Ноён Амарсайхан та өнгөрсөн зуунаас, өвгөн социализмаас эргэж ирнэ үү...

Twitter Print
2019 оны 11-р сар 12-нд 08:25 цагт
Мэдээний зураг,

Манай хот нэг ийм түлээчин даргатай. Зайсан толгой, Туул гол хавиар бизнестэй, бургас булга татдаг бузгай хүчтэн.

Зайгүй болсон хотын төвд зайчилж байшин босоод байна гэхээр шинэ цагийн газрын наймаачин байхыг үгүйсгэхгүй. Гэхдээ энэ мэтийн сүүдэртэй талаа сүрхий эв хамтач PR-аар чадмаг далдалдаг. Хүүхэд залуустай патиардуулна, бэлэг сэлт тараана. За тэгээд даавуу дээл, бэлтгэлийн цамц, задгайдуу хаясан хүрэм...өнөө цагийн улстөрчдийн гэмгүй төрхөө бүрдүүлдэг гэмтэй сонголт гэж байгаа. Иймэрхүү зураг шидчихэд л нөгөө ард түмэн чинь нөмрөөд авна, өргөөд сонгоно гэдэг ганц аргатай. Ер нь МАН-ын залуус энэ хөгшин арга барилдаа гаргуун сайн. Ядаж байхад өнөөх нь үр дүнд хүрэхдээ хурдтай гэж яана.

За олон үгээр ч яахав, дугаарын хязгаарлалтыг хоёр өдөр болгох гэж байгаа юм байна. Хотын дарга Амарсайхан та 1,7 сая хүнтэй нийслэлийг удирдаж байна. Нийтийн тээврийнхээ чанар, хүртээмж, үйлчилгээ, төрлийг олшруулчихвал унаагаа амраагаад уралдаад суучих хүн олон гэдгийг мэдэх үү. Том цэнхэрүүдийнхээ хажуугаар бага оврын, арай үнэтэй үйлчилдэг, цөөн зогсдог жижиг автобуснууд үйлчилгээнд гаргасан ч болно.

Таныг ямар метро бариатах гээд сансрын юм нэхээд байгаа биш. Нийтийн тээврийн үйлчилгээний хүрээг уул өөд авираад алга болсон айлуудад хүргэх, соёлтой боловсон болгох, том данхраасаа илүү тоо нь олон жижиг автобус аль болох олон чиглэлд, олон хувилбартай маршрутаар гаргах гэхчлэн зөндөө л олон арга баймаар юм. Гэтэл юм л бол хаах, боох, хавчих лантуудах арга сэдэж олж байх юм. Тэр чинь өнгөрсөн зуунд, нөгөө социалист төлөвлөгөөний үетэй хамт моодноос гарсныг мэдэх үү? Өнөөдөр нийслэлийн авто зам дээр 840 мянган машин бөглөрч чихэлдэж байгаа.

Энэ хүмүүс дуртайдаа бензин шатаагаад, мөнгөө үрээд, заавал машин унах гэж уралдаад байгаа юм биш. Таны даргалж байгаа их хотод аятайхан гуталтай эмэгтэй алхаад хэдэн гудамж уруудаад автобусны буудал хүрчих боломж алга. Гэр хорооллын үнс, хог жорлон туучин, хайран хувцсаа яарин болгож, эрүүл мэндээ эмээр тордож байж унаатай залгаж, улсын төвдөө ирцгээж байна. Тэднийг яана гээв? Долоо хоногт хоёр өдөр машинаа унахгүй байх шийдвэр гаргаснаараа иргэдийнхээ эрхэд илт бүдүүлгээр халдаж байгааг чинь зориуд дурдъя.

Энэ шийдвэр батлагдвал машины наймаа, гарааш зогсоолын үнэ, торгууль л тэнгэрт хадаж, модон авирна. Шинэ гүүр ашиглалтанд орсноор нэг л зүйл тодорхой болов. Зам гүүр хэчнээн нэмээд ч иргэдийнхээ тав тухтай амьдрах, зорчих, алхах орчныг бүрдүүлж, сэтгэхүйн өөрчлөлт хийхгүй бол бөөрөнхий тавгаар нисээд ч бөглөрлөөс гарахгүй гэдгийг бүгд харлаа. Тиймээс ноён Амарсайхан та өнгөрсөн зуунаас, өвгөн социализмаас эргэн ирнэ үү.

Өөрчлөлтийг өөрийнхөө бөндгөр дотроос эхэлж, жишиг зам, жишиг гудамж, жишиг нийтийн тээврийн үйлчилгээ бий болгох тал дээр анхаарч ажиллана уу. Долоо хоногт нэг өдөр унаагүй байгаа нь хангалттай. Хоёр өдөр гэдэг арай л биш ээ. Үүнийг ажил хийж байна гэдэггүй, иргэдийнхээ эрхэнд халдаж байна гэж үздэг юм! Явуургүй аргаар хоног элээхийн оронд намынхаа Засгийн газартай хамтран их, дээд сургуулиудыг хотоос нүүлгэвэл улс оронд олон талаар ач холбогдолтой алсын хараатай ажил болохсон.

Таныг ажлаа сайн хийж байгаа гэж зарим хүн долоож байна уу? Долоогсод чинь бөөнөөрөө орж ирээд намайг доромжлох л байх. Долоолгоод байхаар юу хийснээ бодоод үзээрэй дээ. Автобусны буудал дээр багтахгүй зогсож байгаа иргэдээ харахгүй болтлоо, хажуугаар зөрсөн эх орон нэгт гуйлгачныг үзэхгүй болтлоо хараа мууддаг гэнэлээ шүү, их долоолгохоор...

Р.Эмүжин

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.