
Буриадын Иволгины дацны шилэн хоргонд нойрсож байгаа Итгэлт Хамбын тухай мэдээлэл дэлхий дахиныг гайхуулан шуугиулж ирсэн билээ. Гэхдээ энэ нирваан хүний үхлийн дараах нууц нэгэн зууны өмнө Халимагт анх тохиолдож байсныг тэр бүр хүн мэдэхгүй юм.
Халимагийн Яшкуль тосгоны оршин суугчдын яриагаар Халимагийн бичиг соёлын их өв хөрөнгө хадгалагддаг нутгийн сүмээс холгүй орших бунханд 1929 оныг хүртэл эндэхийн ууган оршин суугч, сүсэгтэн олны нэрлэдгээр дээд лам Кекш Бакшийн /багш/ сэрүүн дүр төрхтэй цогцос оршиж байжээ. Тэрээр 19-р зууны дунд үе орчим нас барсан байна.
Энэ газарт өдгөө 20-р зууны 90-ээд онд босгосон мөргөлийн багахан газар оршдог бөгөөд ОХУ-ын олон бүс нутгуудаас энэ ламын дурсгалыг хүндэтгэж, мөргөхөөр хүмүүс хүрэлцэн ирдэг байна. Яшкуль тосгонд Кекш Бакшийн намтрыг судалж, түүний цогцсыг эрж хайх зорилгоор олон нийтийн «Жунгария» хөдөлгөөнийг хоёр жилийн өмнө байгуулжээ.
Энэ хөдөлгөөний нэг гишүүн Бадма Цебеков: «Энэ ламын жинхэнэ нэр Шивн Давг, Халимагийн нэгэн сүмийн унзад лам байсан. Түвдийн сүм хийдүүдэд олон жил суралцахдаа онцгой ариун гэгээн, хатуужилтай даяанчаараа ялгарч байсан юм. Түүнээс адислал, тус дэм хүсэмжилсэн халимагууд төдийгүй орос, татар, бусад үндэстнүүдийн төлөөлөгчид ирдэг байсан бөгөөд адис авсан хүмүүсийн өвчин зовлон ахар хугацаанд гайхалтайгаар эдгэсэн тухай багагүй түүх байдаг. 1850-иад оны орчим Шивн Давг жанч хальж, түүнийг энгийн ламын адилаар нутаглуулжээ. Харин түүнийг оршуулсаны дараа шарил дээр нь ер бусын явдлууд тохиолдох болж, шөнөдөө гэрэл цацарч, өдөртөө солонго татдаг байж. Тиймээс сүсэгтэн олон энэ бүх ер бусын явдлыг үзээд гэгээн ламтаны цогцосыг гаргахаар шийдвэрлэсэн» хэмээн өгүүлсэн байна.
Ламтаны шарилыг ухан гаргахад түүний бие цогцос эвдэрч өөрчлөлт ороогүйгээр барахгүй унтаж байгаа мэт, толгойн дороо баруун гараа хийгээд «арслангийн байрлалаар» хэвтэж, зүүн гараа биеийн дагуу тавьсан байжээ.
Тухайн үед Кекш Бакшийг модон хоргонд хийж, дээрээс нь шилээр таглаад тусгайлан барьсан бунханд байрлуулсан бөгөөд 19 зууны дунд үеэс 1929 он хүртэл сүсэгтэн олны цуваа тасраагүй байна. Гэвч хойшхи он жилүүдэд Халимагийн бүх сүм хийдүүд газрын хөрснөөс арчигдсан юм. Кекш Бакшийн бунханг эвдэн сүйтгэж, цогцсыг нь хаашаа ч юм авч явсан. Яшкуль тосгоны 90 настай ахмад оршин суугч Баяна Аляева тэдний биширч хүндэлдэг ламыг хэрхэн авч явсан, хойноос нь ард олон нулимсаа урсган гүйж мөргөж байсныг одоо ч санаж байгаа тухай Бадма Цебеков мөн ярьсан байна. Яшкуль тосгоноос тухайн үед ламын цогцосыг хэрхэн авч гарч яваа зураг ч байдаг байна.
Цогцсыг тэр үеийн Ленинград хот луу аваачсан, тэр ч бүү хэл хэн нэгэн халимаг эр эх орны дайны өмнө хотын нэг музейд түүнийг харсан тухай ам дамжсан яриа өнөөг хүрчээ. Бакшийн шарил ул мөр алдагдсан боловч хөдөлгөөний идэвхтэнууд өнөө эрж хайсаар байгаа бөгөөд хуучин мөргөлийн сүмийн дэргэд тэд шинээр дурсгалын бунхан барьж байгаа гэнэ. «Жунгария» хөдөлгөөнийхөн хэзээ нэгэн цагт Кекш Бакшийн бие цогцсыг энд авчирна гэдэгт сүсэгтэн олон найдаж байгаа ажээ.
Р.Этүгэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.