ЦЕГ-аас 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчилж, 590 хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгосон

Twitter Print
2020 оны 11-р сар 25-нд 12:54 цагт
Мэдээний зураг,

Эрүүл мэндийн яамны өнөөдрийн 11 цагийн ээлжит хэвлэлийн бага хурлын үеэр Цагдаагийн байгууллагаас мэдээлсэн цаг үеийн мэдээллийг хүргэж байна.

ЦЕГ-ын Дэд дарга, хурандаа Ж.Амгалан "Цагдаагийн байгууллага хуулиар хүлээсэн олон нийтийн аюулгүй байдлыг хангах чиг үүргийн дагуу “COVID-19” халдварын цар тахлын үед урьдчилан сэргийлэх, халдвар авсан хүмүүстэй ойрын болон нэг, хоёр, гуравдугаар хавьтагчийг тусгаарлах, хяналт тавих, тэднийг олж тогтоох ажлыг тасралтгүй зохион байгуулж байгаа. Нийт иргэддээ онцгойлон анхааруулж хэлэхэд, Халдвар авсан иргэдтэй ойр байсан нэг, хоёрдугаар дам хавьтагч гэдгийг Тагнуул, Цагдаагийн Эрүүл мэндийн байгууллагаас албан ёсоор мэдэгдсэн иргэд онцгойлон дэг сахих хэрэгтэй байна.

Ингэж онцгой дэг сахиж байж Иргэн таны эрүүл мэндийг хамгаалах боломж бүрдэх юм. Халдварын хавьтагч иргэд явсан газар орноо санадаггүй, баримжаалдаггүй, зориудаар хэлдэггүй, нуудаг тохиолдол цөөнгүй гарч байгаа. Ойрын болон дам хавьтлын хүмүүс үнэн зөв мэдээлэл өгөхгүй байгаагаас болж энэ халдвар нутагших аюултай учир иргэн бүр хариуцлагаа ухамсарлах шаардлагатай байгаа юм. Энэ 1, 2 болон дам хавьтагч хүнийг олж илрүүлэх ажиллагаа нь цаг хугацаа болон хүн хүч их шаардсан нүсэр ажил юм байна. Хэрвээ буруу, зөрүү мэдээлэл өгөх болон санаатай мэдээллээ хэлэхгүй бол Монгол Улсын /Зөрчлийн тухай хуулийн 5.13 дугаар заалт, Эрүүгийн хуулийн 15. 6 дугаар заалт/ хуулийн дагуу ял, шийтгэл хүлээнэ. Тэгэхээр тухайн иргэн явсан газар орноо санахгүй, худал хэлэх, зориуд санаатай дэг журам зөрчиж халдвар тараасан тохиолдолд Эрүүгийн хуулийн 15. 6 дугаар заалтад, торгохоос эхлээд 3 жил хүртэл ял эдлүүлнэ. Хэрвээ бусдад санаатайгаар өвчин, халдвар халдаасан тохиолдолд 1-5 жил хүртэл хорих ял эдлүүлэх хуультай. Тухайн хавьтагч болсон иргэн заавал дахин дахин шинжилгээ өгөх ёстой.

“COVID-19” халдварын цар тахлаас үүдэн улс оронд учруулах аюул эрсдэлийг онцлон хэлэхэд Нэгд, эдийн засагт ихээхэн сөргөөр нөлөөлнө. Хоёрт, Та болон ойр дотны хүмүүс цаашлаад нийт ард иргэдийн эрүүл мэндэд хохирол учруулна. Гуравт, тухайн иргэн хуулийн хариуцлага хүлээнэ. Цахим орчинд дутуу дулимаг болон худал мэдээллүүд гарч байгааг шалгаж байгаа. Тодруулбал, одоогоор 730 гаруй мэдээллийг шалгаж 39 иргэнийг 7-30 хоногийн хугацаагаар баривчлуулсан, 590 хуулийн этгээдийг 200 гаруй сая төгрөгөөр торгосон арга хэмжээг аваад байна.  “COVID-19” халдварын цар тахлын үеийн онцгой дэглэм, журмыг чанд сахин биелүүлэхийг нийт ард иргэддээ сонордуулж байна" гэлээ.   

Г.Ганаа

 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.