Элдэвтэй хүн

Twitter Print
2020 оны 11-р сар 27-нд 14:31 цагт
Мэдээний зураг,

Яруу найрагч: 300 шүлэг, 100 орчим дууны үг зохиосны 200 нь монгол, 180 нь төвд, үлдсэн нь санскрит хэл дээр бичигджээ.

Жүжгийн зохиолч, ая зохиогч, найруулагч: 1830 онд анхны театр болох “Намтар дуулах дацан”-г байгуулж “Саран хөхөө” хэмээх 10 дэвтэр жүжгийн зохиол бичсэн ба агуулга нь Чингис хаан, Мандухай хатан гэх мэт монголчуудын агуу түүхийг өгүүлдэг. Жүжигчдээ өөрөө сонгож найруулан, хөгжим дууг зохиож, хөгжимчдийг цуглуулан өөрөө удирдан тоглуулж байсан гэдэг.

Зураач: Тайзны зургаа өөрөө зурсан. Энэтхэгт тодорсон өмнөх 33 дүрээ бясалгалын зүүдэнд харснаа зурсан нь эдүгээ музейд нь бий. Өөрийнхөө хөргийг зурснаас гадна эмэгтэйчүүдийг, бурхадыг их зурдаг хүн байжээ.

Архитекторч: 1820 онд Хамарын хийд, 1840 онд Ханбогдод “Галбын гурван хийд” гэж алдаршсан Дэмчогийн, Цагаан толгойн, Эрээтийн хийд гэх мэт нийт 8 том хийдийг өөрийн гаргасан зургийн дагуу хятад барилгачдаар бариулсан ба хэлбэр хийцийн хувьд Монголд байсан 700 гаруй сүм хийдээс өөр байжээ.

Гүн ухаанч: 1845 онд Дэлхийн энергийн цэг болох Шамбалын орныг бясалгаж тодорхойлсон. Хүн өөрийн оюун ухаан, сүнсний тусламжтайгаар Шамбалд зорчиж энерги авах боломжтой хэмээн сургасан. Равжаа хутагт эмэгтэй хүн, хун шувуу, хилэнцэт хорхой шүтдэг байсан ба хилэнцэт хорхой нь гүн ухааны бэлгэ тэмдэг бөгөөд уурлахаараа өөрийгөө хатгаж үхдэг. “Хүн өөрийнхөө алдааны учрыг дотроосоо хайх ёстой” гэж шавь нартаа сургадаг байв. Говь нутагт хүн амины хэрэг нэлээд гарсанд сэтгэл нь зовж ардуудаас хутга мэс цуглуулан хайлуулж “Түмэн мэст бурхан”-ыг бүтээлгэж, тарни шид шингээн залснаас хойш амар жимэр болсон гэдэг.

Багш, соён гэгээрүүлэгч: Хийд дээрээ тусгай сургууль байгуулж эр, эм хүнийг адилхан сургаж байжээ. Төгсөгчиддөө “Оюуны лянхуа хагас дэлгэрэв”, “Оюуны лянхуа бүтэн дэлгэрэв” гэсэн дардас өгөөд ажил олгодог байв. Хийдэд нь эмэгтэй лам буюу ани нар шавилан суудаг. Аялж явахдаа нутгийн сохор, доголон ч хамаагүй бүх эмэгтэйчүүдийг цуглуулж баясган хөгжөөдөг байв.

Цэргийн жанжин: Манжийн хаан Хутагтын явуулдаг бодлогоос эмээдэг байсан тул зогсоох гэж элдвээр оролдож, Манжид гарсан хятадын бослогыг даруулахаар цэрэг захируулж дайнд хүртэл явуулжээ. Монголын Соёмбо бүхий шар тугийг манжийн шар туг шиг харагдуулаад авч явдаг байсан гэдэг.

Эм найруулагч, эмч: Монголд тархаад байсан яр тэмбүүний нянг устгахын тулд үлэг гүрвэлийн яснаас эм гарган авчээ. Тэр эмээр олон хүнийг өвчнөөс нь салгасан ба өөрөө судас барьж тан найруулдаг байсныг гэрчлэх зүйлүүд музейд нь байдаг.

Шидтэн: Согтуу ноён хутагт, Догшин ноён хутагт гэх зэргээр нэрлэгддэг байсан ба архийг рашаан болгон хүртдэг төдийгүй уух тусам эрдэм чадал нь тодорч олон янзын ид шидийг үзүүлдэг байжээ. Шавь нарынхаа өмнө ваартай усыг архи болгон буцалтал тарни уншаад "та нар энэ хэмжээнд хүрч чадвал архи зооглож болно, энэ хэмжээнд хүрээгүй бол архийг бүү хүрт” хэмээн сургажээ. Шавь нартаа даалгаж морин тэргээр “Цагаан толгойт"-оос цагаан чулуу ачуулаад ирүүлэхэд мөнгөн ембүүнүүд болон хувирдаг байжээ. Тэдгээр ембүүг хийдийг барьсан хятадуудад ажлын хөлс болгон өгсөн гэдэг. Бясалгаж суухдаа газраас хөндийрөөд нисчихдэг байснаас гадна шидэхэд буцаж ирдэг boomerang-ийг сүрхий чаддаг хүн байжээ.

Ажил олгогч: Жүжигчид, хөгжимчид, хувцасны оёдолчид, тайзны урлаачид, сүм хийдийн барилгачид, сургуулийн багш нар, номын сангийн ажилтан гээд маш олон хүнд ажил олгосон бөгөөд цалинд нь хонь, будаа зэргийг өгч урамшуулдаг тухайн үеийн “ажил олгогч” байсан юм. 1856 онд Манжийн хаан түүний архинд дуртайг ашиглан өөрийнх нь амраг байсан бэлэвсэн залуу хатнаар хор өгүүлжээ. Хор ирж байгааг мэдээд хиа ламдаа “хэрвээ би одоо явахгүй бол миний эргэн тойрны хүмүүс хохирох болно. Надад 88 наслах хувь тавилан байсан” хэмээн хэлжээ. Тэгээд хортой архийг уучихаад, нөгөөх бэлэвсэн залуу хатанд зориулан “Ертөнц авгайн жам” гэдэг шүлэг бичээд нас баржээ.

Манжийн хаан нас барсны маргаашнаас нь бүх сургууль, театр, хийдийг нь хаалгасан. Равжаа хутагтын дэргэд байсан Түдэв тахилч лам эдэлж хэрэглэж байсан бүгдийг нь яаравчлан цуглуулж, шарилыг нь занданшуулаад Хамарын хийдэд бунхан болгоод, Манжийн хуулинд байх “булш бунханд хүрч болохгүй” гэсэн заалтыг овжин ашиглаж хамгаалж авч үлдсэн түүхтэй. Түдэв тахилчийн үр удам үе улиран Равжаа хутагтын өвийг хамгаалж ирсээр 1938 онтой золгожээ. Эд хэрэглэлийг нь 1500 авдарт багтааж хадан агуйд хийх, газарт булах зэргээр нуух гэж оролдсон боловч Дотоод яамныханд баригдан илэрсээр сүүлдээ 68 авдар л үлджээ. Түдэв тахилчийн үр хойч З.Алтангэрэл Сайншанд хотод 68 авдарнаас гарсан 1200 гаруй үзмэрээр “Гиваадин Равжаалин” музейг байгуулсан билээ.

Зөвхөн байгаль, түүх соёлын өвийг хамгаалж ирсэн ЮНЕСКО түүхэндээ хэзээ ч хэн нэгэн хүний төрсөн ба нас барсан ой тэмдэглэж байгаагүй хэрнээ 2006 онд “Данзанравжаагийн жанч халсны 150 жил”-ийг тэмдэглэх шийдвэр гаргаж, шүлгүүдийг нь англи хэл дээр орчуулсан юм.

Гадаадын эрдэмтэн судлаачид төрөлхийн авъяас билэг танхай заяасан энэ хүн 54 наслахдаа 100 жилийн дотор ч амжихааргүй их зүйлийг бүтээжээ хэмээн гайхан биширдэг билээ. Говийн догшин ноён хутагт Данзанравжаа 1803 оны өвлийн дунд сард одоогийн Дорноговь аймгийн Хөвсгөл сумын нутагт ядуу ард Дулдуйтын ганц хүү болон мэндэлжээ.

Ч.Буянбадрах 

Олон улсын аялал жуулчлалын хөгжлийн төв 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.