Шинэ оны эхнээс шуурхай албадын дуудлага эрс ихэсчээ

Twitter Print
2015 оны 01-р сар 01-нд 16:36 цагт
Мэдээний зураг,

Баяр баярыг ялгалгүй хүндэтгэн угтаж, өргөн дэлгэр тэмдэглэх дуртай, зуршилтай болсон хойно бид он солигдох хэдэн цагийн хугацаанд төр улсын өмнө шуурхай үүрэг даалгавар хүлээсэн албадад онцгой их ачаалал үүрүүлсэн аж. Зөвхөн Баянзүрх дүүргийн түргэн тусламжид гэхэд ганц хоногийн дотор иргэд 300 гаран дуудлага өгчээ. Тэдгээр бүх дуудлагын тал хэсэг нь хүүхдүүд идсэн уусанаасаа болсон бол үлдсэн хэсэг нь архи, согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн, осол гэмтэлд орсон, согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсоны улмаас өөрийн болон бусдын эрүүл мэндэд хор уршиг учруулсан зэрэг учир холбогдолтой дуудлагууд эзэлж байгаа аж. Нийслэлийн дүүрэг болгон өөрийн түргэн тусламжийн албатай болсон учир Баянзүрх дүүрэг гэхэд арав гаран эмч ар араасаа залгах олон дуудлагуудад хүрэлцэхгүй байгаа нь тодорхой харагдаж байлаа. Гурван зуу гаран дуудлагын тал хувийг нь хүүхдийн хоолны хордлого, нөгөө талаас илүү хувийг нь осол гэмтэл, архины хор холбогдолтой дуудлага эзэлж байна гэж бодохоор бид чинь учраа олохгүй балчир ухаантай хүүхдүүдээсээ ялгагдахгүй болоо юу даа.

Нийслэлийн Онцгой байдлын газрын албан хаагчид шинэ он гарах үеэр буюу 31-нээс 1-нд шилжих шөнө гал түймрийн 14 дуудлага, аврах ажиллагааны гурван дуудлага хүлээн авчээ. Гал түймрийн дуудлагуудын тухайд ахуйн хүрээний галын дуудлагууд байсан байна. Өнөөдөр өглөө 08.00 цагт ээлж солигдсоноос хойш тус төвд "100 айл орчимд айлын байшин шатсан" дуудлага ирж, дуудлагын дагуу шуурхай ажиллан, галыг унтраасан байна. Хүйтэн сэрүүний улиралд галын аюулгүй байдлыг ханган, галлагаа болон цахилгааны холболтуудаа шалгаж байхыг Нийслэлийн Онцгой байдлын газраас иргэдэд анхааруулж байна.

Энэ жилийн шинэ оны баяр ёслол нилээд хэдэн өдрийн боломж олгосон амралтаар  үргэлжилж байгаа учир 103,102,101 онцгой дугааруудын ачаалал ердийн үеийнхтэй харьцуулахад нилээдгүй нэмэгдэх төлөвтэй байгаа тул иргэд ямар амь биш, заяа биш архидан согтуурахдаа жаахан анхаарал болгоомжтой байж, хазаараа татаасай гэж зөвлөмөөр байна даа, хөөрхий.

Сэтгүүлч Л.Отгонбат

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.