С.Жеррард 27 жилийн амьдралаа холбосон багаа орхих шийдвэр гаргалаа

Twitter Print
2015 оны 01-р сар 03-нд 10:10 цагт
Мэдээний зураг,

“Ливерпуль” клубын амьд домог С.Жеррард энэ улирал дуусаад багаа орхино гэсэн мэдээллийн дараа Европын хэвлэлүүд түүнийг хаана очих талаар шуугиж эхэллээ. Мөн С.Жеррард өөрийн мэдэгдлийг олон нийтэд бүрэн эхээр нь дэлгэсэн байна. Тэрээр ярихдаа “Энэ бол намайг болон миний гэр бүлийн санааг нилээд зовоосон амьдралын минь хамгийн хүнд шийдвэр байлаа. Өөрийн ирээдүйн талаарх цуурхалуудад дасгалжуулагч болон багийн нөхдүүдийн сэтгэлийг хоёрдуулахгүйн тулд би одоо албан ёсоор мэдэгдэл хийж байна. Ливерпуль клуб бол бид бүгдийн амьдралд олон жилийн турш маш том хэсэг нь байсаар ирсэн. Тийм болохоор баяртай гэж хэлэх хэцүү байх болно. Гэхдээ энэ бол миний гэр бүл болон клубтэй холбоотой бүх хүмүүсийн аль алинд нь тустай зүйл гэж би бодож байна. Би үргэлжлүүлэн тоглоно. Харин яг одоо хаана гэдгээ тодорхой хэлж чадахгүй нь. Гэхдээ би Ливерпультэй өрсөлдөх эсвэл Ливерпулийн эсрэг тоглох боломжтой багт тоглохгүй гэдгээ хэлж чадна. Энэ бол миний хэзээ ч хийж чадахгүй зүйл. Мөн зуун хувь миний карьер дахь хуримтлуулахыг хүсч буй өөр туршлагатай холбоотой шийдвэр. Бас тоглох карьераа дуусгахдаа ямар ч харамсах зүйлгүй байхыг л би хүсч байгаа. Миний энэ шийдвэрийг хүлээн авч буй Б.Рожерс, клубын эзэд болон энэ клуб дэх бүх хүнд би талархал илэрхийлэхгүй байж чадахгүй нь. Мөн би багийнхандаа болон бүх албан хаагчдынхаа туслалцаа, дэмжлэгт талархал илэрхийлмээр байна. Ливерпуль бол байж болох маш онцгой газар. Миний чин сэтгэлийн хүсэл найдлага бол хэзээ нэг өдөр Ливерпульд үйлчлэхээр эргэн ирж ямар ч хүчээр хамаагүй чадах бүхнээрээ клубдээ туслах. Илэрхийлэх бас нэг чухал зүйл бол өнөөдрөөс улирлын сүүлийн тоглолт хүртэл би өөрийгөө урьд өмнөх шигээ бүрэн зориулж, Багаа гурван оноо авахад шаардлагатай бүх зүйлийг хийх болно. Өөрийн сүүлийн мессежээ Ливерпулийг Дэлхийн хамгийн агуу клуб болгодог хөгжөөн дэмжигчдэд зориулж байна. Та бүхнийг тоглогчийн хувиар болон ахлагчийн хувиар төлөөлах гайхалтай хэрэг. Би үүнийхээ хором бүрийг нандигнадаг шүү. Миний чин хүсэл бол энэ улирлыг болон өөрийн ЛЛиверпулийн карьераа өндөр түвшинд төгсгөх юм” гэсэн аж.

Английн шигшээ болон “Ливерпуль” клубын төлөө олон жил тоглосон С.Жеррард ийнхүү багаа орхих хүнд боловч, нэр хүндтэй шийдвэрийг гаргалаа. 16 жил “Хотон шувуунууд”-ын төлөө тоглохдоо 10 цом хүртэж, “Аваргуудын лиг”-ийн зууны шилдэг финалд багаа гайхалтай ялалт байгуулахад үнэтэй хувь нэмэр оруулсан түүнийг өнөөдөр “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэн сая сая хөгжөөн дэмжигчид нь нүдэндээ нулимстай үдэж гаргахад бэлэн болжээ. Гэхдээ ирэх зун хүртэл зургаан сар байна. Энэ хугацаанд агуу Жеррардын гайхамшигт тоглолтыг үзэх боломжтой юм.

Мэргэжлийн хөлбөмбөгийн асар их боловч, ахархан богино карьерынхаа хугацаанд ихэнх тамирчид олон баг сольдог. Харин нэг багтаа бүх амьдралаа зориулна гэдэг тухайн тамирчнаас асар тэсвэр тэвчээр, ухаан шаардана. Ямар ч баг мөнхийн аварга байж, жил бүр цом өргөхгүй. Хөлбөмбөгт хөгжөөн дэмжигч мөнхийн байдаг. Бусад нь цаг хугацаатай. Тэр мөнхийн зүйлд хүлээн зөвшөөрөгдсөн хэдхэн тоглоч байдаг. Зарим нэг нэр дурдахад Италийн “Рома” багийн Ф.Тотти Мөнхийн хотын багийн төлөө 1992 оноос хойш 22 жил тоглож байна. Мөн Испанийн “Реал Мадрид”-ын Рауль 1994-2010 оны хооронд 16 жил тоглохдоо “Аваргуудын лиг”-т гурван удаа түрүүлж баг нь ид мандаж байхад ч цуг байсан. Дэлхийн шилдэг хөлбөмбөгчдийг элсүүлээд гутамшигт ялагдал олныг хүлээсэн он жилүүдэд ч “Реал Мадрид”-ын төлөө тоглож байсан. Өнөөдөр Ф.Тотти, Рауль хоёрыг төрөлх хотынх нь хөгжөөн дэмжигчид төдийгүй дэлхийн өнцөг булан бүрт тэднийг хүндэлдэг.

Үүнтэй нэгэн адил Ливерпуль хотын хөлбөмбөгийн багийн төлөө 17 дахь жилдээ тоглож байгаа С.Жеррардыг сая сая хөгжөөн дэмжигчид нь “Хотон шувуу”-ны өмсгөлтэй тоглохыг нь харахыг хүсч байгаа. Гэхдээ эрийг нас, уулыг цас дардаг гэдэг. Долоохон настай бяцхан Жеррард хүүхдийн академид элсэж байсан бол өнөөдөр 35 нас хүрчээ. Амьдралынхаа 27 жилийг Ливерпуль хотод өнгөрүүлсэн С.Жеррард нэр төртэй багаа орхилоо. “Тулалдаанд зөвхөн шонхорууд нисдэг”. С.Жеррард багийнхаа төлөө яг л шонхор шиг зүтгэж олон цомыг хотдоо авч ирж, хөгжөөн дэмжчигчдээ баяр цэнгэлд умбуулсан.

Одоо С.Жеррардын цаг дуусчээ. “Эйнфильд” цэнгэлдэх хүрээлэнд амралтын өдөр бүр цуглардаг мянга мянган хөгжөөн дэмжигчид нь түүний өмнө мэхийн ёслох үлдэж байна.

 

С.Жеррард энэ хараад зогсч байгаа цомыг авахын тулд "Дэлхийн шигшээ"-г хожих хэрэгтэй болсон. Гэхдээ тэр үүнийг чадсан. Хөлбөмбөгийн бурхан тэнгэр түүний ур чадварын өмнө мэхийн ёслож буйгаа энэ цомоор илэрхийлсэн гэж хэлэхэд буруутахгүй байх. Миний Жеррард одоо хаана тоглох бол.

Сэтгүүлч М.Золбаатар

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.