ЮНЕСКО-ийн дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах Дэлхийн өдөр тохиолоо

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 10:51 цагт
Мэдээний зураг,

Анх 2005 онд Парис хотод болсон ЮНЕСКО-гийн Нэгдсэн чуулганы 33-р хэсэг дээр 10 дугаар сарын 27-ны өдрийг дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр болгохоор зарласан байдаг. Архивын ерөнхий газар 7 дахь жилдээ буюу 2013 оноос хойш уг өдрийг тэмдэглэн өнгөрүүлж байна.

Үндэсний төв архивын Кино, гэрэл зураг, дуу авианы баримтын архивд 35мм-ийн хальсны уран сайхны кино, гэрэл зураг, дуу авианы соронзон бичлэг, пянз, кассет зэрэг 14 нэр төрлийн тээгч дээрх баримт хадгалагддаг. Эдгээр хосгүй үнэт соёлын өвийг түгээн дэлгэрүүлэх, “Дуу, дүрс бичлэгийн өвийг хамгаалах дэлхийн өдөр”-ийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд өнөөдөр Архивын ерөнхий газраас Хууль зүй, дотоод хэргийн яам, Соёлын яамны дэмжлэгтэйгээр Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын хувийн хөмрөгийг хүлээн авч, мөн урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбожавын Жигжидсүрэнгийн Анхны алхам киноны 50 жилийн ойд зориулан гаргасан “60:50 Анхны алхам” номын нээлтийг хийлээ.

Уг үйл ажиллагаанд Соёлын яамны Төрийн нарийн бичгийн дарга Г.Эрдэнэбат, Архивын ерөнхий газрын дарга С.Энхбаатар, Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, кино найруулагч Гомбожавын Жигжидсүрэн, түүний гэр бүл, Ардын жүжигчин Д.Чимэд-Осорын хүү Ч.Болд болон түүний гэр бүл, урлаг судлаачид, Архивын ерөнхий газрын удирдлагууд, алба хаагчид болон бусад зочид төлөөлөгч нар оролцлоо.

Дэндэвийн Чимэд-Осор нь Монголынх тайз дэлгэцийн урлагт 50 гаруй жилийг зориулсан авьяаслаг жүжигчин найруулагч төдийгүй найрагч байжээ. Түүний зохиосон дуу, шүлэг, кино, жүжгийн зохиол нь ард түмний дунд амьдарсаар байдаг төдийгүй “Гологдсон хүүхэн”, “Нүгэл буян”, “Зэрэг нэмэхийн өмнө”, “Тамирын охин”, “Хонины найр” зэрэг олон сайхан киноны ерөнхий найруулагчаар ажиллаж байв.

Түүний хувийн хөмрөг нь гурван үеийн түүх, намтар, шагнал урамшуулал, одон медаль, ажил хэргийн баримт, уран бүтээлийн баримт, өөрийн бичсэн ном, зохиол, түүний уран бүтээлд зориулан гаргасан ном, зохиол, сонин, сэтгүүлд нийтлэгдсэн баримт, дэвтрийн цуглуулга, гэргий Ш.Дондовд холбогдох баримт зэрэг эд өлгийн зүйлээс бүрдэж байгааг ангилан төрөлжүүлж, хөмрөг үүсгэснээр Үндэсний төв архивын сан хөмрөг нэгэн алдарт жүжигчний хувийн хөмрөгийн баримтаар аривжиж байна.

Ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн Гомбожавын Жигжидсүрэн бол зөвхөн кино зохиолч, найруулагч бус монгол киноны амьд судар, монгол кино урлагийн салбарын ачааг 60 шахам жил үүрэлцсэн түүчээлэгчдийн нэгэн ажээ. “60:50 Анхны алхам” ном нь “Анхны алхам” кино хэрхэн бүтсэнийг кино бүтээгчийн хувийн түүхэн хүүрнэл, зөвхөн зургийн талбай дээрээс олдохуйц түүхэн баримтууд, уран бүтээлчдийн ярилцлагад тулгуурласан бүтээл бөгөөд урлаг судлалд үнэ цэнтэй төдийгүй кино баримтын ашиглалтыг сайжруулах, архивын эрдэм шинжилгээний лавлах сан бүрдүүлэхэд чухал ач холбогдолтой юм.

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.