Хотын дарга үйлчилгээний газрууд маскгүй хүнд үйлчлэхгүй байх чиглэл өглөө

Twitter Print
2020 оны 10-р сар 28-нд 10:08 цагт
Мэдээний зураг,

Нийслэлийн Онцгой комиссын 14 дүгээр хуралдаан өчигдөр боллоо. Хуралдаанаар Коронавируст цар тахлын нөхцөл байдлын талаар нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар мэдээлэл хүргэв. 

Тэрбээр “Монгол улсад зөөвөрлөгдсөн тохиолдол 340, эдгэрэлт 312, эмчлүүлж байгаа 28 өвчтөн байна. Нийслэлийн Түргэн тусламжийн төв нь коронавируст халдварын үед ажиллах 10 багийг томилгоожуулж, бэлэн байдлыг ханган ажиллаж байгаа бөгөөд тусгай үүргийн 68 удаагийн нислэгээр ирсэн 272 зорчигчдыг эрэмбэлэн ангилж, ХӨСҮТ, Цэргийн төв эмнэлэгт хуваарилагдсан иргэдийг хүргэх үйлчилгээг гүйцэтгэн ажиллаж байна. Нийслэлийн хэмжээнд амбулаторийн 95585 үзлэг хийснээс томуу, томуу төст өвчтэй 4004 тохиолдол оношлогдсон буюу нийт үзлэгийн 4.2 хувийг эзэлж байна” гэв. 

Мөн энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Нийтийн тээврийн үйлчилгээнд амны хаалт зүүгээгүй иргэдэд үйлчлэхгүй байх шаардлага тавьж, иргэдийг коронавируст цар тахал, томуу, томуу төст өвчнөөс өөрийгөө болон бусдыг хамгаалан, урьдчилан сэргийлж иргэний үүргээ биелүүлэхэд холбогдох байгууллагууд зөвлөж ажиллах шаардлагатай байна. Боловсрол, соёл урлаг, үзвэр үйлчилгээ, олон нийтийг хамарсан арга хэмжээ, зах худалдааны төвүүдэд ариутгал халдваргүйжүүлэлтийг тогтмол хийлгэж, халдвар хамгааллын дэглэмийг сахиулах шаардлагатай. Иргэн, аж ахуйн нэгж байгууллагууд нийгмийн хариуцлагын хүрээнд “Маскаа зүүцгээе, гараа угаая” аяныг зохион байгуулж, маскаа тогтмол зүүж хэвших, маскгүй иргэнд үйлчлэхгүй байх шаардлагыг тавьж, албан даалгаврын хэрэгжилтийг хангуулж ажилла” хэмээн холбогдох нутгийн захиргааны байгууллагын удирдлагуудад үүрэг чиглэл өгөв. 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.