Б.Нармандах: 20 насаар ах, гэр бүлтэй хүнд дурлачихаад театрт орох эрхээ хасуулж, найман жил хүлээсэн

Twitter Print
2015 оны 03-р сар 27-нд 11:25 цагт
Мэдээний зураг,

Нэр алдар горилж, одон тэмдгээрээ дулдуйдаж яваагүй тэрээр эцсийнхээ амьсгалаа татах хүртлээ жүжгийн монолог цээжилж, шинэ уран бүтээлд өөрийгөө бэлдэж байсан гэдэг. Тэнгэртээ өтөлсөн бүргэд шиг, төрийн тамгаа цээжнийхээ хөндийд онголж одсон хаан шиг АРДЫН ЖҮЖИГЧИН ЖАМСРАНЖАВ гэдэг нэрийг урлагийн цээжинд он цагийн урсгалд элэгдэж мартагдалгүйгээр сийлж үлдээсэн түүнийг дурсаж эхнэр Б.Нармандахтай нь уулзаж ярилцлаа.

-Таныг Г.Доржсамбуу агсны сүүлчийн шавь нарын нэг гэж сонссон. Эндээс яриагаа эхлэх үү?

-Бид УБИС-ийн кино драмын ангийг 1984 онд төгссөн. Бүтэн нэг жил Г.Доржсамбуу багшаараа хичээл заалгаж байсан азтай. Талийгаач  Цэвээнравдан  ах, УГЖ Чаминчулуун эгч, Г.Доржсамбуу багш зэрэг залуучууд Орост сургууль төгсч ирээд удаагүй байсан тэр үед энэ их хүний шавь гэгдэж үнэтэй үг сургаалыг нь сонсох хувь тохиосон юм. Олон сайхан эрдэмтэн багш нар тэр дундаа Г.Доржсамбуу багшийн бидэнд суулгаж шигтгэж өгсөн, зааж зааварчилж байсан уран бүтээлчийн дөрөөр бид өдийг хүртэл урлагийн тайзан дээр гологдчихолгүй, уран бүтээлээ амилуулж, амьдарч яваа уран бүтээлчид. Багшийгаа дурсаж хүндэтгэхгүй байх эрх бидэнд байхгүй. Жилийн жилд хийдэг тоглолт болгон нь сайхан болдог. Багш маань эгэл хэрнээ агуу хүн байсан болоод сайн сайхныг нь дурсах хүн маш олон байдаг. Огт уурлаж загнадаггүй хэрнээ манай ангийнхан багшаасаа сүнсээ зайлтал айдаг байж билээ. Буруу харагдчихвий гэж тэгдэг байсан байх. Манай Ц.Төмөрхуяг дурсан ярьдаг юм. Хөвгүүд л болсон хойно коридорт зодолдож ноцолдоод л байж байна. Багшийг ирэх бараанаар бүх оюутнууд хага ярагдаж зам тавьж өгдөг байсан. Хүмүүсийн хүндэтгэлийг бараг эзэнд нь мэдэгдэлгүй хүлээдэг тийм агуу хүн байсан юм даа, миний багш. Шавь нараа элдэв эсийн дугуйлан, шог гараа жүжиг шийнд тоглуулах их дургүй. “Нүүр амаараа тоглодог арзаганадаг марзаганадаг юманд тоглоод яахав. Кинонд тоглолоо гэж битгий ярь. Зургаа авахууллаа гэж яриарай. Ганц нэг дүрд зургаа авахуулчихаад өөрөө өөрсөддөө битгий дурлаад байгаарай” гэдэг байсан. Биднийг сууриа буруу тавьчихвий, эвдэрчихвий гэж болгоомжилдог байжээ гэдгийг би бүүр сүүлд ойлгосон. Ер нь бидний үед ч биш манай Жаамаагийн үеийн найруулагчид ч дургүйцдэг байсан гэдэг. Манай Жаамаа АЖ Гантөмөр ах хоёр зургаа авахуулсанаа зурагчны газар томруулж угаалгаад ханандаа зүүчихсэн байсныг Ванган гуай харчихаад загнаж байсан юм гэнэ лээ. Багш манай ангиас хойш нэг анги төгсгөсөн байх аа. Сургууль соёлоо төгсөөд удаагүй байтал зах зээлд орж, хүмүүсийн  амьдрал 360 хэм эргэсэн. Театр эзэнгүйдэж ганц уран бүтээлчид ч биш бүх л хүн идэх хоол, өмсөх хувцасны төлөө юу эсийг хийв дээ. Тэр үед театрынхаа галыг манаж цөөн тооны уран бүтээлч урлагтаа үнэнч үлдэж байлаа шүү дээ.

-Уран бүтээлчид ганзагын наймаанд гарч, хүмүүс театрын билетэнд биш картныхаа талханд оочирлож байх тэр үед та хаана ажиллаж байв?

-Тэр үед би театрт байгаагүй. Армийн драмын театраас би ажил амьдралынхаа гарааг эхэлсэн хүн. Сургуулиа төгссөнийхөө дараа Жаамаатай суух болоод ёс суртахууны доголдолтойгоороо цоллуулж , театр руу орох эрхгүй болчихсон байсан үе. Тухайн үед дуулдаг байсан учраас “Баян Монгол” чуулгад дуучнаар ажилласан. Филармонид нэг  жил дуулсан. Уг нь төгсөөд театрт хуваарилагдсан ч театрын хаалга миний өмнө хаагдсан учраас тухайн үед өөр арга надад байгаагүй. Х.Төмөрбаатар гавъяат, дуучин Баяраа, дуучин Оюунчимэг, дуучин Нандинцэцэг зэрэг алтан үеийнхэнтэй хамт ажиллаж байснаа азтайд тооцдог юм. “Айлын гэр бүл үймүүллээ” гэж бүх хүн ад шоо үзэж байсан тэр үед намайг Филармонидоо авсан Д.Ухнаа даргад би үргэлж баярлаж явдаг. Тэр үед би хаашаа ч явахад бэлэн байсан шүү. Театр руу оруулалгүй өнгөрөх ч юу ч биш, гэр бүлийн талаар асуудал гаргасан хүмүүсийг хөдөө хөөдөг байсан цаг шүү дээ. Намчирхах үзэл гаарчихсан тэр үед 20 насны зөрүүтэй Жаамаа бид хоёрын хайр маш том асуудал үүсгэж байлаа даа. Хэцүү байсан уу гэвэл үнэхээр хэцүү байсан. Гэхдээ ачааны хүндийг миний хань л үүрсэн. Би зөвхөн ширвэлтийг нь амссан. Талийгаачийн маань эхнэр дарга нар дээр орж “Арга хэмжээ авч өг” гэж хэл ам хийсний буянаар би театрт орох эрхгүй болж, манай хүн хурлаар орж, цалингаа хасуулж хайр сэтгэлийнхээ горыг амсч байлаа. Омголон залуу байж, шартай ч байж. Хорих тусам хүний сэтгэл улам гаарч дэврээд байдаг юм билээ. Хориглох тусам хайр сэтгэлийнхээ төлөө тэмцсэн. Эсэргүүцэж байсан хүмүүс бид хоёрыг улам  хурцалсан байх. Миний амьдралд нууц юм хэзээ ч байгаагүй. Хайрласан хайр нь, алдаа оноо нь бүгд ил байсан. Далдуур нууц амьдралтай, явдалтай хүмүүс бид хоёрын хайр сэтгэлийг доромжилж басамжилж байсан болохоор “Эд нар болоод байхад би яагаад болохгүй гэж, яагаад?” гээд зүтгээд байсан хүн шүү дээ.

Бид хоёрыг буруутгахын хажуугаар дэмждэг хүмүүс байгаагүй биш байсан. Одоо нэрийг нь хэлээд яахав. “Нармандах аа, миний дүү хайр сэтгэлийнхээ төлөө тууштай яваарай. Битгий шантар. Бидний давж гарч чадаагүйг заавал давж гардаг юм шүү” гэж зоригжуулдаг хүмүүсийн урманд тэр хүнд үеийг давсан даа. 1987 онд театраас Армийн театр өрх тусгаарлаж, шангаа татсан юм. УГЖ Тунгалаг эгч намайг “орооч”  гэсэн санал тавьж, Филармониос Армийн театрт орж ажиллалаа. Манай хамт олон үнэхээр хүчтэйгээр бүрэлдэж чадсан болохоор нэр хүндтэй ч байсан. Жүжигчин Золбоот, Ц.Төмөрбаатар, манай Оюунцэцэг, Равдан ах, Жагдаг эгч, Мөнхдорж найруулагч, Баатар найруулагч зэрэг чадалтай уран бүтээлчид гар нийлэн ажиллаж байлаа. Хүмүүс одоо санаж байна уу үгүй юу, “Аянгын бороо” “Худалч эхнэр” “Эцсийн шийд” зэрэг олон уран бүтээл Армийн театраас гарсан. Харамсалтай нь зах зээлийн тэр хүнд үед арми хажуудаа театр тэжээгээд  байж чадахгүй байсан учраас 1991 онд татан буугдсан юм.

-Айлын гэр бүл үймүүлсэн “хэрэгтэн”-д өндөрдөөд байсан театрын босгыг та хэзээ хэрхэн давсан хэрэг вэ?

-Армийн театр татан буугдаад бүх жүжигчид уран бүтээлчид нь драмын театр луу шилжиж ирэх тэр үед театрын босгыг алхсан. Театрын босгыг алхсантай хамт ардчиллын салхи сэвэлзэж хүмүүсийн нүдний боолт ч суларсан. Тухайн үед л эвэртэй туулай үзэж байсан шиг хачирхаж байсан бидний насны зөрүү одоо үед сонин биш болсон байна. 20 насны зөрүү биш 30 нас, 40 насны зөрүүтэй хосууд ч олон болж.

-Уучлаарай. Сайн муу хэл үг дуулж, зовлон бэрхшээл туулж байж бий болгосон та хоёрын амьдрал дэндүү богинохон байсанд та гомддог уу? Талийгаачаас үр хүүхэддээ үлдээсэн өв хөрөнгө бий юу? Хамгийн үнэтэйд тооцон хадгалж байгаа зүйл танд юу байна?

-Ханийн маань эдэлж хэрэглэж байсан бүх л юм өөрийг нь байхад ямар байсан, яг л тэр чигээрээ байгаа. Энэ бүгд бид нарт үлдсэн үнэтэй эд.  Өмсөж байсан хувцаснаас нь авахуулаад уншиж байсан ном, бүтээлийн ноорог бүгдийг нь нандигнан хадгалдаг.  Яваандаа Театрын музейд хадгалуулдаг юм бил үү гэж бодож байгаа. Үйл хэргийг нь үргэлжлүүлэх үр хүүхэд нь өсч байна. Хувцасыг нь хүү нь өмсч, үнэрлэж яваг гэж хадгалдаг. Аавынх нь хувцас хүүд нь бараг багадаж байна.  Цаг хугацаа маш хурдан өнгөрдөг юм байна. Амьдрал маань дэндүү богинохон байлаа гэж би гомдоггүй ээ. Анх суухад л талийгаач маань “Би элэг муутай. Хэзээ л бол хэзээ чамайг орхино. Нялх нялзрай хүүхэдтэй чи минь хэцүүдэх вий” гэдэг байсан.

Тэртээ тэргүй цаг хугацааны шалгуур туулж байж олдсон энэ амьдрал тун богинохон гэдгийг анхнаасаа мэдэж байсан болохоор би сэтгэл санааны маш өндөр бэлтгэлтэй байсан. Харин ч бурхан биднийг харж 16 жил хамт амьдруулсан. Хоёр хүүхдийн минь заяа түшсэн байх. Богинохон амьдралынхаа цаг хугацаа, өдөр хоногуудад бид хоёр жаргалтай байсан. Ширээгээ тойрч суугаад хооллоод босохдоо хүртэл талийгаач маань хүүхдүүддээ “Энэ манай гэр бүлийн аз жаргалын өдөр шүү, миний хүүхдүүд” гэж хэлдэг байсан юм. Магадгүй надад ч ухааруулж сануулж хэлдэг байсан байх аа. Ухаантай хүн байсан болоод намайг сэтгэл зүйн хувьд ч сайн бэлтгэж байж гэдгийг байхгүй болсон хойно нь ухаарсан. Анхандаа хэцүү л байсан. Яахав, цаг хугацаа өнгөрч, дасаж байна. Бид хоёр чинь найман жилийн шалгуур давж, хоёр талд шаналж байж нэг гэртээ орж амьдралаа эхэлсэн хоёр юм шүү дээ. Тэр шалгуурыг давж гарч чадсан учраас Жаамаа маань надтай ханилсан байх гэж би боддог юм.

-Анх гэр бүл болж байсан үеэ дурсаж болох уу?  Хэрхэн айл болж байв. Удаан хүлээж шүү дээ?

-Найман жил хүлээж байж суусан гэхээр хүлээсэн гэж юугаа яриад байгаа юм бэ чи, айлын гэр бүл салгачихаад гэж зэмлэх хүн байдаг юм. Миний алдаа оноо ил байсан. Тэр хүнийг яагаад хайрлах болсон юм, юунд нь дурласан юм гэдгээ би одоо ч мэддэггүй. Өөрөөсөө 20 насаар ах хүнд дурлачихсан 20 настай охин юугаа мэдэхэв дээ. Тэр хүнтэй сууна гэж би бодож байгаагүй. Яалт ч үгүй тэр хүнд миний сэтгэлийг татах хүч байсан. Над дээр ирсэнийг бодоход надад тэр хүнийг татах ямар нэг юм байж. Тэр найман жилийн хугацаанд намайг сууя амьдарья гэдэг залуучууд байсан ч би Жаамаагаа л хүлээсэн юм даа. Чемоданаа бариад аавынд хүрээд ирсэн өдрөөс л бидний сэтгэл, хамтын амьдрал шулуудсан юм. Хамгийн бага хүүгээ Дүрслэх урлагийн сургуульд оруулж өгөөд “За аавдаа гомдох хэрэггүй шүү, миний хүүхдүүд. Би та нарыг бүгдийг нь сургууль соёлын мөр бараадуулж эрийн цээнд хүргэж өглөө. Ээжийгээ сайн харж асарч байгаарай” гэж хэлээд гэрээсээ гараад ирсэн гэдэг юм.

Аавынд хэдэн сар амьдраад бид хоёр 3-р хороололд тусдаа гарсан. УГЖ Сэлэнгээ эгчийгээ би үргэлж сайхнаар дурсдаг. Анхны минь амьдрал зүг чигээ олоход энэ хүний тус их. Сэлэнгээ эгчийн 3 өрөө байрны нэг өрөөнд Л.Жамсранжав гэдэг айлын голомт шинээр уугисан түүхтэй. Тэр хүнд хэцүү үед бид хоёрт байраа хөлслүүлж, элдэв үг хэлэнд орохоос ч айгаагүй хүн. Дараа нь бид хоёр талийгаачийн хуучин байранд нүүж очсон. Яамнаас өгсөн шинэ байраа эхнэр хүүхдүүддээ өгөөд хуучин байрандаа төвхнөж байлаа. Найз нөхдийнхөө хүрээнд бяцхан цайллага хийж, гэрлэлтээ батлуулж байсан тэр цаг үе өчигдөрхөн юм шиг л санагдаж байна. Бидний амьдрал хэрхэн өрнөсөн, үргэлжилсэн, хүү минь хэрхэн төрсөн, охиноо яаж хөлд орсон, намайг төрөхөд хэдний өдөр эргэж очиж байснаа хүртэл бичиж үлдээсэн дэвтэр нь бидэнд үлдэж өнгөрсөн бүхнийг минь сануулан ширээн дээр минь байнга байж байдаг. Ханийнхаа бичиж үлдээсэн дурсгалыг уншиж, уйлж сэтгэлээ онгойлгох өдөр надад олон байдаг. Тэр дэвтэрт “Намайг ирлэж хурцалж сэтгэлийн дэм өгч амьдарсан ханьдаа талархаж явдаг” гэсэн утгатай ганцхан мөр бий. Энэ ганц өгүүлбэрт бидний 16 жилийн амьдрал тэр чигээрээ багтсан.

-Та хуримынхаа бөгжийг одоо хүртэл зүүдэг юм уу?

-Намайг айлын эхнэр, хүний хань, хүүхдийн ээж болгосон энэ дурсгалыг би гараасаа салгах дургүй байдаг юм. Өлсч байж идсэн хоол амттай байдаг шиг 8 жилийн дараа олдсон амьдралын минь үнэ цэнийн дурсгал болж үлдсэн эд. Нэг их баяртай хүрч ирээд “Найз нь одоо чамайг жинхэнэ нөхөртэй эмэгтэй гэдгийг чинь батлаж  байна” гээд зүүж өгсөн бөгж нь юм. Хайр гэдэг ямар ч хилийг нэвтэлж чаддаг, насны зөрүүг арилгаж чаддагаараа гайхамшигтай. Биднийг муу хэлэх хүмүүсээс биш бид хоёр өөрөө өөрсдөөсөө айдаг байсан. Сэтгэлээ барьж дийлэх болов уу үгүй болов уу гэж. Нармандах эд хөрөнгө, нэр алдар сонирхсон уу гэвэл үгүй. Манай хүн мөнгөтэй баян хүн байгаагүй. Нэр алдар цол гуншин сонирхлоо гэвэл би гавъяатын тулга тойрч хүн болсон хүн. “Хүний хэлэх яамай даа, хүүгийнхээ аясыг дагана даа” гэсэн дуу байдаг шүү дээ. Сэтгэлийнхээ аясыг дагаж амьдарч чадсандаа би бардам байдаг. Аав минь ч яахав эрэгтэй хүн охиныхоо амьдралд тэр бүр оролцоод байдаггүй бодь хүн. Ээж минь л их дургүйцэж байсан юм. Охиноо зовох вий гэж айж байсан байх аа. Нэг нэг чемодантай нийлж байсан бидний амьдрал аз жаргалаар  дүүрэн байсан. Хүний амьдралд байдаг жаргал зовлон бидний амьдралыг тойроогүй. Уйлж дуулж, унаж боссон амьдралдаа би хайртай.

-Хэдий тийм боловч үлдсэн нь амьдралаа боддог нь жам. Гэр бүлийнхэн, найз нөхөд чинь гэр бүлтэй болооч гэж ятгаж байгаа байх тийм үү?

-Хэлж байна аа. Гэхдээ Жаамаатайгаа амьдарсан богинохон амьдралд би бүх сайхан юмыг үзчихсэн юм шиг санагддаг. Амьдралаас илүү сайхан юм хүсэх орон зай миний сэтгэлд алга байна. Цаашид би болох эсэхийг хэлж мэдэхгүй байна. “Хүнтэй суу, амьдралаа бод” гэж хэлж байгаа найз нөхдийнхөө үгийг миний төлөө хэлж байна гэж хүлээж авдаг. Насны хувьд би их залуу хүн биш болчихоод байна шүү дээ. Амьдралын хувьд “Чи залуу байна” гэж хэлээд байгаа нь үнэн байх. Яг одоо би дахин амьдрал зохионо, зохиохгүй гээд байх юм алга. Магадгүй цайны ханьтай болохыг ч таах аргагүй. Ханийн минь өмсөж байсан хувцас нь хүртэл өлгөөтэй байдаг болохоор ажилдаа явчихсан юм шиг л ойрхон санагддаг. Миний сэтгэлд өөр хүн багтаах орон зай л лав одоогоор алга. Жаамаа маань “Надаас хойш чи хүнтэй суухгүй ээ, ганцаараа яваад байх хүн. Яана даа” гэж  хэлж байсан үг нь орой руу орж ирж л байна.Олон жил амьдарчихсан болохоор мэдэж л байж.

-Талийгаачийн хүүхдүүдтэй та хоёр хүүхдээ хэр ойр өсгөж байна?

-Нэг их ойр дотно бишээ. Мэдээж нэг эцгээс тасарсан үр удам нь юм чинь хүссэн хүсээгүй холбогдох л учиртай.  Хүний л ухаан мэднэ шүү дээ. Талийгаачийн маань сэтгэлд зовлон байсан гэвэл үр хүүхдүүд минь нэг нэгнээ гэхгүй хол хөндий амьдрах вий гэсэн шаналал л байсан байж магадгүй. Хоёр хүүхэдтэйгээ шагай тоглож морь уралдуулсан ч, бөх барилдаж цол дуудсан ч   “Батбаяр ах нь энэ, Оюундарь эгч нь энэ, Оюунаа эгч нь энэ. Та хоёр хоёр эгч гурван ахтай хүмүүс шүү” гэж тоглоомтой нь уялдуулан хэлж ярьж өгдөг байсан нь эцэг хүний ухаанаар нялх хүүхдүүддээ ах эгчтэй, нэг үндэстэй хүмүүс шүү гэдгийг нь ойлгуулж өгдөг байжээ гэдгийг би тухайн үед ухаараагүй, анзаараагүй сүүлд л ухаарсан.

-Бие нь тааруухан байхад хандив мөнгө цуглуулаад ч болов гадагшаа эмчилгээ хөөцөлдөж болоогүй юм байх даа гэж бодогддог юм. Та хоёр эмчилгээ хөөцөлдөж яам тамгын газарт хандаж үзсэн үү?

-Алдсан хүн арван тамтай гэдэг болохоор хагалгаанд ороогүй бол ядаж ганц жил, ганц сар, ганц өдөр ч болов амьд байх байсан болов уу гэж бодогддог юм. Өөрөө анагаахын сургууль төгссөн хүн. Хагалгаанд орохгүй бол болохгүй эдгэчихнэ гэсэн итгэлтэй зоригтой байсан болохоор би ч гэсэн итгэж байсан. Бид хоёр гадагшаа эмчилгээнд явахаар ЭМ-ийн сайд Т.Гандид хандсан боловч харамсалтай нь бид хоёрыг хүлээж авч уулзаагүй. Ажил ихтэй байдаг болоод зав нь болоогүй юм байлгүй дээ. Дүүргийхээ удирдлагуудад хандаж тэд болно бүтнэ, дэмжинэ туслана гэж байсан ч цаг хугацаанд  хавчигдаад олигтой хөөцөлдөж чадалгүй хагалгаанд орсон. Хагалгаагаа дийлэхгүй гэж даанч зүүдлээгүй болохоор ханийнхаа амь насыг эмч нарт даатгаад буцааж авч чадаагүй. Үхэл амьдралын зааг дээр байхад яам тамгын газраас нь ч гар сунгадаггүй энэ нийгэмд хичнээн ардын жүжигчин байгаад, гавъяатай байгаад яах юм. Хорвоо хуурамчтай адилхан хүмүүс ч гэсэн хуурамч, төрийн гавъяа шагнал үнэгүй гэдгийг тэгэхэд л яс махандаа шингэтэл ухаарсан даа.

-Та сайхан дуулдаг.Нөхөр тань таны аль дууг сонсох дуртай байсан бэ?

-Бүх л дууг минь сонсох дуртай байсан даа. Би 12 дуутай CD гаргасан. СD-гээ гаргасны дараа манай хүн миний  хүүхэд байхдаа дуулж байсан бичлэгийг олоод ирчихсэн байж билээ.

Ярилцсанд баярлалаа

Эх сурвалж: Т.Учрал, shudarga.mn

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • зайлаа

      (122.201.24.143) 2016-12-21 00:23
      • 0
      • 0

      Тэнэг авгай үйлийнхээ үрийг үзэж байгаа нь энэ

      Хариулах

    • Наран

      (172.78.183.196) 2016-07-12 08:31
      • 0
      • 0

      Арай л амиа бодсон ухаан муутай тэнэг л хун юм даа. Таны хайр сэтгэл зугаа цэнгэлийн дэргэд тэр бухэл бутэн гал голомт хуухдууд насаараа ханилсан хань тэдний Амьдрал ирээдуй юу ч биш байсан гэж уу. Тэгээд ч энэ асуудал таны бахархаад байхаар амьдрал биш байна гэж хэлэх байна. Унэхээр л тийм хайртай байсан юм бол тур зуурын янаг амрагийн амьдралд ухаанаа алдсан тэнэг тэр эрийг ухааруулж амьдралд нь хайртай хуухдуудэд нь хайртай ханьд нь улдээж,тэгээд одоо туугээрээ оноодор бахархан ярьж суусан бол би таниар маш их бахархах байлаа. Одоо тэгэхээр хуухдууддээ айл гэрийн гал голомт хэзээ ч бусниулж болохгуй гэдгийг хатуу захиарай. Эрхэм бусгуйчууд залуучууд Минь хань ижил ур хуухдээ ончруулэхгуй ухаантай амьдарцгаая. . Монголын маань гал голомт айл гэр бухэн нь элэг бутэн Аз жаргалаар дуурэн байг.

      Хариулах

    • Neg emegtei

      (182.160.41.208) 2015-01-09 18:33
      • 0
      • 2

      Saihan hairtai uchirch,saihan amidarsan emegtei.Odoo henees yunaas ichih yum.Narmandah shig amidarch chadaagui,Narmandah shig hairlaj durlaj chadaagui bol tuund bitgii ataarh.Odoo ch saihan busgui,az jargal husiy.Uhaantai hun Demii toodoggui yum shuudee.

      Хариулах

    • баажий

      (182.160.4.225) 2015-01-09 16:47
      • 0
      • 1

      үнэхээр гайхалтай эмэгтэй.амжилт хүсьее.

      Хариулах

    • Тэнэг авгай

      (209.58.128.135) 2015-01-09 14:11
      • 1
      • 0

      Ичмээр авгай юмаа. Хэн ухаанаа алдатлаа дурлаж, хайрлаж чадна. Гэхдээ бид адгуус биш усраас бусдын гэр бүл, аз жаргалыг хайрлаж хүндэтгэх сэтгэл, адилхан бүсгүй хүнийг нулимс зовлонд живүүлэхийг үл хүсэх сэтгэл, хөөрхөн хүүхдүүдийг нь өнчрүүлэхээс болгоомжилж сэтгэлээ хазаарлаж чаддаг юм.

      Хариулах

    • Тэнэг авгай

      (209.58.128.135) 2015-01-09 14:11
      • 1
      • 0

      Ичмээр авгай юмаа. Хэн ухаанаа алдатлаа дурлаж, хайрлаж чадна. Гэхдээ бид адгуус биш усраас бусдын гэр бүл, аз жаргалыг хайрлаж хүндэтгэх сэтгэл, адилхан бүсгүй хүнийг нулимс зовлонд живүүлэхийг үл хүсэх сэтгэл, хөөрхөн хүүхдүүдийг нь өнчрүүлэхээс болгоомжилж сэтгэлээ хазаарлаж чаддаг юм.

      Хариулах

    • хайр агуу

      (202.72.247.249) 2015-01-09 13:27
      • 0
      • 2

      хайрлаж, дурлаж, амьдарч чадаж байвал хөгшин байна уу, залуу байна уу хэнд хамаатай юм бэ. Нармандах эгчээ ажлын амжилт хүсье. Хайр бол сайхан, хайрлах хүнтэй байна гэдэг бүрч сайхан

      Хариулах

    • хараа

      (202.179.20.77) 2015-01-09 10:55
      • 1
      • 1

      энэ хүний амьдрал хэнд сонин гэж хөгшин хүнтэй сууж байсан нь гавья юм уу. ой гутав

      Хариулах