Ерөнхийлөгч В. Путин Мерседес хөлөглөн Крымийн гүүрийг шалгав

Twitter Print
2022 оны 12-р сар 06-нд 12:21 цагт
Мэдээний зураг,

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин өнгөрсөн даваа гарагт Мерседес маркийн автомашин жолоодон ОХУ-ын өмнөд хэсгийг Крымийн хойгтой холбосон гүүрний засварын явцыг шалгажээ.

Кремлийн томоохон төслүүдийн нэг болох Крымийн гүүр хоёр хүрэхгүй сарын өмнө дэлбэрэлтэнд өртсөн билээ. 19 км урттай автомашины болон галт тэрэгний зам бүхий тус гүүрэн дээр өнгөрсөн 10-р сарын 8-нд дэлбэрэлт болсон бөгөөд Москва уг дэлбэрэлтийг Киев зохион байгуулсан хэмээн мэдэгдсэн билээ.

Ерөнхийлөгч В. Путин Мерседес маркийн машиныг жолоодож харин зорчигчийн суудал дээр ОХУ-ын Ерөнхий сайдын орлогч Марат Хуснуллин суусан байсан ба В. Путин түүнээс дэлбэрэлт хаана болсон талаар асууж буй бичлэг Оросын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр цацагджээ.

Ерөнхийлөгч В. Путин дэлбэрэлт болсон хэсгийг засварлан хөдөлгөөнийг нээсэн ч гүүрийг дэлбэрэлтээс өмнөх байдалд нь оруулж сэргээх шаардлагатайг онцолсон байна.

Оросын Аюулгүй байдлын алба Крымийн гүүрийг Украины тагнуулын алба дэлбэлсэн хэмээн мэдэгдсэн ч Украины талаас уг хэрэгт холбогдолгүй гэж мэдэгдсэн юм.

Дэлбэрэлтийн улмаас гүүрний нэг хэсэг эвдэрч, шатахуун тээвэрлэж явсан галт тэрэгний хэд хэдэн вагон дэлбэрч, гүүрэн дээрх автозам болон төмөр замын хөдөлгөөн саатсан юм.

ОХУ 2014 онд Крымийн хойгийг газар нутагтаа нэгтгэсэн ч Украин Крымийн хойгийг буцаан авна гэдгээ мэдэгдсэн билээ.

Европын хамгийн урт гүүр гэгдэж буй Крымийн гүүрийг Ерөнхийлөгч В. Путины түнш Аркадий Ротенбергийн компани барьсан бөгөөд В. Путины хэрэгжүүлсэн дэд бүтцийн томоохон төслүүдийн нэг юм.

Эх сурвалж: Reuters

Содномцэрэнгийн Энхзаяа

mongolcom.mn

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.