Нууцлаг хээр талын орон - Монгол

Twitter Print
2017 оны 01-р сар 10-нд 15:10 цагт
Мэдээний зураг,

“Монгол улс” гэдэг нэрийг тухайн үндэстний нэрийдлээр нэрлэсэн нэр болно. “Монгол” гэх нь “эрэлхэг” (хятадаар “юнган”), “эгэл” (хятадаар “пүсу”) гэдэг хоёр үгээс бүтжээ.

Монголын өндөрлөгийн Онон мөрний эхэн урсгалын оронд Мэншан хэмээх нэгэн уул, хажуугаар нь Мэнхэ гэх нэгэн гол урсдаг байжухуй. Энэ нутагт аж төрдөг овог аймгийг “Монгол” (хятадаар “Мэнгү”) гэж байжээ гэж үзэх нь ч бий ажээ. Монгол улс бол хамгийн сонгодог хүн цөөхөн, газар уудам улс орон, хүн амд нь дундачлан хуваахад эх баялаг нь үнэнхүү арвин баян орон болно.

“Монгол хүн” гэхүл өдий төдий хятад хүний нүдэнд тодорч үзэгдэх нь бараг л нүд алдам их хээр талд ташуур далайж довтолсон, эсвэл монгол гэрт суудаг эгэл борогжуун монгол хүн байх авай. Тэнд хүрч очсон хүмүүс цөм л уудам дэлгэр хээр тал, элчилгүй говь цөл газар хийгээд сүрэглэн бэлчих үхэр хонин сүргийг шагшин магтдаг нь эх газрын энэ улс орны жинхэнэ ёсны өнгө үзэсгэлэнгийн зураг хуар болой.

Өдий төдий хятад хүний ой санамжид Монгол улс гэвэл хязгаар хярхаггүй өргөн уудам их хээр тал, цайран харагдах монгол гэрүүд, агсран давхих ардаг хөлөгс, эгэл боргил малчид, хээр талыг энгээр нь бүтээсэн үхэр, хонин сүрэг бууж төсөөлөгдөх нь бидний санаанд байдаг Өвөр Монголоос онцын хол зөрөөгүй мэт ажээ. Тэгвэл үнэн бодитой байдал төлөв эцэстээ чухам ямар байдаг бол? Зүйл зүйлийн бодол таавар өвөрлөн энэхүү сонин содон хээр талын оронд хүрч очьё.

Нэг. Чанадын нууцыг гэтэлсэн Монгол Улс

1. Гадаад Монгол хэрхэн “тусгаар” болсон бэ?

Хар тамхины дайн бол шинэхэн үеийн Хятадын ичгүүр сонжуур, Чин гүрний төр засгийн ялзрал доройтол империалист түрэмгийлэгчдийн буулган дор булайгаан чирч, бузраан үзүүлсэн явдал болсон юм. Цагаан хаант Орос ийм байдлыг овжин олж үзээд Монголын бүс нутгийг хавсарган нэгтгэх цаг тохиол нэгэнт бүрэлдэж буй боллоо гэж үзжээ. Тэгээд цагаан хаан Николай нэгдүгээр Сибирийн амбан захирагч Муравьевт заавар буулгаж: “Эхлээд аж ахуйн талаар Монголыг сөхрүүлж, дараа нь аажим аажмаар улс төрийн талаар Монголын газар орныг бүх талаар эрхшээлдээн оруулагтун” гэжээ.

Муравьев санаа шулуудаж, эхлээд Монголын газар орны байдлыг шалган ойлгож мэдээд баримт мэдээлэл цуглуулж, төлөв байдлыг задлан шинжээд Монголын газар орныг хавсарган нэгтгэх түрэмгий төлөвлөгөөг боловсруулсныг түүхэнд “Муравьевийн төлөвлөгөө” гэж нэрлэжээ. Цагаан хаанд байдлыг мэдүүлж соёрхсоныхоо сүүлээр Муравьев өөрийн итгэлт Деспот Кинович зэргийг тусгайлан илгээж, Монгол газар оронд очуулж Монголын ван гүн нарт Чингийн төрөөс салж цагаан Оросын “хамгаалалт”-ыг олохыг өдөөн ятгуулжээ.

Хоёрдогч хар тамхины дараа Чингийн төр улам уруудан доройтож ялзран тамирдсан энэхүү байдлыг ашиглан Чингийн төр засагт хүчээр тулгаж Хятад Оросын тэгш бус “Айхун”-ы гэрээнд гарын үсэг зуруулж, манай улсын Хармөрөн мужийн умардаас 600 мянга гаруй кв.км газар нутгийг таслан авсан, Хятад-Оросын “Бээжингийн гэрээ”-гээр дахин манай улсын Монгол газар орныг ихээр түрэмгийлэх онцгой эрхийг олсон байдаг. Англи, Франц, Америк, Герман зэрэг барууны капиталист хүчнийхэн мөн л завшаан тохиолыг ашиглан ар араасаан Монгол газар оронд түрэн орж ихээхэн хэмжээгээр аж үйлдвэрийн эд бодисыг хямдаар хөнтөрч, Монголын эдийн засгийн гол судсыг атгаж, шашин дэлгэрүүлэгчдийг илгээж колонийн түрэмгийлэгч соёлоо түгээжээ.

Дорно зүгт өндийсөн Японы империализм хөх морин жилийн дайныг өдүүлж манай улсын зүүн хойд орон болон Монгол газар нутгийг хавсарган нэгтгэхээр тооцон төлөвлөж асан цагаан хаант Оростой илэрхий сөргөлдөн далдуур арцалдсаар эцэст нь 1904 онд Япон Оросын дайныг өдүүлжээ.

1911 оны 10 сарын 10-ны өдөр Хятадын Учаны бослого дэгдсэнд цагаан хаан “Монголын эрхт эзэн”-ийг хамгаална гэдгээр шалтаг болгож, цэрэг оруулан Хүрээнд (Улаанбаатар) суулгажээ. Учаны бослогын сураг чимээ Хүрээнд хүрсний дараа цагаан хаан бээр Хүрээнд сууж асан консулаар ятгуулж Жавзандамбын бүлгийнхнээр “тусгаар тогтнол”-ыг зарлуулжээ. 12-р сарын 3-нд Жавзандамба “Тусгаар тогтнолын зар” нийтэлж, “Их Монголын эзэнт улсын наран гэрэлт хаан”-ы “сууринд суух” ёслол үйлдээд, Монголын “тусгаар тогтносон” засгийн газар байгуулсныг тунхаглан, түүний зэргээр Ван, гүн, дээд давхаргын лам нараас бүрэлдсэн зөвлөлийн хурлыг эмхлэн байгуулжээ. Үүнээс эхлэн Гадаад Монгол “нэрийн төдий тусгаар тогтнолоо” зарлажээ.

1921 онд МАХН-ын удирдсан Ардын хувьсгал ялалт олж, 7-р сарын 10-ны өдөр Хүрээнд (Улаанбаатар) Богд хаант засгийн газрыг байгуулжээ. 1924 оны 11-р сарын 26-нд Богд хаант засгийг татан буулгаж, БНМАУ-ыг байгуулжээ. 1945 оны 2-р сарын дэлхийн хоёрдугаар дайн төгссөн тухай Ялтын хэлэлцээрээр “Гадаад Монголын (БНМАУ) статус квог хэвээр хадгална” гэж тогтоосон ба үүгээр ЗХУ-аас Японтой хийх дайнд оролцох нэг нөхцөл болгосон юм. 1946 оны 1-р сарын 5-нд тухайн үеийн Хятадын засгийн газар Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрсөн билээ. 1992 оны 2-р сард улсын нэрийдлээ “Монгол улс” гэж албан ёсоор өөрчилсөн байна.

2. Монголд ямархан эрдэнийн уурхай булагдаж байдаг бол?

Монгол улс Ази-Европын эх газрын хэвлийд гүн шурган оршдог, зүүн Азид хамаардаг, дэлхий дээр эх газрын дотоодын хоёрдогч улс орон (эхний том орон бол Казакстан), газрын байц нь Монголын өндөрлөг болно. Зүүн, өмнөд болон баруун талаараан Хятад улстай хил залгана, умард этгээдэд Оросын Сибирьтэй хиллэнэ. Ихэнх нутаг нь уулархаг, өндөрлөг хээр тал нутаг, далайн түвшнээс дунджаар 1600 метр өргөгдсөн. Баруун талдаан уулархаг, Алтайн нуруу баруун хойноос зүүн өмнөд зүгт тахирлан тогтжээ.

Монгол нутгийн ай сав өргөн уудам, нутаг дэвсгэрийн хэмжээ 156.65 кв км, Японыг 4 дахин авсантай тэнцэнэ, 2011 онд нийт улсын хүн ам 2 сая 800 мянга байв. Монгол байгалийн баялгаар нэн арвин, мал аж ахуйн түүхий эдээс гадна, бас асар их нүүрс, нефть, алт, мөнгө, төмрийн хүдрийн нөөцтэй.

Монгол бол уул уурхайн арвин их баялагтай орон. Хайгуул хийж тогтоосноор 80 гаруй төрлийн 3000 гаруй уурхайн ордтой ажээ.

Монгол бол нутаг дэвсгэр өргөн уудам, газар нь үржил шимтэй, хур тундас буух хугацаа нь бага ч гэлээ олон зүйлийн ургамал таримал энд үржин төлжиж урган цэцэглэдэг байна. Туршлага дутмаг, техник хомс, усалгаа муутай, хөдөө аж ахуйн механикжуулалтын талаар нилээд хоцрогдонгуй болохоор Монголын хөдөө аж ахуйн хөгжил арай хойрго удаан байдаг.

Монгол бол төрөлхийн шинжтэй хээр талын өнгө төрхөөрөөн давуулаг орон, гадаадын хөрөнгө оруулалт болон жуулчдыг даллан дуудаж татах чадвар өндөртэй юм. Монгол нуур цөөрмөөр нилээд элбэг, Монгол орны умард хэсэгт байх Хөвсгөл нуур бол Монголын хамгийн том нуур, түүний усан гадаргын талбай 2760 кв км, “Дорнын цэнхэр сувд” гэж нэрд гарчээ. Хөвсгөл нуурын ургамал амьтны төрөл зүйл нь уг нуураас 200 км алсад байх Оросын Байгал нууртай ихэд ойролцоо эх үүсэлтэй ажээ.

3.”Наадам” гэх нь ураг төрлөөн үзэх их цуглаан уу?

“Наадам” гэх нь монгол хэлний дуудлагаар нь хэлж байгаа бөгөөд “баяр цэнгэл, хөөр хөгжөөн” гэсэн утгатай, элбэг дэлбэг найр наадам гэснийг утгыг илтгэнэ. Чулуун хөшөөн дээр сийлж бичсэн “Чингисийн чулууны бичиг”-т тэмдэглэснээр, наадам нь Монголын хаант улс байгуулагдсан түрүү үеэс эх үүсэлтэй, бүр нийтийн тооллын 1206 онд Чингис хаан Монгол улсын их хаанд өргөгдөөд, өөрийн цэрэг ангиан шалган үзэж, нутаг билчээрээн хамгаалж, хуваахаар жил бүрийн 7, 8 сард их цугларалт хийж, овог аймгийн тэргүүн ахлагчдыг нэгэн дор цуглуулаад эв найр хийгээд элбэг хураалтыг илтгэж, наадам үүсгэдэг байжухуй. Эхний үед зөвхөн нум сум харваж, морь уралдуулан, бөх барилдах зэрэг уралдаан тэмцээн хийдэг байжээ. Юань, Мин гүрний үед нум харвах, морь уралдуулах, бөх барилдах зэрэг уралдаан тэмцээнийг нэгтгэж, хатуу тогтсон ёс заншил болжээ. Хожим болж ирээд монголчууд үүнийг эрийн гурван наадам гэж товчоор нэрлэх болжээ.

Наадам нь нэгэнт 800 жилийн түүхтэй, тасралтгүй Монголын хээр талд уламжлан залгаж хөгжсөөр ирсэн бөгөөд монголын өргөн олны дур бахыг ихэд татдаг болжээ. Наадмын үеийн олон зүйл ажиллагаа нь хүч тамир болон гоо сайхны илэрхийлэл, биеийн чадал билэг ухааны сорил, хурд тэвчээрийн тэмцээн болдог болохоор хээр талд амьдардаг өргөн олон түмний нийтлэг яс чанар, ёс дэгийг бүх талаар илэрхийлэн үзүүлж байдаг нь мөн л монгол үндэстний соёлын үлэмжийн чухал үзүүлэлт болох юм.

Наадмын их цуглааныг их төлөв өвс бэлчээр тэгширсэн цагийг сонгож адуу мал таргалж тэвээрсэн 7, 8 сард хийдэг ажгуу. Эрт балрын болон эдүгээ цагийн наадам цэнгэл нь эрийн гурван уралдаанаас гадна бас морин поло, адууны үзүүлэн, улаан мөчрийн тоглолт зэрэг шинэ агуулгаар баяжиж, элдэв эсийн эд бодисын солилцоо арилжаа хийх зэрэг өргөн агуулгаар баяжжээ.

4. Монголчууд яагаад эр бяраа үзэх дуртай юм бол?

Монголчууд ид хаваан үзэх ихэд дуртай. Эрэгтэй хүүхэд 13 насанд хүрээд нум сум харваж дасгал сургууль хийх авай. Эрт балрын монголын олон овог аймаг цөм л хамгаалалтын үүрэг хүлээсэн хуяг цэрэгтэй, хуяг цэргийг шилж авах баримжаа нь хүч тэнхээ, том бага, зориг зүрх, золбоо хийморийг нь харж, малд эртэй, харваж намнахад эрэмгийг нь сонгож авдаг байжухуй. Олон овог аймгийн хуяг цэрэг арван хэдэн наснаас эхлэн нум сум харваж сурч эхлэх ба хуяг цэрэг нь хоёр төрөл, энгийн хуяг цэрэг нь жирийн цэрэг, идэр залуу хуяг цэрэг нь дээд зэргийн дайчин, өнөөгөөр бол цэрэг захирах дарга нар шиг байсан ажээ.

Идэр залуу хуяг цэргийн гэр оронд хуяг дуулга ямагт бэлэн байна. Ийм айл гэрийн эрэгтэй хүүхэд багаасаан морь унаж, нум сум харваж сурахыг эрхэмд үзнэ. Олон овог аймгууд цөм өөрийн гэсэн цэргийн бэлтгэлийн талбартай, бай харвааны тэмдэгтэй, бас тусгайлсан бэлтгэл сургалтын газартай байжээ. Ердийн үед гэртээн бэлтгэл хийх ба цагаан сарын цугларалт, 7 сарын цуглаан, 10 сарын цуглаан болоход, жил бүрийн зэвсгийн сургууль хийх болгонд монголчууд цөм цуглан ирж, овог аймгийн хуяг цэрэг, дайчид морь уралдуулж, нум сум харван уралдаж хүч тэнхээгээн сорьдог байжээ.

Зэвсгийн сургуулилт хийх үед туршлагатай ахмад заан жолоодогчийг урьж залаад тэд залууст морин дээрээс харвахыг зааж сургана. Ийм бэлтгэл сургуулилт дээр ялагч идэр залуус хээр талын “Дэлхийн баатар” хэмээн нэр цол авдаг.

Монголчуудын зэвсгийн бэлтгэл сургуулилт дээр тусгайлсан сургагч түшмэл даамал гэж үгүй. Эртний монголчууд цөм сайн дураар цэрэг дайчин болдог болохоор монголын байлдах дайчин чадвар онцгой нэрд гарчээ. Эртээс эдүгээ хүртэл Монголын олон овог аймагт гарамгай шилдэг харваачид өдий төдийгөөр гарч өнгөрсөн нь тэдний зан үйлээс улбаатай байдаг

Чин гүрний үед хүрээд энэ байдал мөн л өөрчлөгдсөнгүй, Чингийн засаг төр улам бүр уламжилсан өвлөн байна.Одоо цагт ч Монголын цэрэг дайчид болон өрх айлын эрчүүд цөм л морин дээрээс харваж намнахдаан гарамгай, ийм арга барил нь цөм л ан ав хийдгээс уламжлалтай байдаг. Ав хоморго хийх, ан хашиж гаргах, хавчиж оруулах, ангийн сүрэг цойлуулах, алсуур бүслэх, хашиж намнах, тавьж гаргах, хурааж хаших зэрэг ажиллагаагаар цэрэг дайчдын байлдааны бэлтгэлийн дадлага хийдэг бас гараанд гарах, довтлон орох, хориглон хамгаалах зэрэг тактикийн сургууль хийдэг байжээ. Цэрэг дайчдаан хайрлаж, зэвсгийн сургууль хийж байдаг зан заншлын нөлөөгөөр монголчуудын цэргийн хэргийн авьяас билгийг хөгжүүлсээр иржээ.

5.Монгол гэр бүгд дугуй хэлбэртэй юу?

Үй олон хүний ой санаанд монголчууд цөм л монгол гэртээн аж төрдөг хэмээн төсөөлөгдөнө. Үнэндээн бол монголчуудын аж төрөн суудаг орон гэр нь өнө холоос өөрчлөгдөн ирсэн үйл явц болох юм. Эрт балрын цагт монголчуудын суудаг сууц нь цөм л дугуй хэлбэртэй, тооно өргөж, унь ханаар тогтоосон гэр орон байдаг байжээ. Бүдүүн гол модоор багана болгосон, өвсөн хүрээгээр тойруулан туурга дээвэр хийж суудаг байжээ.

Хожим болж ирээд хүмүүс аж амьдрал дундаан дадлага туршлагатай болсноор уулын энгэр бэлийг ухаж газар гэр болгон суух болсон ба бүр сүүлдээн улам боловсронгуй болсоор модоор төрөл бүрийн гэр орон барьдаг болж энэ цагаас эхлээд 4 баганатай, 12 адартай сууц бий болсон байдаг. Хэрэв ийм байшин сууцыг тун сайн боловсронгуй болгоё гэвэл хэдэн түмэн зоос мөнгө зарсан ч болно. Учир нь хамгийн сайн модон материалаар тулгуур хийе гэвэл хамгийн тэгш шулуун хамгийн сайн чанарын бургас мод сонгож аваад унь хана хийж гадуур нь цаг улиралдаан зохицуулж эсгий болон арьс хөрсөөр бүрж хулдаад, даавуугаар бүтээж дотор талыг нь даавуу торго дундан зэрэг эдээр доторлоно. Гэр дотроон эсгий ширдэг дэвсэж, зарим нь эсгийн дээрээн ноосон даавуу дэвсэнэ.

Ийм сууцыг хоёр зүйлд хуваах ба нэг зүйлийг нь бүрх (урц овоохой), бас нэгийг нь монгол гэр хэмээх бөлгөө. Бүрх гэдэг нь дугуй хэлбэртэй, холоос харахад бөмбийсэн хагас бөмбөлөг мэт, үүдтэй мөртлөөн цонхгүй, дээрээн дугуй хэлбэртэй тэнгэр харж болохоор тоонотой, тэр нь өрхтэй агаар тэнгэр муудвал бүтээж орхино. Гэрийн голд тулгатай. Баруун болон хоймор талд эрхэм хүндтэй суудал, гэрийн эзнээс өөр гадны хүн дураар сууж эс болно. Гаднаас орж ирсэн зочин зүүгээр нь сууна, онцгой эрхэмсэг зочин бол баруунаа сууж болдог. Өөрийн гэрийн үр хүүхэд гэлээ ч баруун сууж бараг болохгүй. Барууны суудал нь хүндэтгэлийн суудал болдог.

Мингийн төрийн үед Цагаан хэрэмний эргэнд аж төрдөг монголчууд хэдийгээр мал маллаж амь зуудаг байсан хэдий ч дийлэнхи олонхи нь байшин сууц барьж амьдардаг байлаа. Чин гүрэн тогтсоноос хойш монгол үндэстний орон сууц ихэд хөгжиж, ялангуяа манжийн удмын хаадын гүнж нарыг Монголын ван гүн нарт мордуулдаг болсноос хойш гүнжүүдийн суух байр сууц нь хөх тоосго, чулуугаар барьсан вааран сууц болсон байна. Хан үндэстэн олноор аж төрөх газарт монгол, хятад үндэстний байр сууц онц ялгаагүй болсон байлаа. Хөдөө тосгонд суудаг монголчуудын байр сууц хятад үндэстнийхээс ялгаагүй болжээ. Тариалан эрхэлдэггүй монголчууд эртний уламжлалаа дагаж отор нүүдэл хийдэг болохоор суудаг орон сууц нь ямагт хүн малын шилжилт хөдөлгөөнийг дагалдан өөрчлөгдөж байдаг ажээ.

6. Монголчуудын хувцас, гоёл ямар онцлогтой вэ?

Эрт баларт монголчууд нэгэн зүйл хамгаалалтын бүс хэрэглэнэ, нүцгэн биендээн бүсэлж явдаг байжээ. Хүмүүс эхэндээн ямар нэгэн ургамлын навч намиагаар хувцас болгож биеэн халхлаж явдаг байснаан хожим болж ирээд нилээд олон газарт ангийн арьсаар хувцас хунар хийж өмсдөг болсон гэдэг. Хүмүүс ан ав хийж арьс хөрсөөр нь хувцас хунар оёж шидэж авдаг, монголчуудын ан ав хийдэг ёс заншил үүнээс эхэлж бүрэлдэн тогтжээ. Хожим болж ирээд хүмүүс улам бүр арга ухаантай болж, Жоугийн эрин цаг болж ирэхэд торго дурдан, элдэв бусын даавуу шаавуу гарч ирээд, нэхмэл хатгамал буй болсон гэх ба өмнөдийн худалдаа арилжаа ч бас хөгжин цэцэглэжээ. Тан гүрний үе болоход торго даавууны төрлийн бараа бүтээгдэхүүн умар зүг монгол газар оронд хүрч хөгжин тэлжээ.

Ийм хөгжлийн явцад монголчуудын хувцас хэрэглэл мөн л байнга өөрчлөгдөн хувирч, хүмүүс үзэмжит сайхан торго даавуугаар хийсэн хувцас хунар өмсөж эдэлдэг болжухуй. Тэр цагт сайхан хувцас өмсөхийг мэддэг боловч цаг улирлын хувирлыг дагаад хувцсаан сольж өмсөхийг мэддэггүй шахам байж гэнэ. Зөвхөн өвөл, зун гэх хоёр улирлын хувцастай, өвөл арьсан хувцас өмсөж, зун хүргээд зун ирвэл дан нимгэн хувцас өмсөж намрын адаг хүргээд сая сольдог байсан хэрэг.

Хувцас хунар олон төрөл зүйл байх авч өмд өмсөхийг онц анхаарахгүй, эр эмгүй л өвдөг тахимаан хамгаална. Өнөөг хүртэл умар зүгийн нутгийн монгол эмэгтэйчүүд өмд өмсөхийг ихэд эс анхаарах ба ямар ч сайхан элдэв эсийн хувцас өмссөн ч цөм л судалтай цагаан дан өмд өмсдөг. Энэ байдал нь цэвэр монголчуудын угийн ёс заншилтай холбоотой бололтой.

Эрт цагт монголчуудын хувцас хунар ерөнхийдөөн эрэгтэйчүүд нь ханцуй урт, энгэр уужим, урт хэлхгэр хувцас өмсдөг, эмэгтэйчүүд нь ханцуй богино, халхгар өргөн, тавиу уужим хувцас өмсдөг байжээ. Эдүгээ хувцас хунарын төрөл зүйл улам бүр олон болж арьс хөрстэй, хөвөн мяндсан, дан нимгэн, янз байдал нь хан үндэстнийхээс нилээд ялгаатай байдаг. Монголчуудын хувцас хэрэглэл балар эртээс эдүгээ хүртэл асар ихээр хувьсаж өөрчлөгдсөн байх ба анхандаа нуроуу бөөрөөн хамгаалдаг байснаан хожим болж ирээд захтай хувцас өмсдөг болж, хоёр энгэрийг холбож, улмаар уран тансаг нь улам сайхан болж, нэгэн цогц болоод, захтай ханцуйтай, заамтай бустэй болж, бүр сүүлдээн товчтой шилбэтэй болсон байна.

Монгол үндэстний хувцас заслын ихэнхийг хятад, төвөд зэрэг ах дүү үндэстнүүдээс сурч судалж авсан байдаг. Цэвэр монгол хувцас хунар гэвэл тийм ч олон төрөл зүйл биш, учир нь гэвэл нүүдлийн аж төрөл хийгээд байнгын дайн самуун, нүүж шилжиж явдгаас улбаатай. Монголчуудын хувцас хэрэглэл, суудаг сууц, монгол гэр нь нилээд тогтож хэвшсэн орон сууц байх ба хоорондоон бас нилээд ялгаа зөрөөтэй байдаг ажээ.

7. Тэд ямар ямар монгол үсэг бичиг таньдаг вэ?

Түүхэнд монгол үсэг бичгийн өөрчлөлт маш олон удаа гарсан байдаг бөгөөд дунджаар 70 жилд бичиг үсгээн нэг удаа сольж иржээ. Эдүгээ монголын хэрэглэж байгаа үсэг бичиг бол ЗХУ-аар төлөөлүүлсэн славян үндэстний хэрэглэдэг кирилл үсэг бичиг (шинэ монгол бичиг) болно.

13-р зууны эхнээс 20-р зууны сүүлч хүртэлх 700 жилийн дотор монголчууд урьд хожид уйгур үсэг бичиг, дөрвөлжин үсэг, соёмбо үсэг, босоо монгол бичиг үсэг зэрэг ойролцоогоор арваад бичиг үсэг хэрэглэж иржээ. 20-р зууны 30-аад онд Монгол бас цагтаан латин үсэг бичиг хэрэглэхээр төлөвлөж, 1931 онд "Латин үсгээр албан бичгийг бичих тухай” шийдвэр гаргасан байдаг. 1944 онд дахиад “Нийт иргэд латин үсэг хэрэглэх” шийдвэр гаргажээ. Гэвч тухайн үеийн улс төрийн тогтолцооноос болж Монгол ЗХУ-ын саналаар славян үндэстнүүдийн хэрэглэж асан кирилл үсэг хэрэглэх болсон байлаа. 1944 оноос тооцвол Монголд кирилл үсэг бичгийг хэрэглээд 60 гаруй жил болж байна. Эрин цагийн өөрчлөлтийг дагалдаад монголын үсэг бичиг ямагт халагдаж өөрчлөгдсөөр ирсэн байна.

Монголчууд хамгийн анх уйгур үсэг бичгээс (хуучин монгол бичиг) кирилл үсэгт (шинэ үсэг) шилжиснээр нэгэн үеийнхний амьдрах цаг хугацааг элээсэн бөгөөд одоо ч гэсэн зарим насанд хүрсэн ахмад хүмүүс мөн л дандаан алдаа мадагтай бичсээр байдаг байна. Эдүгээ монголд аливаа албан бичиг хийгээд ном зохиолыг цөмийг кирилл үсгээр бичдэг болохоор хэрэв латин үсгээр бичихэд хүрвэл ихээхэн хүндрэл бэршээл учрахад хүрэх юм. Тийм болохоор зарим мэргэжилтэн эрдэмтэд үсэг бичигт өөрчлөлт хийх талаар эсрэг саналтай байдаг ба тэдний үзэхээр бол үсэг бичиг бол соёлыг тээгч болох тул, монгол үндэстний соёлын охь дээж болсон эх хэл болон соёлд алдагдаж гээгдэх аюул эрсдэл учраад байна гэж үздэг байна. Эх хэл бол үндэстний соёл иргэншлийн гол цөм, хуучин монгол бичгээн хадгалж хамгаалж, гадаад үг хэрэглэхээс зайлсхийснээр үндэстнийхээн өнгө төрхийг товойлгон тавьж байх ёстой юм.

1990 оноос нааш монголд зарим үсэг бичгийн өөрчлөлт эхлүүлж, удтал хэрэглэж ирсэн кирилл үсэг бичгээс зайлсхийж дэлхий дахинаараан нийтлэг хэрэглэж байгаа латин үсэг бичиг хэрэглэхээр төлөвлөх болжээ. Үнэн хэрэг дээрээн монголчууд латин үсгийг нэгэнт хэрэглэж эхлээд байгаа юм. Улаанбаатарын гудамжны зарим ваар, цайны газрын нэр хаягийг кирилл, латин хоёр төрлийн үсэг бичгээр бичсэн нь олонтоо харагддаг.

Эдүгээ монголчууд электрон шуудангийн хаяг, эсвэл гар утасны мессежийг бүгдийг латин үсгээр бичих болжээ. Зарим эрдэм судлалынхан мөн л үсэг бичгийн шинэчлэлийн хөдөлгөөнийг идэвхтэй эрэлхийлж, тэр байтугай латин хэл бол европын соёл иргэншлийн эх үндэс гээд латин үсэг бичгийг эзэмшиж байгаа нь дэлхий ертөнцтэй хөл нийлүүлэн алхаж байгаатай утга нэг хэрэг болох юм. Ойрын жилүүдэд кирилл үсэг бичгээн хэрэглэх үү эсвэл латин үсэг ашиглах уу гэдэг нь монголын эрдэм судлалын хүрээнийхний маргаан мэтгэлцээний нэг гол сэдэв болоод байна.

Ц.Сүрэнжавгийн орчуулсан Сун Гоутао: "Зүүн хойд Азийн дөрвөн улс" номын хэсгээс...

Дөрөвдүгээр бүлэг: ХЭЛЖ БОЛДОГГҮЙ НУУЦУУД

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.