
Есдүгээр сарын нэгэн буюу Хичээлийн шинэ жилийн баярыг та заавал тэмдэглээрэй. Ширээ засаад, хүүхдийнхээ дуртай хоолыг нь өгөөд... Жишээ нь, германчууд сургуульд анх орсон бүх хүүхдүүддээ ууттай бэлэг өгдөг заншилтай юм билээ. Бид ч гэсэн анги ахисны, оюутан болсны баярыг хийж болно.
Томчуудын хүндлэлд хүүхдийн сэтгэл маш их хөөрдөг. Сэтгэл санааны байдал сурах хөдөлмөрт онцгой нөлөөлнө. Хооллонгоо сургууль болон анги, хүүхдүүдийн өөрчлөлт, шинэчлэлтийг асууж, заавал анхааралтай сонс. Том хүн өөрийн үйл хэрэгт нь болон үг ярианд нь анхаарал тавьж байгаад хүүхэд чин сэтгэлээсээ баярладаг.
Ер нь хүүхэдтэйгээ өдөр бүр доод тал нь НЭГ ЦАГ хэртэй харьцах нь маш чухал. Таны хүүхэд багш нар болон бусад хүүхдүүдтэй харилцаа сайтай болох, цаашдаа бусадтай харьцах чадвараа төдийгүй хэл яриагаа хөгжүүлэхэд гэр орон нь хамгийн сайн бэлтгэх газар болж өгдөг. Бусадтай их харьцахын хэрээр хүүхдийн сэтгэл тэжээгдэж, тэр хэрээр нүүр тэнэгэр жаргалтай явах болно. Сэтгэл санаа өөдрөг хүүхэд хичээлд анхааралтай сууж сайн ойлгох, даалгавраа өөрөө хурдан хийж чаддаг байгаад зогсохгүй, хичээл номонд шимтдэг, хичээлдээ дуртай болоход ихээхэн түлхэц өгдөг сайн талтай.
Харин өдөр бүр харьцахдаа зөвхөн сургуулийн тухай биш төрөл бүрийн сэдвээр ярилцана. Ялангуяа заримдаа өөрийнх нь сонирхдог зүйлсийг ярилцвал хүүхэд улам идэвхитэй яриа өрнүүлдэг. Энэ нь хүүхдийн хэл ярианы хөгжлийг дэмжээд зогсохгүй, сэтгэл санааг өргөж, амьдрах болон сурах тэмүүллийг өндөрсгөж өгнө. Та зарим үед жаахан ч гэсэн ном харчихаад амны зоргоор биш мэдлэгээр яривал бүр сайн.
“Хүмүүжилд, хамгийн гол нь хүмүүжүүлэгч хэн байх нь чухал” гэх мэргэн үг байдаг. Тиймээс та аль болох өөдрөг зүйл ярина. Гутранга зүйл ярих гэж байгаа бол хүүхдээс холдсон нь дээр. Цагаан цаасан дээр хар бэх дусаагаад яахав. Ялангуяа хүүхэд гэм хийсэн үед та, таны хүүхэд бухимдалтай байвал харьцах хэрэггүй. Хэн хэн нь тайвширсны дараа дуугаа өндөрсгөхгүй ярьж болно. Зандрах, гар хүрэх бол хэдийн өнгөрсөн зуундаа булшлагдсан бүдүүлэг, үр дүнгүй, хүүхдийг гүнзгий гутрал, хямралд оруулдаг, сэтгэцийг гэмтээдэг хоцрогдсон арга барилд тооцогдох болсон. Хөгжлийг бүтээгчид буюу шинэ цагийнхан гайхалтай үр дүн дагуулдаг урмаар тэтгэх ухаалаг арга хэрэглэх болжээ.
Алдааг залруулж, тайван, ухааруулж хэлнэ. Дахин давтахгүй байх талаар гуйж, итгэж, сануулна. “Зөөлөн нь хатуугаа иддэг” гэх мэргэн үгийг санахад илүүдэхгүй. Түүний жаахан зүрхийг өөр хэн хайрлах ёстой гэж. Өршөөл, энэрэл бүрт тэр маш ихээр баярлана.
Хүүхэдтэй харьцана гэдэг зөвхөн ярих биш хамт аялах, алхах, тоглох, бусдад туслах эсвэл ахуйн үйлээ хийнгээ идэвхитэй ярилцвал бүр үр дүнтэй. Их харьцахын хэрээр та хүүхдээ сайтар таньж мэдээд зогсохгүй таны хүүхэд хэл яриа сайтай, өөдрөг үзэлтэй болж төлөвшихийн зэрэгцээ шаардлагатай дэмжлэг туслалцааг та цаг тухайд нь үзүүлж, авъяас чадварыг нь эрт илрүүлж, хөгжүүлж чадна. Байнгын чин сэтгэлийн харьцаанд байдаг сэтгэл цатгалан хүүхэд ямагт жаргалтай явдаг.
Мөн амжилттай суралцахад сэтгэл санааны төдийгүй бие махбодийн сэргэг байдал маш чухал. Та хүүхдийнхээ шингэн \6 аяга ус\ сайн ууж байх эсэхэд заавал анхаарах ёстой. Өсөхөд түлхэц өгдөг нэг аяга сүү юмуу тараг өдөр бүр уулгана.
Түүний нүд рүү хараад ярилц. Та л хүүхдийнхээ авъяас чадварыг нээж чадна. Хүүхэд бүр авъяастай. Гагцхүү эрт нээж хөгжүүлсэн авъяас л амжилтын оргилд хүрсэн байдаг.
Ингээд та бүхэнд гялалзсан амжилт хүсье. Хичээлийн шинэ жилийн баярын мэнд хүргэе.
С.Түмэн
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.