Ковид цар тахлын эсрэг 12 төрлийн вакцин туршигдаж байна

Twitter Print
2020 оны 11-р сар 17-нд 14:05 цагт
Мэдээний зураг,

Аливаа вакциныг эмчилгээнд хэрэглэхээс өмнө олон жилийн судалгаа туршилт хийх шаардлагатай байдаг. Гэвч нөхцөл байдлаас шалтгаалан эрдэмтэд эрүүл мэндэд аюулгүй, үр дүнтэй коронавирусын эсрэг вакциныг ирэх жил гэхэд гаргаж авахаар уралдан ажиллацгааж байна. Одоогийн байдлаар эрдэмтэд хүний биед 54 вакциныг эмчилгээний туршилтаар, 87 эмчилгээний өмнөх вакциныг амьтад дээр турших ажил хяналтын шатандаа явж байна.

SARS-CoV-2 genome -г эмчлэх эмчилгээний арга зам олох ажил энэ оны нэгдүгээр сард эхэлсэн ба анхны аюулгүй вакциныг хүний бие дээр турших ажил гуравдугаар сард эхэлж, oдоогийн байдлаар 12 төрлийн вакцин туршилтын сүүлийн шатандаа явагдаж байна. Эдгээр туршилтын зарим нь бүтэлгүйтэх, зарим нь тодорхой үр дүнд хүрч чадахгүй байх магадлалтай юм. Гэвч цөөн хэдэн вакцин вирусийг эсэргүүцэх идэвхтэй биетүүдийг үүсгэх дархлааны системийг сэргээх боломжтой гэж эрдэмтэд үзэж байна.

1. АНУ-ын биотехнологийн “Moderna” компани 30 мянган сайн дурын оролцогчид /7000 гаруй нь өндөр настан/-ыг хамарсан клиник туршилтын гуравдугаар үе шатыг 10-р сард эхлүүлсэн. Клиник туршилтын эхний судалгаанууд “mRNA-1273” вакцин коронавирусийн эсрэг үр дүнтэй болох нь тогтоогдсон. Хэрэв вакцины судалгаа амжилттай болсон тохиолдолд АНУ-ын Хүнс, эмийн удирдлагын агентлаг 2020 ондоо багтаан уг вакциныг яаралтай горимоор эмнэлзүйд нэвтрүүлэх зөвшөөрөл олгох хүлээлттэй байгаа юм. АНУ-ын Засгийн газар өнгөрөгч наймдугаар сард “mRNA-1273” вакцины 100 сая тунг 1.5 тэрбум ам.доллараар урьдчилан захиалах тохиролцоо хийсэн. Мөн “Moderna” компани Канад, Япон болон Катарын Засгийн газруудтай төстэй хэлэлцээрүүд байгуулаад байгаа юм. Тиймээс мэргэжилтнүүд “mRNA-1273” вакцины нэг тун зах зээлд 12-15 ам.доллараар худалдаалагдана гэх хүлээлттэй байна.

2. Америкийн Pfizer ба Германы BioNTech компаниудын хамтран бүтээн хөгжүүлж буй вакцин нь АНУ, ХБНГУ, Бразил, Аргентин, Өмнөд Африк, Турк зэрэг дэлхийн зургаан орны нийт 43,500 сайн дурынханд туршигдах явцдаа эрүүл мэндийн ямар нэгэн ноцтой гаж нөлөөг үзүүлээгүй бөгөөд нийт оролцогсдын эхний бүлэг хүмүүсийн 90 гаруй хувьд дархлаа тогтоосон байна. Вакциныг бүтээсэн компаниуд өөрсдийн бүтээгдэхүүнээ энэ сарын эцэс гэхэд яаралтай журмаар хэрэглээнд нэвтрүүлэхээр ажиллаж байгаа бөгөөд вакциныг ердийнхөөс богино хугацаанд түргэвчлэн бүтээсэн тул дараа дараагийн шатны судалгаанууд зайлшгүй үргэлжилнэ хэмээн хэлж байгаа.

Туршилтын дараагийн үр дүнгүүд урьдчилсан үр дүнтэй адил амжилт үзүүлсэн тохиолдолд энэ оны эцэс гэхэд вакцины 50 сая тунг нийлүүлэх боломжтой хэмээн тус вакциныг бүтээсэн компаниуд мэдэгдэж буй бөгөөд 2021 оны эцэс гэхэд энэ тоог 1.3 тэрбум тун болгож чадна гэдгээ мөн хэлж буй юм. Дээрх 2 компанийн мэдэгдэлтэй зэрэгцэн дэлхийн зарим орнууд вакциныг захиалж эхэлсэн ба Их Британи улс энэ оны эцэс гэхэд 10 сая тунг, цаашид 30 сая тунг нэмж авахаар захиалаад байгаа аж.

3. БНХАУ- “CanSino Biologics” компани тус улсын Цэргийн анагаахын шинжлэх ухааны академийн Биологийн хүрээлэнтэй хамтран өнгөрөгч гуравдугаар сард “Ad5” буюу аденовирус дээр суурилсан “COVID-19”-ийн эсрэг вакцины клиник туршилтыг эхлүүлсэн. Тус вакцины гуравдугаар шатны эмнэл зүйн туршилтыг 8 дугаар сараас эхлэн ОХУ, Бразил, Чили, Саудын Араб зэрэг улсуудад туршиж байсан. Бразил улс түр хугацаанд уг вакцины туршилтыг зогсоосны дараа туршилтыг үргэлжлүүлэхээр болжээ.

4. ОХУ-Гамалейн нэрэмжит тархвар судлал, микробиологийн үндэсний төв

ОХУ-ын холбогдох байгууллага өнгөрөгч наймдугаар сард “Sputnik-V” вакцины клиник туршилтын гуравдугаар үе шат эхлээгүй байхад эмнэлзүйд яаралтай горимоор нэвтрүүлэх зөвшөөрөл олгосон. Клиник туршилтын хоёр болон гуравдугаар үе шатны судалгаа ОХУ, Беларусь, АНЭУ, Венесуэл болон Энэтхэг улсуудад өрнөсөн. ОХУ-ын шууд хөрөнгө оруулалтын сан нийт 40 мянган сайн дурын оролцогчид хамрагдсан клиник туршилтын үр дүнд “Sputnik-V” вакцин коронавирусийн эсрэг 92 хувийн үр дүнтэй болох нь тогтоогдлоо гэж мэдэгдсэн юм.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Орос улс вакцин амжилттай гарган авсан тохиолдолд эхлээд өөрийн улсын иргэдийг бүрэн вакцинжуулж дууссаны дараа бусад орнуудад худалдах талаар мэдэгдсэн.

5.Johnson & Johnson нь Эбола болон бусад өвчний эсрэг вакцин боловсруулж байсан бол одоо коронавирусын эсрэг вакцин бүтээхээр ажиллаж байна. 3-р сард АНУ-ын Засгийн газраас вакцин бүтээхэд зориулж 456 сая долларын дэмжлэг олгосон. Вакцин нь сармагчин дээр хийсэн туршилтаар хамгаалалтыг бий болгосон.

Johnson & Johnson 9-р сард 60,000 хүнийг хамруулсан 3-р шатны туршилтыг эхлүүлсэн.

Вакцин батлагдсан тохиолдолд 100 сая тун вакциныг 1 тэрбум доллараар худалдах хэлэлцээрийг өнгөрсөн 8-р сард Европын Холбоотой хийсэн. 10-р сарын 8-нд Европын холбоонд 200 сая тунг ижил нөхцөлөөр худалдаалах тохиролцоонд хүрчээ. Тус компани 2021 онд дор хаяж 1 тэрбум тун вакцин үйлдвэрлэхээр зорьж байна.

10-р сарын 12-нд Жонсон ба Жонсонс сайн дурын ажилтанд гарсан сөрөг урвалыг судлахын тулд туршилтыг түр зогсоосон гэдгээ мэдэгдэв.Үүнээс хойш 11 өдрийн дараа туршилтыг дахин үргэлжүүлсэн. Оны эцэс гэхэд тус компани үр дүнд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Коронавирусын эсрэг вакцин бүтээхэд тун ойрхон ирсэн боловч яваандаа бий болох хүндрэл, олон жилийн дараа үүсэж болох эрсдэл байгаа тул судалгаа дуусаагүй хэвээр байна.

АНУ-ын Жонс Хопкинсын их сургуулийн эрдэмтэд вакцин бэлэн болоод нийтийн вакцинжуулалт эхэлсний дараа ч хяналтын судалгаа, шинжилгээ үргэлжлэх ёстой гэдгийг анхааруулсан юм.

Хамгийн сүүлийн үеийн мэдээллээр АНУ-ын Модерна компаний КОВИД19 өвчний эсрэг вакцин 94.5% үр дүнтэй гарчээ.

Эх сурвалж: https://www.nytimes.com/.../coronavirus-vaccine-tracker.html

Н.Нармандах

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.