Ж.Нурлан: Төр засаг спортыг ялгаварлаад хоёр хуваачихсан

Twitter Print
2015 оны 01-р сар 13-нд 13:49 цагт
Мэдээний зураг,

“Хүнд хэцүү гээд энэ спортоос хөндийрч шантраагүй, харин ч өөрийн сонирхлоор энэ спортод дурлаж билээ” гэж ярих түүний харцнаас гагцхүү чинхүү сэтгэл зүтгэлээ хандуулж чадвал амжилт дагаад ирдэг юм гэдгийг биеэрээ туулж яваа эгэл даруу эрхэм бол Дэлхийн аварга Ж.Нурлан. 1990 оны эхээр Монгол даяар хагас өлсгөлөнд нэрвэгдэж, картын бараанд дугаарлаж, нэг хүн сард гурван кг гурилны нормтой, өдөрт идэх талх нь хэмжээтэй, үмх мах нь ч бас картаар олддог байсан зэврүүн нийгэмд  ч энэ спортоо орхилгүй даван туулсан. 

Олон жилийн нөр их хөдөлмөр, хичээл зүтгэлээрээ өнгөрсөн оны сүүлчээр Энэтхэгийн Мумбай хотод болсон Бодибилдинг, фитнессийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс Монгол Улсаас анх удаа бодибилдингийн дэлхийн аварга болсон түүний амжилтаар Монголын ард түмэн үнэнхүү бахархаж байгаа. Ази тивийн аварга шалгаруулах тэмцээний хошой хүрэл медальт, улсын найман удаагийн аварга, мистер Ж.Нурланы хувьд 1991 оноос хойш тасралтгүй 24 жил энэ спортоор дагнан хичээллэсний үр дүнд ийнхүү Монгол улсаас анхны Бодибилдингийн Дэлхийн аварга төрсөн нь энэ.  

Дэлхийн аварга Ж.Нурлантай бэлтгэлээ хийж байх үед нь уулзаж, бодибилдинг, фитнессийн тухай, Монголд хэрхэн хөгжиж байгаа талаар ярилцлаа. 

-Та 1991 оноос хойш бодибилдинг, фитнесийн спортоор хичээллэж ирсэн. Тухайн үед энэ спорт Монголд дөнгөж хөгжиж эхэлж байсан уу?

-1991 онд бодибилдинг, фитнесийн клуб маш ховор байлаа. Гарын хуруу дарам, ердөө л “Хар ирвис”, “Тайхар”, “Цагаан арслан”, “Гарьд” зэрэг анхдагч клубууд байсан. 1990 онд Бодибилдингийн клуб анх байгуулагдаж, 1991 онд бид анхны улсын аваргын тэмцээнээ зохион байгуулж байлаа. Тухайн үед энэ спортын талаар хүмүүс төдийлөн сайн мэддэггүй. Миний хувьд бодибилдинг, фитнессийн спортын ном, сэтгүүл цуглуулж энэ спортыг их сонирхоно. Тэр үед би 17 настай байлаа. Бодибилдингийн спорт тухайн үед Монголд дөнгөж эхлэлээ тавьж байсан үе. Дараа нь Амгалангийн төв засварын газрын уурын зуухыг тохижуулж бэлтгэлийн заалтай болсон. Ингэж л Монгол улс бодибилдинг, фитнессийн спортод анх хөл тавьж өдгөө хүрчээ.

-Энэ спортоор хичээллэхэд тамирчдын хоол, нэмэлт тэжээл, амин дэмгүйгээр бэлтгэл сургуулалтаа хийнэ гэдэг бэрх. Картны барааны үед энэ бүхнийг давж, хүнд хэцүү үеийг туулж иржээ?

-Тэр үед нэмэлт тэжээл гэж огт байгаагүй. Өглөөдөө боов, боорцогоо идээд, оройдоо гурилтай шөл л хийж иддэг байсан. Тэр ч бүү хэл нэмэлт тэжээл байтугай хоол хүнс маш хомс, нэмэлт тэжээл гэж юу байдаг талаар ч мэддэггүй байлаа. Сүүний үйлдвэрээс Казим авч найруулж уудаг. Түүнийгээ л уураг гэж бодоод ууна. Тэр үеийн нийгэм бүхэлдээ хүнд хэцүү. Харин одоо бол бүх зүйл элбэг дэлбэг, хаанаас ч нэмэлт тэжээл, уургаа авч болж байгаа нь сайхан байна.

-Тамирчид сарын хүнсний хэрэглээндээ 3 сая төгрөг зарцуулдаг гэж дууллаа?

-Уурагны төрлийн бэлдмэлүүд манайд үнэтэй. Дан ганцхан уураг аваад уухгүй. Дотроо маш олон төрөл байдаг учраас ганц савтай уураг гэхэд л  100-200 мянган төгрөгийн ханштай байдаг. Энэ бол хамгийн наад захын хэрэглээ. Бидний дэглэмтэй хоол нь хамгийн их уурагтай тэжээллэг чанартай байдаг тул үнийн хувьд жирийн хүнийхээс зардлын хувьд хавьгүй илүү тусдаг. Зарим үед 2-3 сая төгрөгөөр тогтохгүй зарлагдана даа. Магадгүй анх энэ спортод хөл тавьж байгаа хүнд аль, аль нь хүнд тусдаг байх. Бодибилдингийн тамирчин хүний зарчимд хооллолт 80 хувь, бэлтгэлжилт 20 хувь байдаг.

-Магадгүй хэрэгцээгээ хангаж чадахгүйгээс болж бодибилдингийн тамирчдын тоо цөөхөн тоонд эргэлддэг үү?

-Ер нь бол тийм шүү. Анзаараад байхад сүүлийн үеийн залуучууд ганц хоёр тэмцээнд ороод шантраад болих асуудал гардаг. Энэ нь санхүүтэй шууд холбоотой. Өөртөө их хөрөнгө мөнгө зарцуулаад ямар ч амжилт гаргахгүй бол бас л хэцүү шүү дээ. Тийм болохоор дундаас нь болих гэдэг асуудал гардаг байх. Нөгөө талаас энэ спорт их тэсвэр тэвчээр шаарддаг. Тухайлбал, тэмцээний бэлтгэлд гарахад маш их зүйлийг хориглодог. Хоол унднаас эхлээд өөх тосгүй, амт муутай, давсгүй сахаргүй хоол иднэ гэдэг жирийн хүнд бол бэрх. Бусад хүмүүс шиг дуртайгаа аваад идэж болохгүй гэх мэт шалтгаанаас болж шантарч байж магадгүй юм.

-Бодибилдинг, фитнессээр хичээллээд 24 жилийг ардаа үджээ. Энэ хугацаанд шантарч, эргэж буцах үе гарч байв уу?

-Би 1990-ээд оны сүүлээр энэ спортод үнэн сэтгэлээсээ дурлаж, хичээллэж эхэлсэн. Дундаа гурав дөрвөн удаа завсарлаад эргээд л бэлтгэлдээ орсон. Энэ спортдоо хоргодоод байн, байн эргээд байсан гэх үү дээ. /инээв/

-Бидний ярилцлага шинэ он гараад удаагүй мөчид үргэлжилж байна. Өнгөрсөн он таны амьдралын онцгой нэгэн жил болсон байх. Одоо шинэ оны эхлэлийг ямар зорилго тавин угтаж байна даа?

-Өнгөрсөн он миний хувьд амжилттай сайхан жил болж өнгөрлөө. Азийн аваргаас хошой хүрэл, Энэтхэгийн Мумбай хотод болсон ДАШТ-нээс алт, хүрэл медаль хүртлээ. Энэ жилийн хувьд амжилтаа улам бататгаж, өшөө илүү амжилт үзүүлэх бодолтой бэлтгэл сургуулилтаа базаагаад байна. Урдаа зорилго тавьж, түүнийхээ төлөө зүтгэх шиг сайхан мэдрэмж байхгүй болов уу. Одоо эргээд бодоход зүтгэл, итгэлийнхээ төлөө хүч хөдөлмөр, цаг хугацаа зориулсандаа баярладаг. 

-Дэлхийн аваргаас мөнгөн медаль хүртсэн Б.Хүсэлтүвшинг таны шавь гэсэн. Багш, шавь хоёр хамтдаа тэмцээнд оролцоод медаль авна гэдэг үнэхээр бахархам юм? 

-Их сайхан мэдрэмж төрдөг юм билээ. Анх манай найз Б.Хүсэлтүвшинг дагуулж ирээд хажуудаа бэлтгээд аваад яваач гэснээр бид хоёр хамтарч бэлтгэл хийж эхэлсэн дээ. Б.Хүсэлтүвшингийн хувьд дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд амжилттай оролцож, маш богино хугацаанд өөрийгөө харуулж чадсан. Мөн Ази тивийн аварга шалгаруулах тэмцээнд бид хамт оролцож Б.Хүсэлтүвшин фитнесс ангилалд мөнгөн медаль хүртсэн. Бид хоёр тэмцээний эхний өдөр шалгаруулалтад хамт оролцож таарсан л даа. Би эхлээд гарсан. Миний дараа Б.Хүсэлтүвшингийн шалгаруулалт эхэлсэн. Монголынхоо төрийн дууллыг харийн орны индэрт эгшиглүүлнэ гэдэг үнэхээр бахархаж, омогших сэтгэл өөрийн эрхгүй төрж байсан. 

-Бодибилдэнгээс өөр Пауэрлифтийн улсын аварга шалгаруулах тэмцээнээс медаль хүртэж байсан. Тэр үеэ дурсаач?

-Пауэрлифтингийн дасгал нь бодибилдингтэй адилхан. Би 2005, 2006 онд болсон Пауэрлифтингийн улсын аварга шалгаруулах тэмцээнд түрүүлж хошой аварга болж байсан.

-Анх ямар тэмцээнд оролцож, хэр зэрэг амжилт үзүүлж байв?

-2001 онд анх хөдөө орон нутагт “Ирээдүйн Мистер” тэмцээнийг Төв аймгийн Зуун мод хотод зохион байгуулсан. Тэндээс хамгийн анхны мөнгөн медалиа энгэртээ зүүж байв. Харин тэр жилийнхээ УАШТ-нд оролцож, мөнгөн медаль авч анхны гараагаа эхлүүлж байсан.

-Таны хувьд дэлхийн томчуудаас хэнийг нь илүү хүндэтгэж, харин манай тамирчдаас хэн нь ирээдүйтэй гэж боддог вэ?

-Дэлхийн томчууд гэхээр манайхан Арнольд Шварценеггерийг хүндэлж шүтдэг гэдэг. Миний хувьд ДАШТ-нд 10 дахь удаагаа түрүүлсэн Малайзийн тамирчин 42 настай Сазали Самад гэдэг мундаг хүнийг хүндэлдэг. Харин манай улсын тамирчдын тухайд бүгд л ирээдүйтэй. Аль нэгийг нь онцолж хэлэх нь өрөөсгөл болов уу. Одоо манай тамирчид сайжирч байгаа. Цаашид өчнөөн амжилт үзүүлэх хэмжээнд бэлтгэгдэж байна.

-Энэ спортын ашиг тусыг ганц өгүүлбэрээр хэлнэ үү?

-Зөвхөн биеэ хөгжүүлээд зогсохгүйгээр эрүүл мэндээ анхаарах, хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх гээд олон давуу талууд энэ спортод бий.

-Төр засгаас ямар нэгэн дэмжлэг үзүүлдэг үү?

-Одоогоор дэмжсэн зүйл алга. Харин дэмжих нь битгий хэл эсрэгээрээ төр засаг маань спортыг ялгаврлаад хоёр хуваачихсан. Олимпийн, олимпийн бус гэж. Би үүнийг үнэхээр гайхаж байна. Спорт л бол спорт. Заавал олимпийн, олимпийн бус гэх албагүй.

-Дэлхийн аварга болоод эх орондоо ирэхэд Төр, засгаас хөдөлмөрийг тань үнэлж, Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан. Зарим хүмүүс гавьяатад тодорхойлоод авч чадсангүй гэж их харамсч байна лээ?

-Би шинэ оны өмнөхөн 12 дугаар сарын 24-нд Төрийн хүндэт шагнал болох Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнуулсан. Гавьяатын хувьд нэрээ тодорхойлж явуулсан зүйл байхгүй шүү. Хүмүүс л тэгж бодоод байх шиг байна. 

-Уралдаан тэмцээнд оролцох замын зардлаа хувиасаа гаргадаг хэрэг үү?

-Ер нь бол хувиасаа гаргана. Зарим тамирчдын тухайд дэмжих байгууллага, хувь хүний нөлөө байдаг талтай. 

-Тамирчин хүний нэг өдөр хэрхэн өнгөрдөг бол?

-Бодибилдинг фитнессээр хичээллэдэг хүний хувьд цаг зав бага. Яагаад гэвэл цагийн хоолтой, өглөө оройдоо дөрвөн цагийн бэлтгэл хийгээд ирэхээр арын ажил амждаггүй. Ер нь бол бэлтгэл сургуулилтаа хийгээд ядарсан л хүн гэртээ харина даа.

-Амжилттай яваа тамирчин хүний ар талд сайн эзэгтэй байдаг. Ёстой л эр нөхрийнхөө дээлийн захыг мушгиад, догдолж суудаг байх даа?

-Мэдээж, тамирчин хүний ар талыг хариуцна гэдэг маш том үүрэг байх. Миний ханийг н.Ундрах гэдэг. Бид хоёр сайхан хүүтэй. Том хүүг маань Н.Амарсанаа гэдэг. Хоёрдугаар ангийн сурагч. Бага хүү Н.Тэмүүжин цэцэрлэгт. Өөрийн тань хэлснээр амжилт гаргахаар зүтгэж явахад ар талын бүхий л ажлыг яах аргагүй эхнэр маань зохицуулдаг. 

-Та үр хүүхэддээ хэр цаг зав гаргадаг сайн аав бэ?

-Завтай амьдралыг би хүлээн зөвшөөрдөггүй. Сайхан сургуультай, дээд боловсролтой залуучууд чөлөөт цагаа өнгөрүүлэх газар байхгүй гудамжинд “лааз өшиглөх” нь харамсал төрүүлдэг. Наад зах нь ядаж өөртөө цаг гаргаж бэлтгэл хийж чадахгүй байна. Би өөрийгөө сайн эцэг гэж хэлэхгүй ч зав чөлөөтэй үедээ аль болох гэр бүл, найз нөхөдтэйгөө өдрийг өнгөрүүлэхийг боддог.

-Бодибилдинг, фитнессээр хичээллэхэд насны хязгаар бий юу?

-Насны хязгаар байхгүй. Харин ч 30, 40 гарсан хойноо энэ спортоор хичээллээд 60 насандаа 40-тэй юм шиг харагддаг хүмүүс бий шүү. Ид өсөлтийнхөө үед энэ спортоор идэвхтэй, шантралгүй хичээллэж чадвал бие жигд хөгждөг. Бодибилдингийн спортоор эрэгтэй, эмэгтэй гэлтгүй өсвөр наснаасаа хичээллэвэл илүү үр дүнтэй. Учир нь энэ бол их хүнд, тэвчээр шаардсан спорт шүү дээ. Залуугаасаа дасаад явчихвал дээр.

-Бодибилдинг фитнесс спортын хүнд төрлийн нэг гэдэг. Энэ тал дээр та ямар бодолтой байна?

-Хүн бүр эрүүл байя гэж ярьдаг хэрнээ энэ спортыг ойлгодоггүй. Бодибилдингийн спорт надад хэцүү санагдаагүй. Гэхдээ хүнд, хэцүү биш гэж хэлж болохгүй л дээ. Ямар ч спортоор хичээллэхэд маш их тэсвэр тэвчээр шаардагдана. Хөлс их урсгахаар амжилт аяндаа ирдэг.

-Олон жилийн туршид спортыг эрхэмлэж ирсэн хүний хувьд одоо хичнээн тэмцээнд хүч үзэх бодол байна?

-Бодибилдинг бол өөрөө урлаг, тайзны спорт болохоор би сонирхож, бүх зүйлээ түүнд зориулсан. Тийм болохоор ямар ч байсан гурав, дөрвөн жил уралдаан тэмцээнд оролцоод явах бодол байна. Нас бол тоо учир хүч тэнхээтэй бол яваад байна даа.

-Танд маш их баярлалаа. Таны ажил, амьдралд их амжилтыг хүсье.

-Баярлалаа. Танай сайтын эрхэм уншигчдад болон хамт олонд ажлын өндөр амжилт хүсье. 

Сэтгүүлч Г.Ганчимэг

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.