С.Эрдэнэ: Би АН-ын дарга хэвээр байгаа, өнөөдрөөс эхлэн АН хуучин төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна

Twitter Print
2020 оны 12-р сар 28-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

АН-ын гишүүн С.Эрдэнэ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. 

 

Тэрбээр “Ардчилсан намын Үндсэн дүрмийн дагуу шинэ дарга сонгогдох хүртэл хугацаанд таван дэд даргынхаа нэгэнд түр эрх шилжүүлэн ажиллаж байсан. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд удаа дараа шаардлага сануулга өгч ажиллаж байсан боловч түр үүрэг хүлээсэн хүн маань дүрмийн бус алхмуудыг удаа дараа хийсэн. 

Ингээд хамгийн сүүлд АН-ын Их хурлыг дүрмийн бус байдлаар, эрх бүхий биш этгээд зарлаж хүчин төгөлдөр бус Их хурлыг хийсэн. Үүнийг эсэргүүцэн АН-ын тамгын буцааж авах шаардлагыг тавьсан. Гэвч энэ шаардлагыг биелүүлээгүй учир эрх бүхий төрийн байгууллагад хандсан. 

Улсын бүртгэлтийн ерөнхий газраас холбогдох шалгалтуудыг хийгээд дүгнэлт гаргасан. АН-ын тамгыг хуль ёсны дарга С.Эрдэнэд шилжүүлэх нь зүйтэй гэдэг шийдвэр гарсан. Түр эрх эдэлж байсан нөхөрт байсан тамгыг хүчингүй болгож, шинээр АН-ын тамгыг хийлгэх эрхийг надад олгосон. Энэ эрхийн дагуу холбогдох газраар шинэ тамга хийлгэснээр АН-ын хүчин төгөлдөр үйл ажиллагаа эхэлж байна. Өнөөдрөөс эхлээд АН төв байрандаа үйл ажиллагаагаа явуулна. Мөн шинэ тамга тэмдэг, эрх бүхий албан тушаалтнууд Үндсэн дүрмийнхээ дагуу ажилдаа орж байгааг албан ёсоор мэдэгдье. 

Үндсэн дүрмээр Үндсэн дүрмийн хороо, Дотоод сонгуулийн хороо гэдэг эрх бүхий хоёр байгууллага байгаа. Энэ хоёр байгууллага маань ажлаа хэвийн үргэлжлүүлнэ. Намын удирдлагын түвшинд Хэрэг эрхлэх газрын шинээр зохион байгуулж, даргаар нь н.Цэрэнбатыг томилсон. 

АН өнөөдрөөс эхлэн улс төрийн сөрөг хүчний идэвхтэй байр сууринд шилжин ажиллах болно. Мөн дараагийн Их хурлыг хуралдуулах, шинэ даргыг сонгох сунгааг зохион байгуулах санал боловсруулах ажлын хэсгийг гаргаж байгаа. 

УИХ-ын сонгууль явагдсанаас хойш 30 хоногийн дотор Үндсэн бодлогын хороо, 90 хоногийн дотор Их хурал хуралдах ёстой байсан. Энэ хугацаанууд бүгд хойшилсон. Дотоод үл ойлголцол, жижиг маргаан, зарим нэг этгээдийн дүрмийн бус үйл ажиллагаанаас шалтгаалаас АН-ыг хоёр хуваагдсан мэтээр ойлгож болохгүй. 

Би дүрмийн дагуу ажилласан. Сонгуулийн дараа Үндсэн дүрмийн хорооны хуралдаан болон намын Их хурлын товлоод дэд даргад эрхээ шилжүүлсэн. Харамсалтай нь дүрэм зөрчигдөөд хагас жил боллоо. Би АН-ын дарга хэвээр байгаа учраас үүрэг хариуцлагаа хүлээгээд ажлаа үргэлжлүүлж байна. Би зургаан сарын хугацаанд АН-ын ажилд оролцоогүй, тэвчээртэй, хүлээцтэй хүлээсэн, харсан. Олон телевизийн өр төлбөрийн асуудлыг дэд даргад үлдээсэн. Тэр нөхөр төлсөн гэж бодож байна. Хэвлэл мэдээллийн байгууллагуудын сурталчилгааны төлбөрийг, төлөх этгээдүүдтэй нь үлдээгээд явсан” гэлээ. 

-Намын дүрэм зөрчигдөөд байхад та яагаад зургаан сарын турш чимээгүй байсан юм бэ. Мөн Ц.Туваан даргад намын даргын эрхээ шилжүүлэхдээ дансандаа хэдэн төгрөгтэй үлдээсэн бэ? 

-Би удаа дараа сануулж хэлж байсан. Биечилж, утсаар харилцаж дүрэм зөрчигдөж байгааг сануулсан. Гэвч хүлээж аваагүй учраас эрх бүхий байгууллагад хандахаас өөр гарц үлдээгүй. Энэ хугацаанд ҮАГ-т сонгуулийн үед зарцуулсан орлого, зарлагын тайлангаа өгчихсөн байгаа. ҮАГ манай тайланг хүлээж аваад, зөрчилгүй гэдэг дүгнэлт гарсан. 

Харлуулж, гүтгэх гэсэн асуудал өнөөдөр хэвийн болсон. Үнэхээр хууль зөрчсөн үйлдэл байдал нотлох баримттай гаргаж ирэх хэрэгтэй. Хоёрдугаарт, АН-ыг байргүй болгосон хүн нь намайг гээд байгаа. Намайг ажил авахад АН ямар ч байргүй болсон байсан. Хоёр байр байсан нь хоюулаа зарагдсан. Тиймээс арга буюу энэ байрыг сонгож, АН-ыг дөрвөн жил урсгал зардлаар нь байлгасан. Цаашид намын байрны асуудал шийдэгдэх хүртэл, энд үйл ажиллагаагаа явуулна. Хөөж туусан зүйл байхгүй. Гэнэт л нэг өдөр пижигнээд явчихсан. Гэтэл явж явж АН-ыг доромжилж байгаа юм шиг энэ намыг самарсан нөхрийн байранд очоод орчихсон байсан.  

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.