
Энэтхэгийн Мумбай хотын ядуусын хороололд амьдардаг иргэдийн талаас илүү хувь нь коронавирусын халдвар аваад эдгэсэн байж болзошгүй ба ядуусын хороололд КОВИД-19 өвчний тархалт хотын бусад дүүргүүдээс илүү хурдацтай явагдсан байж болзошгүй болохыг эрдэмтэд тогтоожээ.
Өнгөрсөн лхагва гарагт Энэтхэгийн эрх баригчид тус улсад коронавирусын халдвар авсан иргэдийн тоо 1.5 саяыг давсан болохыг мэдэгдсэн билээ. Тус улсад сүүлийн 12 өдрийн дотор 500 мянган хүн КОВИД-19 өвчний халдвар авсан нь тогтоогдсон билээ. Энэтхэгийн хувьд коронавирусын халдвартай иргэдийнхээ тоогоор АНУ болон Бразил улсын ард 3т бичигдээд байна. Энэтхэгийн эдийн засгийн төв гэгддэг Мумбай хот нь 12 сая хүн амтай бөгөөд тус хотод коронавирусын халдварын 110 мянга гаруй тохиолдол бүртгэгдэж, уг вирусын халдварын улмаас 6180 гаруй хүн нас баржээ.
Мумбай хотын байрлах Махараштра муж нь коронавирусын цар тахалд хамгийн ихээр өртсөн мужийн нэг аж. Орон нутгийн удирдлагууд болон эрүүл мэндийн байгууллагууд хамтран Мумбай хотын ядуусын хорооллын иргэдээс серологийн шинжилгээ авчээ. Үүний үр дүнд шинжилгээ өгсөн иргэдийн 57 хувьд нь коронавирусын эсрэг бие үүссэн гэж гарчээ. Эсрэг бие илрүүлэх серологийн шинжилгээ нь тухайн иргэн өмнө нь ямар нэг халдварт өвчнөөр өвдөж, түүний цусанд уг халдварт өвчний эсрэг эсрэг бие үүссэн эсэхийг илрүүлдэг аж. Судлаачдын үзэж байгаагаар ядуусын хороололд коронавирусын халдварын тохиолдол өндөр гарсан нь ядуусын хорооллын хүн амын нягтаршил өндөр, ариун цэврийн нөхцөл байдал муутай холбоотой аж.
Гэсэн хэдий ч ядуусын хорооллын иргэдийн дийлэнх хувьд нь коронавирусын халдварын явц шинж тэмдэггүй өнгөрсөн байх магадлал өндөртэй байгаа бөгөөд нас баралтынх нь хувь маш бага буюу 0.05 хувьтай байжээ. Энэтхэгт коронавирусын халдвар авсан иргэдийн тоо өндөр байгаа ч уг вирусын халдварын улмаас нас барсан иргэдийн тоо харьцангуй бага байгаа нь хүн амд нь залуусын эзлэх хувь өндөр байгаатай холбон тайлбарлаж байна. Учир нь коронавирусын халдвар залуу хүмүүст хөнгөн хэлбэрээр илэрдэг нь тогтоогдоод байгаа билээ.
Ядуусын хороолол дахь коронавирусын халдварын тархалтыг хязгаарлахын тулд Энэтхэгийн эрх баригчид олон тооны арга хэмжээ авч байна. Үүнд нийтийн ариун цэврийн газруудыг тогтмол цэвэрлэж ариутгах, иргэдэд хоол хүнс хүргэж өгөх зэрэг ажлууд хийгдэж байгаа аж.
Эх сурвалж: CNN
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.