаа хоолондоо идэж байх.

- Харин зундаа цагаан хоолоо түлхүү, улаан махаа бага хүртвэл зохистой.

- Жүүстэй цэвэрлэгээ хийхдээ төмрийн бэлдмэл давхар хэрэглэвэл зүгээр юм байна ( миний л бодол шүү )! Гэвч үүнийг мацгийн мундаг багш нар шинжлэх ухааны үндэслэлтэйгээр зөвлөх бизээ.

Надтай адилхан ийм асуудалтай байгаа хэрнээ юу нь болохгүй байна вэ гэдгээ мэдэхгүй хүмүүс байх аваас цусны шинжилгээ өгөөд үзээрэй. Ер нь мацагтангууд маань гэлтгүй хүн бүр жилдээ нэг цусны шинжилгээ өгч, эмнэлгийн ерөнхий үзлэгт хамрагдчихаад байвал их сайн шүү. За ингээд энэ хүртэл надтай хамт байж, миний түүхийг дуустал нь уншсан хүн бүхэнд талархлаа. Та бүхэндээ эрүүл энх, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе!

Жич: Мацаг бол гайхамшиг гэдэгтэй маргах аргагүй юмаа. Зүгээр л битгий шунаарай!

Т.Цацралт

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.