Дэлхийгээс чимээ ирэхээ байчихвал яах уу?

Twitter Print
2020 оны 12-р сар 17-нд 16:51 цагт
Мэдээний зураг,

Заримдаа энүүхэн тогоондоо ингээд хэдүүлхнээ дуусах юм шиг санагдаж, сэтгэлд айдас хургадаг. Тэр айдас маань дэлхийгээс Монголд хаягласан чимээ ирэхэд үе үе үргэдэг.

Цэнхэр гариг даяараа хүлээн зөвшөөрч, хүрээлэн суудаг НҮБ-аас Монгол Улстай хамаатай мэдээлэл хийгээд, судалгаа гаргалгаа танилцуулаад эхлэхээр "Монголчууд бид энд цөөхүүлхнээ цөмүүлээд, цөлмүүлээд, хэрэлдээд, хэмхэлдээд, хэлмэгдээд дуусахгүй л юм байна" гэсэн итгэл сэргэдэг дээ. Хэдхэн хоногийн өмнө Олон Улсын парламентийн холбооноос Ерөнхий сайд асан Ж.Эрдэнэбаттай холбоотой хэргийн талаар томоохон чимээ ирлээ. Энд ганцхан Ж.Эрдэнэбатын асуудал бус, Монголын парламентийн засаглалын дархлааны тухай яригдаж байгаа болохоор аргагүй чих дэлдийж, чиг зүг хайлаа.

Парламентийн засаглал бол Монголын ард түмний төр барих эрхийг баталгаажуулж буй цорын ганц сонгуульт хувилбар. Энэ утгаараа парламентийн гишүүнийхээ бүрэн эрхэд халдана гэдэг нь ард түмнийхээ сонголт хийх, төр барих эрхэд халдаж буй хэрэг гэдгийг Ц.Мөнх-Оргил гишүүн ярьж байна. Халдашгүй байдлын дэд хорооны дарга Н.Энхболд ч бас тайлбар мэдэгдэл хийлээ. Бараг бид ийм нэгэн залуухан Ерөнхий сайд ажлаа хийж явсныг мартчихаад байхад дэлхий Монголын ардчилсан засаглалын хувь заяа ганхаж буйг онцлон үзсэн байх юм. Энэ чинь л өөрөө ардчиллын үнэ цэнэ шүү дээ. Олон Улсын Парламентийн холбооноос Ж.Эрдэнэбатыг хууль зөрчин барьж хорьсон хэрэгт анхаарлаа хандуулан, Монгол Улсад анхааруулга өгч байгаа нь хэд хэдэн шалтгаантай. Ж.Эрдэнэбатын УИХ-ын гишүүний бүрэн эрхийн хугацаа дуусаагүй байсан, мөн Парламентийн сонгуульд нэр дэвшин өрсөлдөж байсан, үүгээр ч тогтохгүй хорих 461 дүгээр ангид хоригдож байхдаа УИХ-д Сэлэнгийн 13 дугаар тойргоос дахин сонгогдсон, өмгөөлөгчгүйгээр шүүсэн.

Түүнд албан тушаалаа урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр зургаан жилийн хорих ял өгсөн. УИХ-ын гишүүнээ нэр дэвшиж явахад нь барьж хорьсон гэдэг нь өөрөө парламентат ёсоо бариад хорьчихсоноос өөрцгүй, Сэлэнгийн сонгогчдын саналыг торны цаана суулгаж, төрөө сонгох эрхийг нь төмөр гинжээр гавласнаас ялгаагүй гэдгийг л онцлоод байгаа юм. Хэрэв сонгуулийн дундуур барьж хорих байсан юм бол анхнаасаа яах гэж нэр дэвшүүлсэн юм бэ, сэлэнгэчүүдээр, төрт ёсны сонгуулиараа тоглоод, шоглоод байгаа юм уу гэсэн асуулт зүй ёсоор гарч ирнэ. Эсвэл зориуд Монголын парламентийн сонгуулийг басамжлаад байгаа юм уу? Энэ улсад ард түмний санал асуулга, сонголтоор сонгогддог 77 хүн бий. УИХ-ын 76 гишүүн, дээр нь Ерөнхийлөгч. Хэрэв эрхэд нь халдаад, ингээд хорьчихоод байх юм бол цаашдаа парламентат ардчилсан төр оршин тогтнож чадах уу? Ёстой нөгөө хаалгаа хааж, цонхоо битүүлж байгаад хөмөрсөн тогооны дотор хөөрхийлөлтэй үлдэх биш үү? Ж.Эрдэнэбат ямартай ч торны цаана суугаа тав дахь Ерөнхий сайд асан боллоо.

Тавуул тавуулаа улсын дайсан болж таарав уу, бид чинь одоо "дайсны цэргүүдээр" удирдуулаад байсан юм бол аль эрт хаант засаглалтай болоод, харц барлаг, хамжлага гэж ялгаад, хаалгаа хаагаад үүдээ цоожилчихгүй юугаа хийж байсан юм бол? Энэ удаа Ерөнхий сайд асныг парламентын засаглалын баганыг ганхуулан байж барьж хорьсны төлөө Олон Улсын Парламентийн холбооноос эрх нь зөрчигдсөн асуудлаар анхааран ажиллахаа илэрхийллээ. Хэрэв сонгосон төрт ёс, төрийн зарчмаасаа ухарч, ард түмний сонголтыг иймэрхүү аргаар үгүйсгээд байвал тус холбоо нь Европийн холбоотой хамтран Монгол Улсад сөрөг арга хэмжээ авч эхэлнэ. Үүнд Европийн холбооны улсуудад нэвтрэх виз олгохгүй байх, зээл тусламж өгөхгүй байх гэхчлэн үргэлжилнэ. Өөрөөр хэлбэл дэлхийгээс ирдэг чимээ, хариуд нь монголчууд бидний цэнхэр гаригийн зүг илгээдэг цуурай харилцан багасна. Тэгээд эндээ хэрэлдээд, хэмхэлдээд, дэлхийд мартагдаад, дээлээ булаацалдаад үлдэнэ. Өөрөөр хэлбэл Монгол Улс Ж.Эрдэнэбат болон бусад улс төрийн шалтгаанаар хоригдогсдын эрхийг зөрчсөнөөрөө хаалгаа аль хэдийн хагас хааж, цонхоо хагас битүүлж, хөмөрсөн тогоондоо хөөтэйгээ үлдэх сонголт хийлээ гэсэн үг.

Хагас хаалттай хаалгыг ганц түлхээд нам таглаад, тас цоожлоод, хэн дуртай нь юу дуртайгаа хийж болно. Тэр цагт хүн болгоны эрх яригдана, эндээ чимээгүйхэн хэлмэгдэнэ. Хаалттай, цоожтой улс оронд юу болдгийг Өвөрмонгол, Шинжаан Уйгарын жишээ харуулсаар л байгаа шүү. Би л лав хаалттай хаалганы цаана үлдмээргүй байна, харанхуй салхивч үр хойчдоо үлдээмээргүй байна. Монгол шиг цөөхүүлээ ард түмэнд, хоёрхон том хөрштэй улсад ардчилсан парламентат засаглал л аврал юм шүү.

Дэлхийгээс чимээ ирэхээ байчихвал яах вэ? Чимээ ирээд, дэлхий Монголын хаалгыг нүдээд байхад тайлж өгөх сэхээтэй хүнгүй болсон байвал яах уу? Айгаад, бүлтэгнээд авдарныхаа ард нуугддаг болчихсон байвал яанам бэ? Зүгээр л бодоорой.

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.