Хүн чулуу - Шинэ жилийн сэдэвт Япон ардын үлгэр

2016 оны 12-р сар 29-нд 11:19 цагт
Мэдээний зураг,

Шинэ он гарахад 3 хоног үлдсэн байна. Нэгэн шинэ жилийн үлгэрийг орчуулан хүргэж байна. Японы шинэ жил буюу Цагаан сар нь 1 дүгээр сарын 1-нд болдог. Шинэ онтойгоо золгох мөчид мах, загас идэхгүйг хичээдэг ба ширээний гол зоог нь хүйтэн зууш, цагаан будааны  боорцог байдаг. Амтат цагаан будааны боорцог өнгө зүс сайтай байвал шинэ он бидэнд аз жаргалаа харамгүй өгөх нь гэж бэлэгшээдэг ажээ.

Япон ардын үлгэр - Хүн чулуу

Эрт урьд цагт уулын дунд нэгэн өвгөн эмгэн хоёр амьдран суудаг байжээ. Тэр хоёр гэртээ хулсан малгай хийдэг байв. Маргааш цагаан сарын баярын өдөр болж шинэ он эхэлнэ. Гэвч өвгөн эмгэн хоёр мөнгөгүй болохоор цагаан сарын баярын цагаан будааны боорцог худалдаж авч чадахгүй байлаа. Тэр хоёр хулсан малгайгаа зарж цагаан будааны боорцог худалдаж авах санаатай байв.

Хот руу өвгөн хулсан малгайгаа зарахааар аваад явлаа. Гэвч хэн ч хулсан малгайг нь худалдаж авсангүй. Ингэлээ гээд өвгөн уйтгарласангүй, уулын урт замаар алхан харив.

Цас их орж байлаа.

“Хөөх, хүн чулуу байна.”

Цасан дунд зургаан хүн чулуу зогсож байв.

Өвгөн “хүн чулуу минь даарахгүй байна уу?” гэв. Хүн чулуу юу ч хэлсэнгүй.

“Май энэ хулсан малгайг авна уу” гээд өвгөн хүн чулууны толгойд малгайгаа өмсгөлөө. “1ш, 2ш, 3ш, 4ш, 5ш,”

Таван хулсан малгай байсан тул 1 хүн чулуунд хүрсэнгүй.

“Энэ хулсан малгай хуучин боловч авна уу, май” гэж өвгөн хэлээд өөрийнхөө хуучин малгайг аваад өмсгөв.

Өвгөн гэртээ хариад хүн чулуунд малгай өмгөснөө ярьж өгөв.

Эмгэн “өвгөн минь, сайн хэрэг болсон байна аа” гэв.

Тэр орой нь өвгөн хэн нэгэн дуудахыг сонсов.

“Өвөө, өвөө”

Өвгөн хаалгаа нээн хараад маш их гайхав. Зургаан хүн чулуу зогсож байв. Тэд цагаан сарын цагаан будааны боорцог ихийг авчирчээ. Цагаан сарын өглөө болов. Өвгөн эмгэн хоёр цагаан будааны боорцог цадталаа идэв. Тэр хоёр маш их аз жаргалтай байлаа. 

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.