Б.Тамир: Ээж минь жинхэнээсээ галзуурчихлаа гэж бодоод их чанга хашхирч билээ

Twitter Print
2019 оны 11-р сар 06-нд 12:33 цагт
Мэдээний зураг,

ДБЭТ дэлхийн сонгодог А.Аданы “Жизель” балетыг тайзнаа тавьсны 40 жилийн ойг тэмдэглэж, уг жүжгийг хоёр өдөр дараалан уран бүтээлчид, үзэгчдийн баяр болгон тоглолоо.

Энэхүү ойг тохиолдуулан Монголын үзэсгэлэнт Жизелүүдийн нэг, балетчин, Ардын жүжигчин Ю.Оюун агсныг дурсаж, түүний хүү Б.Тамиртай ярилцахыг хүссэн юм. Циркийн жүжигчин, БНСУ-ын Жэжү арал дахь морьтны “NB khartsaga” хамтлагийн анхдагчдын нэг, караокены инженер, бас өвлийн өвгөн түүнтэй ярилцах сонирхолтой байлаа. Аав нь чөлөөт бөхийн дасгалжуулагч Г.Баясгалан бөгөөд өнгөрсөн зун, наадмын үеэр өөд болжээ. Өдгөө аавынхаа оронд хүүхдүүдээ албанд нь зөөдөг ажилтай болсон, цаашид амьдралаа хэрхэн зохицуулахаа төлөвлөж байна гэж байлаа.

Гэнэтийн юм болсон, наадам таарсан тул хэвлэл мэдээллийн хэрэгслээр эмгэнэл явуулаагүй болохоор тэр байх, аав нь өөд болсныг мэдээгүй хүмүүс “Сайн уу, миний хүү, аав нь сайн уу” гэх тоолонд тайлбарлаж явна аа гэж байна билээ. “Ажил явдал нь сайхан болсон, бөхчүүдийн холбооны ах нар, үеийн залуус аавыг минь дээдлэн хүндэлж хөдөөлүүлсэн, маш их баярлаж байгаа” хэмээн талархлаа илэрхийлэв. Бид ийнхүү хөөрөлдлөө.

-Та олон мэргэжилтэй юм. Энэ бүхний талаар хожуу яриулахаар үлдээгээд, “Жизель” балетын эргэн тойронд, танай ээж Жизель болж байх үеийн тухай эхлээд ярих уу?

-Болно оо. Гэхдээ надад ээж энэ балетад гоцлон тоглож байх үеийн тухай ганцхан хэзээ ч мартахгүй дурсамж байдаг юм. Түүнийгээ л хэлэх байна даа. Балетын мэргэжилтнүүд, ээжтэй хамт жүжигт тоглож байсан балетчид энэ бүтээлийн тухай, Дуурийн театрт яаж анхлан тавьж, тоглож байсан тухай сайхан дурсамж ярьж өгөх байх.

-Сонсоё, та ганцхан сайхан дурсамжаа хуваалцаач.

-Би насаар нэлээд бага байсан үе. Хэдтэй байснаа мэдэхгүй юм. Ээж тайзан дээр Жизель болж бүжиглэж байлаа. Би үйл явдалд нь автаад, бүр манарчихсан сууж байлаа л даа. Ээж бүжиглэж байснаа, бие нь муудаад байгаа юм уу, галзуураад байгаа ч юм шиг хачин болоод явчихаар нь жинхнээсээ тийм болчихлоо гэж бодоод үзэгчдийн танхимаас “Ээж ээ” гэж их чанга хашхирсан юм. Үнэн, худал нь мэдэгдэхгүй ийм яриа урлагийнхан дунд байдаг. Үнэн юм, тэр хүүхэд бол би

-Сонсож байсан түүх. Үзэгчид гайхсан уу?

-Зарим нь балетчины хүүхэд нь юм байна гэж ойлгосон байсан.

-Магадгүй зарим нь зориуд ингэж найруулав уу гэж бодсон байх.

-Мэдэхгүй. Юутай ч тэгж хэсэгтээ дуулианы эзэн болж байлаа.

-Ээжийгээ алдартай балетчин гэж мэддэг байсан уу?

-Тухайн үед сайн мэддэггүй байсан. Аав, ээж хоёр өглөө ажилдаа явдаг, орой ирдэг, хааяа би театр луу ээжийг дагаж явдаг байсан. Очихоор над шиг уран бүтээлч ээж, аавыгаа дагаж ирсэн хүүхдүүдтэй таарна. Би ерөнхийдөө томоотой хүүхэд байлаа. Балетчин, “Кристиан Диор”-ын Батчулуун эгчийн хүү нэлээд хөдөлгөөнтэй. Юм л бол удирдаачийн ард гүйж очоод зогсчихсон, оркестр хамт удирдаж байдаг байлаа.

-Болиулдаггүй байсан гэж үү?

-Заалны зохион байгуулагчид харах юм бол эрхбиш суулгадаг байсан байх л даа. Цаг үргэлж манахгүй юм чинь, явсан хойгуур нь мөд л оччихсон гараа хөдөлгөөд зогсож байдаг байсан. Бас болоогүй хөгжмийн хэмнэлээр их зөв дохино оо.

-Хөгжилтэй юм. Уран бүтээлчдийн хөшигний арын амьдрал үргэлж сонирхол татдаг. Танай ээж гэртээ тайзан дээрхээс эрс өөр байж чаддаг байсан уу?

-Гэртээ бол театрт ажилладаг, балетчины шинжгүй байдаг байсан. Яг л гэрийн эзэгтэй. Өөрөөр байх аргагүй. Гадаадын одууд бол ажлаас ирээд гараа эвхээд суудаг байж магадгүй. Манайд тийм боломж, нөхцөл, хангамж байхгүй шүү дээ. Тайзан дээр үлгэрийн юм шиг, мөрөөдөлд л ийм байдаг болов уу гэхээр харагдчихаад, тайзнаас буулаа, хувцсаа солилоо, гэр рүүгээ алхаж ирлээ, гэртээ орлоо, хормогчоо зүүгээд хоол хийж эхэлдэг байсан. Мундаг балетчин юм чинь баян ч юм уу, тансаг амьдралтай байсан байх гэж боддог хүн байж болох юм. Үгүй. Жирийн монголчуудынхаа нэгэн адил явган бол явган, хоногийн хоолтойгоо тийм л айл байсан, манайх.

-Бид хүүхэд байхдаа танай ээжийг харах гэж 73 дугаар дэлгүүрийн буланд хүлээж зогсдог байлаа. Зүгээр л гоё эгч харах гэж, алхаа гишгээг нь ажих гэж  тэр шүү дээ.

-Тийм үү. Ингэж сонсох гоё байна (нүдэнд нь нулимс цийлэлзэв). Том болсон хойноо би ээжийгээ хоёр амьдралтай хүн юм даа гэж бодох болсон.

-Юу гэсэн үг вэ?

-Олны нүдэн дэх, сайн, сайхан байх үүрэгтэй, хувь заяатай уран бүтээлч. Зарим талаар ялтай мэт. Нөгөөтээгүүр зүгээр л хөлөө жийгээд гэртээ сууж байхдаа жаргалтай эгэл нэгэн эмэгтэй. Үүнийг нь би анзаардаг байсан минь нэг зүйлээр нотлогдсон юм. Ээж цүнхэндээ хоёр янзын тамхи авч явдаг байлаа. Гадаадын брэндийг нь шаардлагатай үед буюу гоё, бусдаас арай өөр байхыг шаардсан үед татдаг бол нөгөө хямдыг нь өрөөндөө, бие засах газар, магадгүй дотнын найзындаа татдаг. Ийм ялгаатай.

-Хоёр өөр орчинд биеэ зохицуулж авч явах гэж хичээх нь түвэгтэй байдаг байсан болов уу?

-Гайгүй байх аа. Ажил, мэргэжлийн шаардлага юм даа.

-Олон жилийн дараа хүүтэй нь уулзаж ярилцах сонирхолтой байна. Аав, ээжээсээ хоёулаа байх аа?

-Тийм ээ. Миний ах Б.Цогт ӨАБНУ-д ажиллаж, амьдардаг. Ахтайгаа уулзалгүй 22 жил болж байна.

-Маш их хугацаа байна шүү. Ирэх боломжгүй юм байх даа.

-Ээжийг өвчтэй байхад ирж, хэсэг хугацаанд хамт байсан ч, надтай зөрөөд буцсан юм. Түүнээс хойш ажмл, цаг завын боломж гарахгүй байх шиг байна. Тэгээд ч байнга холбоотой байгаа болохоор дор бүртээ ажлаа хийгээд байж байх нь дээр биз дээ.

-Ах нь циркчин үү?

-Тийм. Гэхдээ үндсэн мэргэжил нь ардын бүжигчин. 1996 онд юм, ХБДС-ийг ардын бүжигчнээр төгсөөд байх үедээ  “Ах нь яаж амьдардаг юм билээ, циркээр явмаар санагдаад байх юм” гэж байсан юм. Манай Н.Болдбаатар багшийн хүү Алтаншагайтай найз. Нэг үе “Монгол балет холл”-ынхон циркэд тоглодог байхад Цогтоо ах ээжтэй цуг тийшээ явсаар байгаад циркийнхэнтэй их ойр дотно болсон байсан. Тэдний нөлөөгөөр бүжиг биш, циркийг сонгосон. Агаарын номер бэлтгэж гаргаад, Москвад олон улсын уралаанд оролцож байлаа. Маш сайн үзүүлсэн ч, “Нарны цирк”-ээс хуулбарласан байна гэж үзээд оноо өгөөгүй гэдэг. Үүний дараа хоёр улсын хоорондын гэрээгээр явж тоглолтод оролцоод, тэндээ үлдчихсэн. Ер нь манай циркчид хаана тоглож болохоор байна, орон зайгаа олоод байршчихсан байдаг. Түүний л адил зам туулсан. Ах хожуу гэр бүлтэй болсон юм. Охин нь  манай дундах хүүхэдтэй чацуу.

-Одоо таны тухай ярья. Олон мэргэжлийнх нь алинаас эхлэх вэ?

-Би ХБК-ийн цирк, эстрадын ангийг арай төгсөж амжаагүй юм. Гэхдээ циркийн жүжигчнээр төгссөн гэдгээр ажилласаар ирлээ. Манайх циркийн сургуулийн 16 дахь төгсөлт, анхны бөгөөд сүүлчийн анги гэдгээр урлагийнхан мэддэг. Бусад ангийнхан дөрөв, харин манайхан найман жил сурч төгссөн юм. Тэгэхээр циркийн урлагийн үндсэн таван төрлийн мэргэжлийг бүгдийг нь эзэмшсэн гэсэн үг.

-Цохивор хөгжимчид олон төрлийн 30 гаруй зэмсгээр тоглож сураад төгсдөгтэй адилхан юм байна.

-Яг тийм. Ангийнхны маань олонх нь багш, тэнхимийн эрхлэгч зэрэг ажил хийдэг болсон. Ер нь бүгд их идэвхтэй залуус. Манай Золбаяр саяхан гэр хорооллын дунд циркийнхэн бэлтгэл сургуулилалт ч хийх боломжтой спорт заал байгууллаа. Одоо тоноглох, тохижуулах шатандаа явна.

-Та нар тусалсан уу?

-Боломжоороо дэмжиж тусалсан. Гадаадад байгаа циркчид маш их дэмжсэн. Олсноос авхуулаад их үнэтэй хэрэглэл явуулах нь явуулсан. Мөнгөн дэмжлэг ч үзүүлсэн байна лээ. Би циркчин мэргэжлээрээ тийм ч олон жил ажиллаагүй ээ. Нацагийн Болдбаатар багшийнхаа 2000 онд үүсгэн байгуулсан “NB khartsaga” гэдэг морин үзүүлбэрийн хамтлагийн анхны гишүүдийн нэг. БНСУ-д үйл ажиллагаа явуулдаг “Хан Монгол” морьтны групп гэж байдаг. Үүнтэй адил хамтлаг байдаг юм. БНСУ-ын Жэжү аралд очиж бүхнийг анхнаас нь хийж байлаа. Хааш хаашаа хоёр км радиустай хоосон талбайд манеж, үзэгчдийн талбай зэргийг төлөвлөж, ер нь бүхнийг хийсэн. Цирк мэддэг нь багш, бид хоёр, бусад нь морь унадаг долоо, найман залуу. Би морь унах тухайд анхан шатны л мэдлэгтэй. Циркийн сургуульд байхдаа морь унаж шогшуулдаг л байсан болохоос хүнд үзүүлбэр хийж байгаагүй юм. Хөдөө явж үзээгүй шахам нөхөр морьтны багийн ахлагч болчихсон явлаа. Өнөөх залуус маань одоо бол бүгд сайхан мэргэжлийн жүжигчид болцгоосон. Солонгос боссууд ердөө зургана сарын дотор бэлтгээд, тогло гэж шахаад байдаг. Мэргэжлийн тоглолт гарч өгөхгүй, сандарсан. Улаанбаатараас Балдандаваа ах хүү Дэлгээтэйгээ, Болдбаатар ахын хүү Алтаншагай гурав очиж их тус болсон. Залуус маань “Хан Монгол”-ын тоглолт үзэж сэтгэлээ сэргээнэ. Тэгсээр байтал тоглолт болохоос сарын өмнө жигдэрч байлаа.

-“Хан Монгол”-ынхон та нарыг өрсөлдөгч гэж үздэг байсан болов уу?

-Үгүй ээ. Туслахыг хичээдэг байсан. Солонгосууд харин биднийг хооронд нь аль болох уулзуулахгүй гэдэг байлаа. Орчуулагчтай байсан, болиулсан. Тэд өөрсдөө цирк мэдэхгүй, тэгээд ажиллах нөхцөлөөр хангахгүй мөртлөө биднээр мөнгө хийх гээд байдаг (хөхрөв). Сүүлдээ би орчуулагч болоод. Маргааш ярих юмаа өнөөдөр нь бэлтгэх гэж толь бичиг шагайж суудаг байлаа. Тэгсээр байтал гайгүй, тоглоход бэлэн болсон. Тоглолтынхоо сурталчилгааг Жэжү арлын хоёр хотод хийгээд. Халуун зун үнэгэн малгайтай нөхөд урсах шахаж явлаа. Тоглолт амжилттай болсон. Түүнээс хойш гурав байна уу, дөрвөн сарын дараа багш, түүний хүү бид гурав эмээлээ чирээд буцсан даа.

-Яагаад?

-Хөөгдөөд. Тэгж ирсэн нь ч болсон юм билээ. Ээжийн бие их муудсан байсан. Аавын ангийн хүүхэд Солонгост очихдоо “Тамир аа, миний хүү ээжийн чинь биеийн байдал хүндэрсэн шүү. Хавдар нь эцсийн шатанд орсон. Сүүлчийн горьдлого гэж дахин мэс засалд оруулах гэж байна. Чи очсон нь дээр байх” гэж хэлсэн тэр үед биднийг ажиллуулахгүй гэдэг юм байна. Н.Болдбаатар багш маань буцаж ирснээ их олзуурхаж, “Хүүгээ ээжтэй нь уулзуулж чадлаа” гэдэг байсан. Бид гурав тэнд ажиллах орчин нөхцөлөө сайжруулъя гэж их шаарддаг байлаа. Өдрийн таван тоглолт хүнд байтугай моринд ч хэцүү, цөөрүүлье, цалин бага байна, хонгил шиг газар амьдарч чадахгүй” гэх зэргээр тэмцдэг байлаа. Тэгсэн удалгүй бид гурвыг тусад нь зочид буудалд байлгаж, дайлж, цайлж байгаад хүүхдүүдийн толгойг эргүүлчихсэн байсан. “Энэ гурвыг явуулчихвал та нарын цалинг нэмнэ” гэжээ. Хурал хийлээ, бид ч ярьдгаа ярилаа, ийм нөхцөлд тоглуулах гэвэл бид бүгдээрээ буцна” гэсэн чинь санал хураана гэдэг юм байна. Тэгтэл бид гурваас бусад нь үлдэнэ, тоглоно гэдэг байгаа. Ийм л юм болсон юм. Багш залуусыг тийм шийдвэр гаргана чинээ бодоогүй байх, нэлээд гомдсон. Тухайн үед сэтгэлээр нэлээд унасан ч намайг ээжтэй уулзуулж амжсандаа баярлаад, гомдол нь аяндаа тайлагдсан.

-Караокены мэргэжилтэн болсон түүхээ сонирхуулаач.

-Сүүлд дээ, 2003 онд буцаж Солонгос яваад, “харлачихсан”. Янз бүрийн ажил хийж үзсэн ч караокены төхөөрөмжид дуу суулгадаг ажил дээр тогтоод. Манайх Сөүлд 60-аад газартай гэрээтэй. Сард нэг удаа дуу суулгаж, засвар, үйлчилгээ хийж өгдөг. Сөүлийн замыг Улаанбаатарынхаас илүү мэддэг болтлоо явсан даа. Бас амралтын өдрүүдээр монголчууддаа зориулж дуулдаг байлаа.

-Дуу дуулна. Тал талын авьяастай юм.

-Би “Хөгжмийн зохиолч Л.Балхжавын дууг хэн сайн дуулах вэ” гэдэг дууны хамгийн анхны тэмцээний шилдэг 13-ын нэг болж байлаа. Бичүү, Мөнхбат гээд найзууд гарч ирсэн, тэр тэмцээн л дээ.

-Асуугаад байвал мэргэжил нэмэгдээд байх бололтой. Өөр ямар “ид шид” байна?

-Би чинь нэлээд “алдартай” өвлийн өвгөн шүү дээ. Санта энэ тэр биш ээ, жинхэнэ монгол цагаан өвгөн болдог. Манай “Mongolian entertainment” группийг олон гоё карнавал бүжигчинтэй гэдгээр хүмүүс мэддэг болсон байна лээ. Бид уУран бүтээлээ илүү баяжуулж байгаа.

-Та төрөлхийн авьяастай бололтой. Хүссэн чиглэлдээ хувирдаг ч юм байна. Зарим талаар продюсер юм биш үү?

-Өвөө, өвөөгийн аав их уран хүмүүс байсан гэсэн. Өвөг дээдэс маань ээж, бид хэдэд авьяасаасаа өгсөн юм болов уу.

Р.Оюунжаргал

“Өнөөдөр” сонинд, 2019.10-р сард

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • монгол

      (122.201.21.237) 2019-11-07 10:46
      • 0
      • 0

      эцэг,эх гэдэг чинь бурхад юм шүү дээ.ээж,аавыгаа сайн асарч,тойлсон хүмүүс буянаа эдэлнэ гэж ярьдаг.

      Хариулах