
Дэлхий дахинд өнөөдөр гурван мянга орчим хэл устаж үгүй болох гэж байна. Сонирхолтой нь эдгээр хэлнүүдийн дотор буриад хэл орсон байгааг Хавайн их сургуулиас эрхлэн гаргасан Catalogue of Endangered Languages (ELCat) жагсаалтаас харж болно. Устаж байгаа хэлийг хойч үед өвлүүлэн үлдээхийн тулд тус сургуулиас төсөл боловсруулаад байгаа бөгөөд энэ төсөл ёсоор аливаа хэлний авиа зүй, дуудлагыг дуу болон дүрсний бичлэгээр хадгалан үлдээж, эрдэм шинжилгээ судалгааны ажил явуулах нөхцөл боломжийг хангаж өгөхөд анхаарч байгаа юм байна.
Өнөөдөр хязгаарлагдмал хүрээнд хэрэглэгдэж байгаа 7000 хэл байгаа бөгөөд ойрын зуун жилийн дотор эдгээр хэл устах аюул нүүрлээд байгаа аж. Буриад хэлний тухайд гэвэл ОХУ-ын Буриад улсад 300 гаруй мянган хүн энэ хэлээр ярьдаг гэсэн судалгаа байдаг бол энэ хэл устах гол шалтгаан нь ярих орчин хумигдсантай холбоотойн дээр залуу үеийнхэн эх хэлээ мэдэхгүй болсонтой холбоотой. ОХУ-д амьдардаг буриадуудын 20 хувь зөвхөн орос хэлээр ярьдаг гэсэн судалгаа мөн байдаг байна.
Монгол улсын хувьд буриад хэл устах тухай асуудал яригдахгүй нь мэдээж. МҮОНТ-ын хоёрдугаар сувгаар буриад, тува, казах хэлээр мэдээллийн хөтөлбөр явуулдаг болсон. Үүний зэрэгцээ буриад ястнууд эх хэлээ уламжлан залуу үедээ өвлүүлэх олон асуудалд МҮОНТ хамтран анхаарч байгаа тухай хэвлэл мэдээлийн хэрэгсэлүүд онцолж ирсэн билээ. Төгсгөлд нь тэмдэглэхэд гадны мэргэжилтэн судлаачид буриад хэл гэж тусдаа язгуурын хэл мэт ойлгосноос устаж буй хэлний жагсаалтад багтаасан нь тодорхой. Буриад аялага, нутгийн аялага гэж байна уу гэхээс угийн язгуур монгол хэл билээ.
Р.Этүгэн, www.mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.