Хүүк минь яана даа... (Улс төрийн аналитик нийтлэл)

Twitter Print
2021 оны 02-р сар 25-нд 17:57 цагт
Мэдээний зураг,

Түүнийг өрөвдөж хайрласан юм бол байхгүй. Харин түүний өөдөөс цохлоод ирж яваа ирээдүйг нь бодохоор халагламаар. Ялалтын туг шиг намирч яваа Хүүкийн өмнөөс яагаад халаглах болов гэж үү...Яагаад гэвэл ийм учиртай юм, алив наашаа суу... үүнийг унш!

Одоо 100 жилийн настай энэ нам хэнбугайг ч бүхлээр нь залгичихдаг түүхэн туршлагатай. Тэд эхлээд заавал нэг удирдагч төрүүлдэг. Тэр удирдагчаа тахин шүтүүлнэ , тахин шүтүүлэх арга залийг төгс хэрэгжүүлнэ. Бүр сурцтай. Тэдэнд багаар ажиллах гэсэн ойлголт байхгүй, заавал нэг суу алдар нь түгсэн бүхнийг чадагч удирдагчтай болж аваад л гарч өгнө. Бодоод үз дээ. Сүхбаатарыг нам төрийн удирдагч , мэргэн жолоодогчоор нас барсан хойно нь өргөмжилсөн. Хорлоогийн Чойбалсан амьддаа энэ бүхнийг коминтерний ( уг нь олон улсын коммунистуудын холбоо боловч Сталины үеэс дарангуйлагч хүчирхийллийг шууд тулгадаг байгууллага болж хувирсан ) заавраар сайтар ч дэглэсэн. Үзэл суртал дараа нь Д.Сүхбаатараас Х.Чойбалсан руу нүүлээ. Х.Чойлбалсанг өрлөг эцэг, хайрт удирдагч хэмээн амьдад нь өргөмжлөв өө. Зургийг нь айл бүрийн хойморт хүчээр залж дуу шүлэг, жүжиг зохиолд оруулж , намын ухуулагчид шагшин магтаж байлаа.

Эцэстээ Д.Сүхбаатар, Х.Чойлбалсан хэмээх хоёр сайхан шүтээнтэй болж амарсан. Гэвч тэдний амьдралын төгсгөл дэндүү эмгэнэлтэй. Хоёр удирдагчийн нас барсан шалтгаан одоо хүртэл эргэлзээтэй. Үзэл суртлаар удирддаг коминтерн нь нухчихсан байх магадлал бараг зуун хувь. Коминтерн гэгч коммунист үзлийг номлогч хүчирхийлэл дарангуйлал тулгаж цусан мөр татуулсан энэ байгууллага үр хүүхдээр нь эцэг эхийг нь, шавь нараар нь багш нарыг нь , зарцаар нь эздийг нь доромжуулж, алуулж дуусгасныг та бүхэн мэднэ. Энд нурших илүүц. Тунгалаг тамир кинон дээр баян Итгэлтийн хаяаг насаараа дагаж ах минь гэж навсганаж эхнэр хүртэл авахуулж явсан Галсан хувьсгалын дараа “Нударган Итгэлт сөнөтүгэй” хэмээн агсарч яваа тэр л дүр зураг. Үзэл суртлын үед энэ кино гарсан ч зохиолч найруулагч нарын хойч үедээ үлдээсэн үзэл бодлын агуу өв юм шүү. За энэ ч яахав... Х.Чойбалсангаас хойш Ю.Цэдэнбал мөн л энэ улс орны амьд бурхан байлаа. Эцэст нь эх орондоо ч харих эрхгүй хүний нутагт эмгэнэлтэйгээр таалал төгссөн.

Тэр үеийн МАХН, одоогийн МАН нь өөрсдөө хамаг цол тэмдгийг нь хураагаад эх орондоо ирэхийг нь зөвшөөрөөгүй юм... Насан эцэслэсэн хойно нь шарилыг нь хүртэл хүлээж авахгүй гэж гэдэлзэж үзсэн байдаг. Харин Жадамба генерал “ Нам нь удирдагчаа авахгүй бол арми нь маршалаа авья ” гэж байж эх нутгийнх нь ариун шороонд амирлуулсан түүхтэй. МАН ингэж л өөрсдөө өргөмжлөөд дараа нь өөрийн гараар дуусгадаг сурцтай... Энэ нь МАН ын жам ёсны үйлдэл болтлоо төгөлдөршсөн. Арай сүүлийн жишээ гэвэл Намбарын Энхбаяр. 2000 аад оны үед улсын эцэг бүү хэл хаан нь байлаа энэ хүн. Бүх байгууллага, хашаа хороо гудамж талбай Н.Энхбаярын хөрөг зураг. Алтан хоргой дээлтэй, алтан оройтой шүрэн сампинтай малгайтай ай мөн том явлаа. Эхнэр нь Чөлөөт хэвлэлийг дэмжих сан байгуулчихсан бүх хэвлэлд мөнгө таараах ажилтай. Үзэл суртлаа тоть шиг номлуулна. “Дэлхийн хамгийн үзэсгэлэнтэй эмэгтэй О.Цолмонг хараад Японы эзэн хаан атаархав “ гэж бичихдээ тултлаа манай хэвлэлийнхэн ичихээ байсан даа. О.Цолмон хатагтай яг л Маогийн эхнэр шиг л цамнаж байлаа. Засгийн газрын сайдуудаар уух виногоо зөөлгөдөг байсныг манай үеийнхэн л сайн мэднэ дээ. МАН (МАХН )ын залуус нь “намбарван “ хөдөлгөөн байгуулаад дарцаглаж явахад мань мэт нь дооглож бичээд цагдаагийн хаалганд хадаастай л явлаа. Эцэст нь юу болсныг бүгд мэдэх хойно. Намаасаа хөөв. Тэр ч бага хэрэг. Гэр лүү нь цагдаагийн хүчээр дайрч ороод, толгойд нь уут углаж оймстой хөлийг нь гозгонуулаад дамжлаад гарсан даа...

Нэгэн үе Н.Энхбаярыг шүтэж түүнийг хамгаалж далайсан газар нь далд орж байсан Сү.Батболд тэргүүтэй МАН -ын залуусын хийсэн ажил. Дотор нь У.Хүрэлсүх ч намирч явсан даа. 2009 онд Ерөнхийлөгчийн сонгуульд дахин нэр дэвшиж уначихаад Чингэлтэй дүүргийн нөхөн сонгуульд үзчих санаатай намынхаа их хуралд ирэхэд нь “ Даргаа, намын батлахгүй хүн оруулахгүй” гээд хөндөлсөж орхисон юм. Энэ улсын, МАН (МАХН )-ын хаан нь явсан Н.Энхбаяр намын батлахаа байнга халааслаад явна гэж юу байх вэ . Ингэж л “Намбарван” хөдөлгөөн зохиотлоо зусрадаж явсан залуус нь Намбарын Энхбаяраа үр могой мэт залгисан түүх энэ. Түүний дараагийн жишээ Миеэгомбын Энхболд. Мөн л тахин шүтүүлж агуу мундаг, аядуу зөөлөн, хат суусан төрийн түшээ , авгайгаа сольдоггүй, андаа худалдаггүй (Хүүкийн тодорхойлсноор )болж өргөмжлөгдлөө. Хоёр удаа намын дарга боллоо, нам доторх хамгийн хүчтэй хотын фракцийг тэргүүллээ. Ямарсайндаа л төрийн албыг 60 тэрбумаар зарах схем зохиотлоо л энэ намын залуус нь вакумжиж байлаа даа. Мань эрийг МАН сайтар хөөргөж Ерөнхийлөгчийн сонгуульд дэвшүүлж бүх төрийн аппарат тэр чигээрээ, хүчний байгууллагууд, дээрээс нь урлаг соёлынхон дуу дуугаа авалцан дэмжиж мөнгийг хайр найргүй цацаж байсан нь дөрөвхөн жилийн өмнө шүү дээ. МҮОНТ- ээр Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийн халз мэтгэлцээний үеэр “Та их аядуу зөөлөн хүн....таны эхнэр их эрдэмтэй бүсгүй байдаг... ” гэсэн зусрын асуулт хайрцаг дотроос гарч иртэл хөөрцөглөсөн дөө. Сонгуульд ялагдсны дараа МАН уламжлал ёсоороо Миеэгээ “залгилаа”.

Үүнийг У.Хүрэлсүх оройлон гүйцэтгэлээ. “авгайгаа сольдоггүй, андаа худалдаггүй” гэж магтаж байснаа марттал үзэж байсан даа. Учир нь түүний дараагийн тахин шүтүүлэх , улсын эцэг болох эрхэмд Ухнаагийн Хүрэлсүх “нэр дэвшээд” байв. Зүй ёсоор Миеэг зайлууллаа. 2020 онд УИХ д нэр дэвшүүлсэнгүй. Ингээд цэргийн хувцас өмсч, буу шийдэм агсах дуртай, “пи ар” ын үгнээс гардаггүй У.Хүрэлсүх улсын баатар, бахархал, шударга үнэнч, тэмцэгчээр тодорлоо. Нам нь сурсан зангаараа түүнийг онгироож тахин шүтэж хамаг байдгаа бариад давхицгаалаа. Болдог зүйл болдгоороо л болов. Тэр Ерөнхий сайд боллоо, ҮАБЗ- ийн гишүүн боллоо. УИХ-ын даргаар нь түүний найз нь томилогдов. Тэр Монгол улсын Ерөнхийлөгч Х.Баттулгын дэмжлэгт орж хамтдаа нэг баг болж чадлаа. Энэ хоёр хүний хоршил ард түмэнд таалагдаж эхэлв. Монголчууд сүүлийн 30 жилд анх удаа төрийн гурван өндөрлөг хэмээгдэх Ерөнхийлөгч, УИХ ын дарга, Ерөнхий сайд гурав нь эвтэй, нэг санаатай, шударга ёсны төлөө зүтгэлтэй ажиллахыг харлаа. Монголчууд эвтэй байхдаа хүчтэй гэдэг үнэн болохыг олон ажил дээр энэ гурван эрхэм нотолсон юм. Тэд хамтдаа Алтанширээгийн газрын тосны үйлдвэрийн дэд бүтцийг бүтээж, үйлдвэр барих ажлыг эхлүүлж, төмөр замын бүтээн байгуулалтыг жигдрүүлж, Дарханы арьс ширний үйлдвэрийг эхлүүлж, Салхитын мөнгөний ордоор тэтгэврийн зээлийг тэглэж, авилгачдад хуулийн хариуцлага хүлээлгэж шоронд илгээж , АТГ, УЕП , УДШ ийн авилгад өртсөн дарга нарыг хөөж явуулав.

Бурхан дандаа ийм байгаасай... гэвч тэр цаг төгслөө. Х.Баттулга, У.Хүрэлсүх хоёрын эвийг эвдэх гэж хичээгсэд амжилтад хүрлээ. Тун харамсалтай. Үнэхээр харуусам түүх энэ юм. Энд л нөгөө 100 жилийн түүхтэй, 100 жилийн үзэл сурталтай, 100 жил мэргэшсэн МАН ын сурц дахин илрэн гарав. Тэд уламжлал ёсоор Хүүкээ улсын “удирдагч , эцэг“ болтол дээш нь шидэж чадсаан. Тэгж хөөргөж магтагсад байнга шахам “даргаа нам 100 жилийн ойн дээрээ Ерөнхийлөгчтэй болмоор байна аа..... “ , “Та бол хурандаа цолтой цэргийн хүн шүү дээ. Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч болоход сайхан зохино доо... цэрэг командлаад л, генералуудыг дуудаж загнаад л....”, “Танд одоо юу дутлаа гэж Х.Баттулгын дор явах гэж...”, “нам одоо УИХ, Засгийн газраа авлаа. Одоо Ерөнхийлөгчтэй болмоор байна. Та яг тохирно” , “Ард түмэн таныг л хүсэн хүлээж байгаа” гэх мэтээр байнга үгээр хатгаж өдөөж байсан даа. Гэтэл Засгийн газар, ҮАБЗ Оюутолгой, Дубайн гэрээг цуцлах болж, улмаар Ерөнхийлөгч Х.Баттулгын 2017 онд сонгогдохдоо амалсан оффшор бүсийг “дэлбэлэх” ажиллагаа амжилттай болов. Тэд гол буруутан нь Ц.Элбэгдоржийг гарч ирнэ гэж хүлээж байтал Сү.Батболд гараад ирэх нь тэр.

Тэр болтол Хүүк шударга ёсны төлөө тэмцэж явсан үнэн юм. Багаасаа намаар хүмүүжсэн, улс биш намаа нэгдүгээрт тавьдаг, улаан хамгаалагч цолтой хүн үүнийг хүлээж авч чадсангүй. Хүүк өөрийгөө энэ улсын эзэн, ерөнхий сайд, ард түмний хайртай хүү, намын гишүүдийнхээ хайртай удирдагч нь , парламентад 62 суудалтай намын дарга нь гээд яг итгэчихсэн байсан юм. Гэтэл түүний дээр гэнэт “эзэн” гараад ирэх нь тэр. Хүүк шиг давилуун хүнд энэ бол том цохилт болсон байж таарна. Эзэн “огцор” гэлээ, Хүүк огцорлоо. Одоо эзэн нь, 100 жилийн үзэл сурталтай нам нь түүнийг Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвш гэж шахамдуулж байх шиг байна. Мэдээж дараа нь уламжлалт ёсоороо үр могой мэт түүнийг залгина. Эв нь таарвал Оюун-Эрдэнэ, Д.Амарбаясгалан хоёроор залгиулах гэж хичээнэ. Яг л нөгөө Н.Энхбаярыг, М.Энхболдыг залгисан шигээ... Түүнийг хамгийн их дэмжиж, хамгаалж явсан залуучуудаар нь талуулна. Яг л нөгөө бошигыг халах залуучуудын эвлэл нь Данзангаа чирч аваачаад буудчихдаг шиг ээ... Яана даа, Хүүк минь. МАН хэмээх энэ нам үзэл санаа, арга барилын хувьд ердөө ч өөрчлөгдөөгүйг би биш болж өнгөрсөн үйл явдлууд нотолно. Яана даа, яана...

Сэтгүүлч Л.Мөнхбаясгалан

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.