Энэ долоо хоногт Энэтхэгээс 1.5 сая тун вакцин ХҮЛЭЭН АВНА

Twitter Print
2021 оны 02-р сар 02-нд 16:23 цагт
Мэдээний зураг,

Энэтхэг улс энэ сарын 3-ны өдөр Их Британийн “AstraZeneca” болон тус улсын “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield”, Энэтхэгийн Анагаахын судалгааны зөвлөл ба “Bharat Biotech” компаниудын хамтран боловсруулсан “Covaxin” гэх “COVID-19”-ийн эсрэг хоёр өөр вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон.

Үүний дараа тус улсын Ерөнхий сайд Нарендра Моди Монгол, Оман, Мьянмар, Филиппин, Бахрейн, Мальдив, Маврикий, Афганистан, Бутан, Непал, Сейшелийн арлууд болон Бангладеш зэрэг хөрш орнууддаа үнэ төлбөргүй вакцин нийлүүлэхээ мэдэгдсэн.

Тэгвэл Энэтхэгийн Засгийн газар өнгөрөгч долоо хоногт Оман улсад 100 мянган тун вакцин нийлүүлсэн бөгөөд энэ долоо хоногт Монгол, Афганистан тэргүүтэй таван улсад вакцины эхний ээлжийн тунг нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Энэтхэгийн “The Times of India” сонинд мэдээлснээр тус улсын Засгийн газар энэ долоо хоногт багтаан Монгол Улсад 1.5 сая тун, Афганистанд 5 сая тун, Никарагуад 2 сая тун, Барбадост 100 мянган тун, Доминика улсад 70 мянган тун вакциныг тус тус нийлүүлэх аж. Үүнээс гадна Египет, Алжир, АНЭУ, Кувейт зэрэг орнууд Энэтхэгээс вакцин худалдаж авах арилжааны экспортын жагсаалтад бүртгүүлсэн байна. Мөн Монгол Улсаын хувьд 1.5 сая тун тусламжийн вакцинаас гадна Энэтхэгээс 10 сая тун вакцин худалдан авах гэрээ байгуулсан талаар “The Times of India” мэдээлсэн юм.

Энэтхэгийн Засгийн газар “COVAX” хөтөлбөрийн хүрээнд дэлхийн хөгжил буурай болон хөгжиж буй орнуудад “COVID-19”-ийн эсрэг 100 сая тун вакцин нийлүүлэхээр төлөвлөсөн байна. Тэгвэл Монгол Улсад суугаа Энэтхэг улсын Элчин сайд М.П.Сингх манай улсад Их Британийн “AstraZeneca” болон Энэтхэгийн “Serum” институцийн хамтран боловсруулсан “Covishield” вакциныг нийлүүлнэ гэдгээ мэдэгдээд байв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.