Жагсаал зохион байгуулсан МҮОНРТ-ийн сэтгүүлч Б.Пүрэв нарыг баривчилжээ

Twitter Print
2020 оны 12-р сар 10-нд 14:52 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны хуралдаанаар МҮОНРТ-ийн Үндэсний зөвлөлд Г.Отгонбаяр, М.Уянга, Ж.Цэсэн, Ч.Батцэнгэл, М.Наранбаатар, Б.Ганболд, Ц.Цоодол нарыг нэр дэвшүүлэхээр болсон. Өнөөдөр УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар дээрх хүмүүсийг томилох эсэхийг хэлэлцэнэ. Тэгвэл үүнтэй холбоотойгоор МҮОНРТ-ийн ажилчид болон үйлдвэрчний эвлэлийн гишүүд телевизийнхээ гадна гэр барьж, эсэргүүцлээ илэрхийлэв.

Энэ үеэр жагсаалын зохион байгуулагч Л.Төмөрхуяг ярихдаа "Бидний тэмцэл гурав дахь сардаа үргэлжилж байна. Манай хамт олон өнгөрсөн есдүгээр сард Үндэсний зөвлөл, Захирлуудын зөвлөлийг ажиллах чадамжгүй гэж үзэж, үндсээр нь огцруулах саналыг Төрийн гурван өндөрлөг, УИХ-ын Төрийн байгуулалтын хороонд өгсөн. Тэднийг огцруулчхаад байхад зарим нь буцаж орж ирэх гэж зүтгээд байх юм. 

Өчигдөр /2020.12.10/ Төрийн байгуулалтын байнгын хороо хуралдаанаар Ч.Батцэнгэл, Б.Ганболд нарыг дахин нэр дэвшүүллээ. Энэ хүмүүс дөрвөн жилийн хугацаанд хамт олныхоо төлөө юу ч хийгээгүй. Цалин их авдаг хэрнэ бидний цалинг 30 хувь хассан. Дээрээс нь МҮОНРТ-ийн Үйлдвэрчний хорооныхныг шүүхэд өгчихлөө. Ажилчдаа шүүхэд өгчхөөд буцаад ирж байгаа нь үнэхээр ичгэвтэр байна. Мэдээж үүний цаана намын ашиг сонирхол байгаа нь тодорхой. Олон нийтийн радио телевиз олон түмний өмч болохоос нэг намын өмч биш" гэсэн юм. 

Бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан олон нийтийн арга хэмжээ, жагсаал цуглаан зохион байгуулахыг хориглосон. Энэ дагуу цагдаагийн алба хаагчид жагсагчдад тарахыг шаардсан боловч тэд шаардлагыг үл биелүүлжээ. Улмаар жагсаалыг удирдаж байсан сэтгүүлч Б.Пүрэв нарын гурван хүнийг цагдаа нар баривчиллаа.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.