Ай миний тэнгэрлэг монголчууд, тэврээд авмаар, түлхээд хаямаар...

Twitter Print
2020 оны 12-р сар 08-нд 11:13 цагт
Мэдээний зураг,

Энд ч шаардлага тавьсан цагдааг муулаад, тэнд ч мэдээлэл хийсэн эмчийг гоочлоод, өглөөдөө өнөө муу Содбаатарыг чихдээд, үдэшдээ өөд уруугүй Хүрэлсүхийг шордоод... таалагдах юмгүй, таарах жоргүй, эвлэн нэгдэх сэтгэлгүй, эерэг хандах хүсэлгүй...ай миний тэнгэрлэг монголчууд тэврээд авмаар, түлхээд хаямаар...

Одоо ингэж байтал хорио тавьчихвал хоригдмоор байна, хорлож алах гээд чөлөөлчихлөө хэмээгээд хаалгаа хав дараад бархирна. Хорио сунгачихвал хорьсоор байгаад үхүүлэх нь дутлаа гээд хаалгаа зад өшиглөөд хашгирна. Яамаар хорвоо, яавал таарах амьдрал юм бол доо. Уг нь улс нийтээрээ ганц л дайсантай, уудлаад үзье гэсэн ч тэр нь нөгөө муухай корона. Тэгсэн яав, хөл хорьсон төр ч дайсан, хэл дуулгасан хэвлэл ч дайсан, эмчлээд байгаа эмч нар ч дайсан, шаардлага тавиад байгаа цагдаа ч дайсан, жин нэмүүлдэг хоол ч дайсан, шинжилгээ хийдэг сувилагч ч дайсан, тэгж яривал шөнөжин шуугиад, өдөржин унтдаг болсон хөршүүд ч дайсан.

Нэг л олон дайсантай дээлээ урагдтал үзэлцээд, дэлдгэрээ бөглөөд зугттал муучлаад, ханцуйдаа нудралцаад, хормойдоо өшиглөлцөөд... хоногт 32 тохиолдол нэмэгдлээ, хорлонт муу төр огцор, хоосон хэнхэг Улсын онцгой комисс зайл гээд л авч өгч байна аа. Хөөе, тэгж яривал тэр нэмэгдээд нэрмээд байгаа 32 тохиолдол чинь бүгд УОК-ийн урьдчилан илрүүлээд, тусгаарлалтанд аль эрт авчихсан хүмүүсийн дундаас илэрсэн халдвар гэж Амбасэлмаа эмч айхтар цохож хэлснийг сонсов уу? Шүүх юм олдоогүй үед хөөрхий Амбасэлмаагаа шоглоод давхичихна. Үс нь уйтгартай л гэнэ, дуу нь сул гэнэ. Тэр яасын, ямар мисс үү? Хөл хорьсны хүчинд хөдөө гадаагүй ад болтлоо самарч байгаад хавьтагчдыг нь хаа газраас олж ирээд тусгаарлачихсан л байна шүү дээ. Энэ чинь УОК өнгөрсөн хугацаанд зөв ажилласныг илэрхийлж байгаа юм биш үү? Харин ч хяналтанд байгаа хавьтагчдаас халдвар илэрсэн нь бас нэг эерэг үзүүлэлт гэж хэлмээр байна.

Дайны хажуугаар дажин гэгчээр коронагаар улс төр хийх гэсэн хийтэй нөхдүүд энд ч гарч даналзаад, тэнд ч очиж үймүүлээд... эв нэгдэл гэдэг юм ер нь хаана байна аа? Энэ хүнд үеийг эвлэж туулахгүй эрхийгээрээ эвдрэлцээд, чигчийгээрээ зодолдоод, эвдэрхий тэвштэй үлдэх гээгүй бол эвийг л хичээх цаг даа, яг одоо. Тэгж яривал 11 дүгээр сарын 11-нд анх хөл хорио эхэлснээс хойш эмч, цагдаа, цэргийнхэн л ганц хувирсангүй, нөгөө л байрандаа, нөгөө газартаа, нөгөө л шаардлагаа тавиад хацраа хайрагдтал, гараа бээртэл, хөлөө даартал зогсож байгаа шүү. Ямар сайндаа өнөө хэд маань ийм бичиг бариад зогсож байдаг юм. Ярьж хэлбэл яг сөргүүлээд ярзайтал хэрэлдэнэ дээ, аягүй бол. Гэтэл бид хэд хувирав. Тэнд ч шашны номлогч дагаж амиа золих гээд, энд ч улс төрийн увайгүй нүүдэл дагаж улсаараа тоглох гээд, үүгээр ч шинэ жилийн халтуураа алдсан ууртай хөтлөгчийн үгэнд тонгороод, түүгээр ч баян хоосны ялгааг бархиран зарлагчдын нохойд барьдаг мод болчих гээд... хэцүү хэцүү... за яадаг ч байсан голомт нэмэгдээгүй болохоор хөл хорио сунасан ч зэрэг бууж, жирийн амьдралд нэг алхам дөхөх байх гэж найдаж сууна.

Гэхдээ байна аа, иргэдээ хувийн унаагаар нь зорчуулаатахвал баярласандаа бархиръя. Бас жижиг, дунд бизнесийнхэн, үйлдвэрлэгчдэд боломж олгох гэж байгаа бол хоорондоо холбоо уялдаатай шийдвэр л гаргаарай даа. Барилгын үйлдвэрлэл, хэвлэх үйлдвэр ажиллаж болно гэнгүүтээ түүхий эд нийлүүлдэг дэлгүүрүүдийг нь хорионд үлдээгээд, хэн хэнийг нь цоожтой хаалга мөргүүлээд байгаа шүү, үүнийгээ бодолцоорой, Я.Содбаатар аа, Ж.Энхбаяр аа...хэн ээ, хэн ээ, хэн эээээ...яг энэ эрчээрээ шинэ голомтгүй, ширээ дамжсан хавьтагчгүй урагшилна шүү. Харин бид хоорондоо алалцаж гэвтэхээ болиод хорлонт муу коронатай гар нийлээд үзэлцэж сурна аа, за.

Р.Эмүжин

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.