
ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины Луганск мужийн Северодонецк хотын захад тулж иржээ. ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хувьд Украины зүүн хязгаарт байрлах мужуудыг эзэлж, хяналтандаа авах зорилт тавиад байгаа билээ.
Луганск мужийн засаг захиргааны тэргүүн Сергей Гайдай хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр Луганск мужид хүрэх бүх орц гарцыг ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн хаасан гэж мэдээлж байгааг үгүйсгэсэн байна.
ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Северодонецк хот руу 3 талаас довтолж байгаа ба хотын захад ойртон ирсэн байна. Оросын талаас 24 цагийн турш тасралтгүй бөмбөгдөж байгаатай холбоотойгоор хотод үлдсэн иргэдийн нөхцөл байдал маш хүнд байгаа аж. Сергей Гайдай Северодонецк хотод 15 мянга орчим энгийн иргэн үлдсэнийг мөн ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн орон сууцнуудыг санаатайгаар бөмбөгдөж байгааг онцолсон байна.
Өнгөрсөн мягмар гарагт л гэхэд 6 хүн бөмбөгдөлтөнд өртөж нас барсан байна. Хэрэв оросууд Северодонецк хотын хөрш Лисичаньск хотыг эзэлбэл Луганск муж бүхэлдээ оросуудын хяналтанд орох аж.
Украины мэргэжилтнүүдийн тооцоогоор Северодонецк хотын ойролцоо ОХУ-ын зэвсэгт хүчний 25 анги бүрэлдэхүүн буюу ойролцоогоор 13 мянган цэрэг байрлаж байгаа аж. Ерөнхийлөгч Владимир Зеленский оросууд цэргүүдийнхээ тоогоор ч тэр, машин техникээр ч тэр илүү байгааг онцолсон байна. Тэрээр Европын улс орнуудыг Оросын түрэмгийллийн эсрэг нэгдэхийг уриалсан бол Украины Гадаад харилцааны сайд Дмитрий Кулеба барууны орнуудаас Оростой хийж буй бүх худалдаагаа зогсоохыг хүсжээ.
ОХУ-ын зэвсэгт хүчнийхэн Украины баруун өмнөд зүгт байрлах Запорожье болон Кривой рог хотуудыг өнгөрсөн лхагва гарагийн үүрээр бөмбөгджээ. Бөмбөгдөлтөнд орон сууцны 60 гаруй барилга байгууламж, худалдааны төв өртөж, 1 хүн амиа алджээ.
ОХУ-ын Ерөнхийлөгч В. Путин ОХУ-ын зэвсэгт хүчнийхний хяналтанд орсон Украины Херсон хот болон Запорожье мужийн иргэдэд ОХУ-ын иргэншил олгох үйл явцыг хялбаршуулах тухай тогтоолд гарын үсэг зурсан байна.
Украины Гадаад харилцааны яам ОХУ үүгээрээ олон улсад мөрдөгдөж буй хууль журмыг зөрчиж, эзлэн авсан бүс нутгуудаа салан тусгаарлахыг оролдож байна хэмээн буруушаажээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.