Башар Асад тулааны тэргүүн эгнээд шинэ оноо угтав

Twitter Print
2015 оны 01-р сар 02-нд 12:19 цагт
Мэдээний зураг,

Сирийн ерөнхийлөгч Башар Асад шинэ оныг армийн бие бүрэлдэхүүнийхээ хамт тулааны тэргүүн эгнээд тэмдэглэжээ. Тэрээр сүүлийн үед олсон ялалтынхаа үр дүнг тэмдэглэж, цэргийнхэнд байр хүргэсэн байна. Сүүлийн хэдэн сарын хугацаанд ширүүн тулалдаан явуулж Дамаск хотын зүүн хойд хэсэг Жобар дүүрэгт хяналт тогтоосондоо Башар Асад сэтгэл өндөр байгаа аж.

"Ирж байгаа шинэ он бидний бүх ард түмэнд найдлага төрүүлж байна. Терроризмын эсрэг зогссон манай зэвсэгт хүчний ялалт улам илүү олон хүнд итгэл найдвар өглөө" гэж тэрээр галын тэргүүн эгнээд очихдоо мэдэгджээ. Түүний сэтгэлийн энэ илэрхийлэлийн хариуд Сирийн армийн офицерууд улс орныхоо "тогтвортой аюулгүй байдлыг цаашид сахин хамгаалахаа" мэдэгдсэн байна.

Эх оронч дайчин хөгжмийн аялгуу дор Ерөнхийлөгч Башар Асад цэргүүддээ баяр хүргэн гар барьж, тэвэрч үнсэж байгаа дүрс бичлэгээс харахад тэрээр тэргүүн эгнээний дайчдын хамт хээр йн нөхцөлд таарсан хүндэтгэлийн зоог барьсан байна.

Сирийн армия Жобар дүүргийн 90 хувийг хяналтадаа аваад байгаа тухай мэдээлэл хэдэн долоо хонгийн өмнө тарж байсан бол босогчдын гол түшиц цэг болж байсан тус дүүрэг лалын босогчид бүхэл бүтэн сүлжээгээр холбогдсон асар урт хонгил ухаад байсны улмаас эзлэн авахад томоохон хүндрэл тулгарч байсан бөгөөд бүтэн нэг жил гаран хугацаанд тулалдаан өрнөсөн байна.

Жобар дүүргийн төлөө тулааны олон бичлэг интернэтэд тавигдсан байдаг бөгөөд уг бичлэгүүдээс лалын босогчид энгийн оршин суугчдын эсрэг зэрлэг догшин ажиллагаа явуулж, танк зэрэг хүнд хуягт техникийн хүчээр дарангуйлж байгаа нь илт тодорхой дүр зураг харагдаж байгаагийн зэрэгцээ Сирийн агаарын цэргийн хүчин тус дүүргийг арван удаа бөмбөгдөж, пуужингаар буудаж байсан удаатай аж. Арванхоёдугаар сарын 31-ны өдөр гэхэд Жобар дүүрэгт Сирийн армийн 25 цэрэг амь үрэгдэж, олон арван хүн шархадсан байна. Шинэ он гараад ч тулалдаан үргэлжилсээр байгаа бөгөөд пуужингаар харвах, пулемётоор буудалцах дуу чимээ тасрахгүй байгаа тухай Reuters агентлаг мэдээлсэн байна.

Өнгөрсөн 2014 он Сирийн дайн эхэлсэнээс хойш хамгийн хүнд жил болсон байна. 2011 оны гуравдугаар сард анх эхэлсэн уг иргэний дайнаар өнөө хүрэхэд 200 мянга гаруй хүн амь үрэгдээд байгааг НҮБ-аас албан ёсоор тэмдэглэсэн билээ. Зөвхөн 2014 онд гэхэд 76021 хүн дайны золиос болсон тухай Сирийн хүний эрхийг хангах хяналтын төвөөс өчигдөр пүрэв гарагт мэдэгдсэн байна. үүнээс тал хувь нь (33278) энгийн иргэд байгаа аж.

Сирийн засгийн газрын цэргийн хүчний эсрэг лалын шашны суурь, хэт туйлширсан үзэлтэй олон янзын бүлэглэл тулалдаж байгаагийн дотор Иракт нөлөөгөө тогтоосон "Лалын улс" бүлэглэл хамгийн идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа билээ.

АНУ болон холбоотон улсуудын нэгдсэн цэргийн хүчин өнгөрсөн оны есдүгээр сарын 23-ны өдрөөс “Лалын улс"-ын байрлалд агаараас цохилт өгч эхэлсэний зэрэгцээ наймдугаар сараас мөн Иракт байлдааны ажиллагаа явуулж ирсэн билээ.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.