Их Эзэн Чингис хаан хэзээ мэндэлсэн бэ

Twitter Print
2020 оны 11-р сар 16-нд 10:52 цагт
Мэдээний зураг,

(Эл өдрийг олж тогтоон, хүндэтгэн тэмдэглэх нь Монгол хүн бүрийн, тэр тусмаа туурга тусгаар Монгол төрийн хувьд нэн чухал юм.)

Энэ талаар Төрөөс даалгасан ёсоор тухайлан судалгаа хийсэн түүх бичгийн судлаачид, эрдмийн цолтон эрхэм хүмүүс юу гэж өгүүлсэн болохыг дор сийрүүлэв. (Чингис Хааны зургийг эш хөргөөс буулгав).

Профессор Б.Балжинням: Тэмүжин мэндэлсэн талаар “Монголын нууц товчоо”-нд гурван удаа тэмдэглэгдсэн байдаг. Гэвч тэнд сар өдрийн тухайд тодорхой дурдаагүй. Сүүлийн үеийн баримтаар бол өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг дээр саналтай байгаа. Үүн дээр тогтох нь зүйтэй.

Доктор Г.Аким: Сурвалжуудыг үзэхэд Лувсанданзангийн “Алтан товч”-д байгаа өгүүлбэрийг дараа дараагийн гурван эх сурвалжид яг хуулаад биччихсэн байдаг юм. Зуны эхэн сарын улаан тэргэл өдөр гэж. Яг одоо тэгж явж байснаа гэнэтхэн “Хөх түүх”-ээс эхлээд хойшоогоо өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гээд бас гурван түүхч бичсэн байдаг. Гэхдээ “Арван буянт номын цагаан түүх”-д өнөөдөр мялаагуудын хуримыг ярихаар дөрвөн түүхч нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн гээд Монголын түүхчдээс хэлсэн байдаг. Тэгэхээр өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэг нь зөв.

Ш.Бира: Би бээр Их хааны төрсөн он, сар, өдрийг тусгайлан судлаагүй. Чингис хаан болоод бусад түүхэн хүмүүсийн төрсөн он, сар, өдрийг тогтоох нь тун бэрхтэй гэж үздэг. Яагаад гэвэл манайд төрсөн өдөр бүртгэдэг, тэмдэглэдэг тийм уламжлал байсангүй. Ер нь Монгол хүн чинь насаа нуудаг. Төрсөн жилээ нуудаг, яриангүй тийм байсан. Би гэхэд төрсөн сар, өдрөө мэддэггүй. Манай аав ээж ч төрсөн сар өдрөө мэддэггүй л байсан. Оныг бол тогтоож болно, яг сар өдрийг тогтооно гэдэг тун асуудалтай.

Төрөөс ёсчлохын тулд ойролцоогоор тогтоож болно. Ийм туршлагыг дэлхийн бусад түүхэн хүмүүсийн мэндэлсэн өдрийг тогтооход хэрэглэсэн нь бий. Марко Пологийн замын тэмдэглэлд Чингис хааны мэндэлсэн оны талаар маш тодорхой бичсэн байдаг. Нэлээд олон хуудас бичсэн гэхдээ голдуу Хятад, Перс, Монгол сурвалжуудыг баримталсан. 1162 он Монголын Алтан товч, Саган цэцэн гээд бусад сурвалжуудад байдаг мэдээ Хятадын ихэнх сурвалжуудтай яг таарч байна. “Өвлийн тэргүүн сар” гэдэг дээр би уншиж судалсан номынхоо нөлөөгөөр ч гэх юм уу даа бүрэн итгэлтэй байдаг.

Зохиолч, сэтгүүлч Л.Пүрэвдорж: Миний олж мэдсэнээр түүхийн есөн сурвалж бичигт Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг бичсэн байдаг. Үүний зургаад нь өвлийн эхэн сарын шинийн нэгэн, гуравт нь зуны эхэн сарын 16 гэж тэмдэглэсэн байна. Энд нэг зүйлийг онцлон хэлмээр байна. “Арван буянт номын цагаан түүх”-нд мялаагуудын баярыг арван сарын шинийн гурванд хийнэ гэсэн байгаа. Тэгээд дараагаар нь Галдан туслагчийн “Эрдэнийн эрих”-д гэхэд угаалгын мялаалга гээд тайлаад биччихсэн байдаг.

”Арван буянт номын цагаан түүх” сударт өгүүлснийг багцлан үзвэл, Тэмүжинийг эхээс төрөөд гурав хономогц угаалга үйлдэж, манцуйд өлгийдөж, тасмаар боож, мялаагуудын хурим хийснийг Хубилай сэцэн хааны үеэс үе улируулан ёслол төгөлдөр тэмдэглэж иржээ. Үүнийг Хубилай хааны зарлигаар тогтоосон юм шүү дээ. Хубилай хаан өвөг эцгээ нас нөхчөөд 60 жил ч өнгөрөөгүй байхад төрийн албан ёсны зарлиг гаргахдаа андуураагүй байх гэж бодож байна. Их хааныг Сартуулаас бууж ирэхэд нь ангийн тосоор мялаалгаж байсан өөрийн ухаан орчихсон хүн бол Хубилай хаан байсан тул тэр тусмаа зарлигтаа сар, өдөр андуурч тогтооно гэж байхгүй болов уу хэмээн бодож байна. Энэ бол Хубилай хааны зарлигийн сурвалжтай юм шүү.

“Монголын нууц товчоо”, Саган Сэцэний “Эрдэнийн товч” болон “Монголын Юан гүрний түүх” зэрэг сурвалжид Тэмүжиний мэндэлсэн сар өдрийг тэмдэглэсэнгүй л дээ. Рашид ад Диний “Судрын чуулган”-д бүр хамаагүй бичсэн байдаг. Гадаадын хүн учраас бид уучлах учиртай. Рашид ад Дин хүний амаас бичсэн л гэдэг юм. “Алтан дэвтэр” нь өнөөгийн бидэнд ирсэнгүй л дээ. Тийм учраас өвлийн эхэн сарын шинийн нэгэнд мэндлээд шинийн гурванд угаалга тайлга, мялаагуудын хурим хийжээ гэдгийг түүхэн сурвалжуудын ихэнхид нь тэмдэглэсэн байгаа юм.

Доктор А.Пунсаг: Миний ерөнхий үндсэн санал бол холбогдох сурвалжийн мэдээ болоод түүхэн үйл явдлын үндэслэлээр бол Чингис хаан өвөл төрсөн буюу өвлийн эхэн сард төрсөн гэдэг нь илүү түүхэн баримттай байгаа. Чингис хааны төрсөн газар Онон мөрний эх Дэлүүн болдог гэж ярьж байгаа. Энэ Дэлүүн болдог бол бараг өвөлжөөний нутаг байсан юм шиг иймэрхүү ул мөр ажиглагддаг. Хар зүрхний хөх нуур зуслангийн газар байсан бол өвөл Онон мөрний эрэг Дэлүүн болдогт өвөлжөөний нутаг байсан байх гэдэг таамаглал гарч байгаа.

Хоёрдугаарт, Чингис хааны төрөх үед Зарцуудаа өвгөн булган дээлээ хүргэлээ гэж байгаа. Монголчууд хэдийгээр бэлгийг бэлгэдлийн чанартай өгдөг гэх боловч харин өгөх бэлгээ зөв сонгодог. Зуны аагим халуунд булган дээл өгөхгүй байх. Эзэн хааны сүүдэр тохиосон цаг хугацааны хувьд өвөл байсан болов уу гэдэг баримт мэдээ олон байгаа. Манай түүхийн хүрээлэнгийн судлаачдын хувьд “өвлийн эхэн сарын шинийн нэгэн” гэдэг нь түүхэн үнэнд илүү ойр хэмээн үздэг. Энэ дүгнэлтийг нотлох хамгийн ойрын баримт нь тэрхүү угаалга, мялаалга юм. Өнөөдөр ч гэсэн Өвөрмонголын Ордосын цахар, үзэмчин ястнууд хүүхэд төрсний дараа гурав хоногт нь угаалга мялаалга хийдэг ёс уламжлал хадгалагдаж байгаа.

Доктор О.Сүхбаатар: “Монголын нууц товчоо”-г уншихаар 59, 97, 211 дүгээр зэрэг гурван зүйл дээр Чингис хааныг Ононы Дэлүүн болдогт төрсөн гээд тодорхой хэлсэн байдаг. Чингис хааны төрсөн огноог “Монголын нууц товчоо”-нд дурдаагүй явдал бол хуучны бөөгийн заншилтай холбоотой байх. Нөгөө нэг талаар Чингисийн угсааны олон тайж нар байсан. Зөвхөн Ар халхад гэхэд 1918 оны хүн амын тооллогоор 13300 тайж байсан. Тэд төрөл бүрийн тахилга ёслол хийхдээ ерөөсөө Чингис хааны төрсөн өдөр гэх зүйлийг баримталж байгаагүй. Харин Чингис хааны иш зураг гэж юмыг тахиж байсан. Үүнийг бодоод үзэхээр “Монголын нууц товчоо”-нд тэр өдрийг зориуд нуусан байх магадлалтай. Яагаад нуусан гэхээр хүний төрсөн өдөрт янз бүрийн хараал жатга хийдэг, үүнээс л болгоомжилсон болов уу.

Судлаач Н.Нагаанбуу: Ганцхан зүйл хэлэхэд Чингис хаан өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн нь үнэн.

Доктор, профессор Х.Шагдар: Би Чингис хааны талаар 20-иод жил судалгаа хийж байна. Өвлийн эхэн сарын шинийн нэгэнд төрсөн гэдэг зөв. Монголчууд намар шинэ он эхэлдэг гэдгийг хорьдугаар зууны эхэн хүртэл хэрэглэж байсан. Миний бодоход Чингис хааны төрсөн өдөр өвлийн эхэн сарын шинийн нэгэн гэдэгтэй зөрөхгүй.

Академич Б.Энхтүвшин: Эзэн богд Чингис хааны төрсөн сар, өдрийг тогтоох нь Монголчууд түүхээ мэдэх, ялангуяа залуу үе маань өвөг дээдэс, эх орныхоо түүхээр бахархах, нэг тодорхой өдөрт Чингис хааныхаа гэгээн дурсгалыг хүндэтгэх, энэ талаасаа бол их ач холбогдолтой болой.. Тэр өдөр нь өвлийн тэргүүн сар хэмээн гэж бодож байна.

Доктор, профессор Ш.Чоймаа: Чингис хааны мэндэлсэн оны тухайд гадна дотнын олон түүхэн эх сурвалжид тэмдэглэсэн байдаг. Энэ баримтуудыг үзэж нягтлахад дэлхийн монголч эрдэмтэд, түүхчдийн хүрээнд 1162 он дээр тогтсон. Чингис хааныхаа мэндэлсэн жил, сар өдрийн тухай гол мэдээ баримт агуулсан сурвалж бичгүүд монгол бичиг, хятад, перс, уйгур, төвд зэрэг хэл бичгээр уламжлан иржээ гээд түүхэн сурвалжууд дотор Жамбалдоржийн “Болор толь”, Ордосын түүхч Гончигжавын “Сувд эрих”, мөн “Хөх түүх”, эдгээр гурван сурвалжид өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд төрсөн гэж тов тодорхой тэмдэглэсэн байгаа. “Чингис хааны үе улирлыг тэмдэглэсэн хаадын үндэсний шастир "Хөх түүх”-д “...Тэнгэрээс заяат Есүхэй баатрын хатан үзэсгэлэнт Өгэлэн эх хэмээхүйн умайд оршоод, төгс арван сар гүйцэж, тэндээс гутгаар жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ үүр гийхийн цагт гайхамшигт бэлгэ төгссөн үзэсгэлэнт гэгээн биеийг мэндлэв” хэмээсэн байна.

Өөр нэг баримт бол Эзэн богд Чингис хааны мэндэлсэн өдрийг “Арван буянт номын цагаан түүх” болон эзэн хорооны тахилга тайлгын судар, өнөө хэр уламжилж ирсэн зан үйлээс бас тодлох боломжтой. Эзэн хорооны жилийн дөрвөн тайлгын нэг мялаагуудын хуримыг аравдугаар сарын гурванд хийхээр тохируулсан байдаг. Аравдугаар сар гэдэг нь Монголоор бол өвлийн тэргүүн сар юм. Мялаагуудын хурим буюу тасмын тайлга нь Тэмүжин мэндлээд гурав хономогц угаалга үйлдэж, баяр хурим хийснээс үүдсэн зан үйл юм.

Ордосын онгоны дөрвөн улиралд хийдэг тайлгаас өвлийн тайлгыг “Их тайлга” хэмээн нэрийдэж, алтан ургийнхан оролцож ихэд хүндэтгэн үйлддэг нь Их хааны сүүдэр тохиосон өдрийг машид дээдлэсний учир болой. Ордос бол Чингис хааны эзэн хороо, онгоны тахилгын ёсыг уламжлан хадгалж байгаа газар бөгөөд Хубилай хааны үеэс тахилга тайлга бий болгосон энэ газарт Чингис хааны тэмдэглэлт өдрийг үе улируулан зөвөөр нь авч ирсэн байх учиртай. Мөн тахилга тайлгын болон түүхэн сурвалжийн судар шастир нэлээд сайн уламжилсан байх ёстой. Тиймээс ялангуяа Ордосын Гончигжавын 1835 онд бичсэн "Сувд эрих" хэмээх түүхийн сурвалж бичигт, “Есүхэй баатрын их хатан үзэсгэлэнт Өгэлэн III жарны хар морин жилийн өвлийн тэргүүн сарын шинийн нэгнээ, гайхамшигт бэлгэ төгссөн гоо жавхлант нэгэн хөвгүүн гартаан гэрэлт улаан эрдэнэ атгаснаар мэндлэв.” гэж бичсэн.

“Арван буянт номын цагаан түүх” гэдэг түүхэн сурвалжийг Хубилай хаан өөрөө зохиосон гэдэг. Ямар ч гэсэн Хутагтай сэцэн хун тайжийн засан найруулсан эх бидний үед уламжилсан. “Арван буянт номын цагаан түүх”-д Чингис хаан өвлийн тэргүүн сарын шинийн нэгэнд мэндэлж, шинийн гурванд угаалгын ёслол хийж, угаалга үйлдэж, тасмаар боож, мялаагуудын хурим хийсэн тухай мэдээлсэн байдаг. Тасам гэдэг нь хүүхэд төрөөд гурав хономогц угаалга хийж, өлгийг нь ороож уядаг тусгай бэлдсэн нарийн сур. Өвлийн тэргүүн сарын шинийн 3-нд хийдэг энэхүү тасмын тайлгыг бас мялаагуудын хурим гэдэг нь одоо ч буриад зон дотор тэмдэглэж байдаг угаалгын хурим баяр хийсэн өдөр юм.

Одоогийн Халимагууд мялаагууд гэдэг үгийг төрсөн өдрийн баяр гэж үздэг. Оросын Санктпетербургт хадгалагдаж байгаа эх сурвалжаас Цэвээн гуайн 1910 онд хуулж ирсэн баримтад яах аргагүй өвлийн тэргүүн сарын шинийн гурванд мялаагуудын хурим хийдэг гэсэн байдаг .Ордосын онгоны дөрвөн улирлын тахилга тайлгыг хэзээ журамлан тогтоосон тухай Галдан туслагчийн "Эрдэний эрих"-д "Сэцэн хан бээр арван буянт номын засгаар дэлхий дахиныг энхжүүлэн жаргуулж мянган алтан хүрднийг эргүүлэгч Чакарварын сэцэн хан (Хувилай хаан) хэмээн хотол зүгүүдэд алдаршив. Гучин зургадугаар он модон хонин жилээ дээд өвөг Богд Чингистаны гэгээн онгоныг үе улиран, үрийн үрийг хүндэтгэн тахиулахын учир тайш, тайбу, зайсан, хонжины зэрэг найман их ямтан тавьж гурван сарын арван наймнаа зуслан авч, хорин нэгнээ ерэн есөн цагаагч гүүгээ барьж, цагаан сацал сацсан журмын өдөр, таван сарын арван тавнаа зулаг ба гүүний үрс гаргасан журмын өдөр, есөн сарын арван хоёроо ширэгэ (сэргэ буюу зэл уяа) ба гүүгээ тавьж унаганы ногт шилбэ угаасан журмын өдөр, арван сарын шинийн гурванаа Богд Чингис хааны гэгээн бие гийснээ угаасан мялаагудын журмын өдрүүдэд дөрвөн цагийн дэлгэрэнгүй тайлга тогтоон өргөж элдэв ёслол ба хишиг түгээх хүртүүлэх тэргүүтэн ёсыг тогтоожээ" гэсэн нь "Арван буянт номын цагаан түүх"-тэй авцалдаж байгаа юм.

Мөн Монгол хэл, түүх соёлын гайхамшигт дурсгал “Монголын нууц товчоо”-нд “Тэнд Есүхэй баатар Татарын Тэмүжин-Үгэ, Хори-Буха тэргүүтэн Татаарыг дагуулж ирвээс, тэнд Өэлүн-Үжин хээлтэй (хөл хүнд) бүрүүн, Ононы Дэлүүн Болдогоо (Болдогт) бүхүйд зөв тэнд Чингис хаан төржүхүй” гэсэн байдаг. Энд он цагийг хэлээгүй боловч чухал зүйл мэдээлж байгаа юм. Учир нь монголчууд татаруудаас Амбагай хааны өшөөг авах гэж олон удаа дайлж мордсон. 13 удаа хатгалдаад, өшөөг өшиж хяслыг хясаж эс чадлаа гэж “Монголын нууц товчоо”-нд тэмдэглэсэн бий. Тухайн үед дайн хийхэд хамгийн боломжтой буюу морьд тарга хүчтэй, цаг агаар таатай үеийг сонгох учиртай. Тэгэхээр ямар ч он цаг хэлээгүй юм шиг “Монголын нууц товчоо”-ны энэ мэдээллээс Есүхэй баатар бээр эртний өшөөг авахаар Татаар руу довтлоод ялалт байгуулж ирсэн цаг үе нь "агт таргалж, нум хатуурсан" намрын адаг, өвлийн эхэн сард байх ёстой гэдэг учир зүйн шалтгааныг өгүүлж байгаа юм.

Дээрхийг өгүүлэн эс өгүүлэх нь, Их эзэн Богд Чингис хааны мэндэлсэн өдрийг өвлийн тэргүүн сарын шинийн нэгэн гэдэгт тэд санал нэгдэж, Төрийн Тэргүүнд айлтгал юугаа өргөсөн нь ийм учиртай бөлгөө.

Ийнхүү түүхэн эх сурвалж болон эрдэмт мэргэдийн судалгаа гаргалгаанд үндэслэн Монгол улсын Ерөнхийлөгч 2012 оны нэгдүгээр сарын 9-ний билэгт сайн өдрийг сонгон дөрвөн тоот Зарлиг буулгаж, жил бүрийн Өвлийн тэргүүн сарын шинийн нэгнийг Монгол түмнээрээ бахархан тэмдэглэдэг МОНГОЛ БАХАРХАЛ-ын өдөр болгон олноо тунхаглан зарласан учир энэ ажгуу.

Монголын Цахиагийн Элбэгдорж

2020.11.16

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.