
Ардын хувьсгалыг есөн настай угтсан тэрбээр 1932 онд хориодхон настайдаа Эрхүүд сурахаар оджээ. Тэнд очоод Монгол улсыг ирээдүйд хэдэн арван жилийн турш тасралтгүй удирдан залах ер бусын одонд төрсөн Юмжаагийн Цэдэнбалтай ойр дотно нөхөд болжээ.
Ер нь ч Базарын Ширэндэв гэх Хөвсгөл нутгийн тэр нэгэн эрд туулаагүй амьдрал, үзээгүй үйл явдал гэж бараг байхгүй биз дээ. Тийм нэгэн хорьдугаар зууны Монголын хосгүй хүнтэй ихээ хожуу, бүүр 1999 оноос хойш ойр дотно байж, гэр орноор нь орж гарч, үг яриаг тухлан сонсох учрал ерөөл нэг биш таарч билээ. Наян долоо, найм хүрсэн гэхэд тун тэнхлүүн, ухаан санаа сав саруул, үг яриа цэгцтэй, асар ихийг үзэж, амьдралыг нэвт таньсан хүн гэдэг нь андашгүй. Аргагүй л сод нэгэн, том сэхээтэн, их соён гэгээрүүлэгч гэдгээ бүхий л үг яриа, үйл хөдлөл, дүр төрхөөрөө би аргагүй мөн шүү дээ хэмээн өгүүлээд байх шиг, амнаас нь гарсан үг бүхнийг нь бичиж тэмдэглэмээр санагдаж байсан сан.
Ямбатын ягаан гэх хуучны дарга нар голцуухан суудаг асан тэр байран дахь гэрээр нь олонтаа орж гарч, Оргил рашаан сувилалд эргэж тойрч, бас ч гэж идэр насны харгайгаар их хүн гэлээ ч өвгөрдөг хорвоогийн жамыг мартсан мэт, Ши мэргэнээ ярьж хөгжиж байсан түүх бидэнд бий. Тэр бүхэн хөнгөхөн, цагаахан, хөгжөөн наргиан төдийхөн юм даа. Нэгэнтээ харж хандаж, хамт байдаг нэгэнбээр, салхилуулаад явж байтал эм маягтай нэгэн эр хүн (нэрийг нь дурдах хэрэггүй биз дээ) хүрч ирээд, их л дотносон,
–Хүүш ээ, Ширэндэв гуай сайн уу, энэ чинь. Тантай ингэж таардаг аа, бас. Энүүгээр би яваад л байдаг, тантай ингэж ерөөсөө таардаггүй. Өнөөдөр ямар азаар таарав, энэ чинь гэж ихэд саймширчээ. Ширэндэв гуай жишим ч хийсэнгүй. Нөгөө хүнийг яваад өгөхөөр нь,
-Та чинь хүн танимхайрч мэндлээд байхад хариу ч байдагггүй, таг л байх юм, яаж байгаа юм бэ гэж цаад хүн нь хэлжээ. Маргааш нь ч бил үү, нөгөөдөр нь ч гэл үү, энэ намайг анзаардаг биш дээ гэсэн шиг, нөгөө хүн тээр холуур өнгөрч явааг нь хараад, Ширэндэв урдах алдаагаа засч байгаа бололтой, их л хөл алдаж,
-Хүүш, хэн ээ, чи сайн уу хэмээн хүрч ирэхээр нь сугадаж аваад нэг хэсэг ярьж гэнэ ээ. Ингэж л бид хазгай ганц үг хэлсэн ч алдас болох тэр их хүний тухайд, Ши мэргэн алдаагаа хэт цайруулсан нь хэмээлцэж байсан минь эртний явдал болжээ. Ер нь ч их хүмүүс эгэл байдаг хойно доо.
-Маршалтай таныг нэг сүрхий зөрсөн юм гэнэ билээ хэмээн Лодонгийн Түдэв гуай ярьж байсан. Тэр чухам юу болсон юм бэ гэж нэгэнтээ би асуув.
-Тэр тухай хожим партизан Тогтох гуай хэзээ хойно надад ярьж байсан юм. Тогтох гуай, Гүндэгмаа гуай гээд хууччуулаа би эргэж очно л доо. 86-тай гэхэд Тогтох гуай ануухан (Тогтох гуай зуун нас зооглоод, 1989 онд өөд болсон), олон хэлхээ түлхүүр атгуулж, нэг шургуулга надаар нээлгэж, шил конъяк гаргаж ирлээ.
-За хоёулаа энэнээс гурав гурав татна даа гэснээ, үгүй ер нь энэнийг таллаж цааш тавиад юу хийнэ, хоёулаа ууж орхиё гэлээ. Тэр ч ёсоор боллоо. Тогтох гуай тэгснээ,
-Үгүй, чи ер нь сүрхий зоригтой эр байдаг шүү. Маршалтай үг зөрж байгаа хүнийг насандаа би лав үзээгүй дэг. Тэгтэл чи харин дайны тэр жил сүрхий зөрж билээ, уу-аа, базарваань гээд Тогтох гуай тачигнатал инээж байнаа. Тэр явдал миний санаанаас яаж гарах вэ.
1942 онд фронтод бэлэг гардуулах төлөөлөгчид гэж янз бүрийн ажил албатай маш олон хүн явцгаасан юм. Би тэгэхэд гучхан настай, залуухан эр орчуулагчаар явах үүрэг хүлээв.
Олон ч хоног явлаа, хичнээн ч хотоор дайрлаа, их ч хүндэтгэл хүлээлээ.
Маршал тэгж явахдаа нэг их архи уухгүй, дан ганц шампанскаар л дагнана. Нэг удаа улаан армийн том дарга нар цөм нийлж байгаад асар том банкет хийлээ дээ. Мань маршал ч байсхийгээд л босч ирээд, илтгэл айлтгал шиг урт үг хэлнэ. Яггүй урт хэлнэ шүү дээ. Би арай сонсголонтой болгох гэж утга зохиолын үгээр очуулна. Маршал ч сүүлдээ сүрхий халж байгаа бололтой,
-Чи буруу орчуулаад байна гээд өөлж гоолж хэлэв. Өөрөө ч хар ярианы хэлэндээ бол үнэндээ бузгай хүн байсан юм. Би ч залуу ч байж, омголон ч явсан биз, буруу байна гээд зүтгээд байхаар нь сүүлдээ уураа барьж дийлсэнгүй.
–Би яаж буруу орчуулсан юм бэ? Хэлснийг тань л яг дагаж орчуулж байна. Буруу гээд байгаа бол бусдаас асуу л даа гэлээ дээ. Нээрээн тэр үед Чойбалсан гуайн өөдөөс буруу зөвийг нь шүүж ярьдаг хүн яаж байх вэ дээ. Маршал ч шатаж эхэллээ.
-Чи тэгээд буцмаар байгаа юм биз дээ гэж байна.
–Буцах шаардлагатай гэвэл би буцахад бэлэн байнаа л гэлээ. Тэгтэл Тогтох гуай хажуунаас,
-За, маршал аа, энэ жаал хүүг ингээд яах нь вэ? гэж Чойбалсан гуайд хэлснээ, надад хандаж,
-Хүү минь, чи ч гэсэн залуу хүн юундаа үг сөргөх вэ? Залуу хүн ингэж болдоггүй юм. Дуугай бай, хүлээцтэй бай гэсхийгээд аятай эвтэйгээр зохицуулсан юм. Маргааш өглөө нь яаж аянга буудаг юм бол доо гэж зүрхшин хүлээж байтал маршал ч дуудлаа. Хүрч очтол,
-За, хүү минь би чамайг гомдоосон байж мэднэ. Би согтохоороо муу ааштай хүн байгаа юм гэж хэлээд эвлэрч билээ. Тэгээд би маршалыг тун зүгээр хүн юм, эр хүн шиг эр хүн юм гэж бодох болсон хэмээгээд Ширэндэв гуай ямбатны ягаан гэгддэг тэр содон байранд байх тохилог байрандаа бэлдсэн хоол шүүсээрээ биднийг дайлж билээ.
Тэр үеэр л байх, Ширэндэв гуай бүр хэрэг болгож, олон ном дотроос олж гардуулан өгсөн “Сэрэл” хэмээх түүхэн найрууллын томоохон номыг нь би үе үе сөхөж үзэхэд, XIX зууны сүүл, XX зууны нэгэн зурвас үе нүдний өмнө тодорч, түүхэн газар нутаг, хүмүүс амилан сэргэх шиг болдог юм. Үнэхээр жин дарах, үнэ цэнэтэй сайхан ном.
Базарын Ширэндэв гуайн мандаж бадарч явсан нь олонтаа боловч, бас МАХН-ын Төв Хорооны Улс төрийн товчооны тогтоолоор 1981 онд нам цохиулж байсан, ёстой л туг ч барьж явсан, тугал ч хариулж үзсэн түүхэн том хүн байв. Харин тэр их хүний ноён нуруу бүтнээрээ байж, ерөн насны сүүдэр зооглож, төр түмнээсээ хөдөлмөрийн баатар хэмээх алдар цолыг хүртсэн нь нэгэн цагт буруу зүгийн дайрлага дайрсан болохоос биш, цаад хүн нь манай Монголын оюун санааны нэгэн сүмбэр уул, их соён гэгээрүүлэгч байсны нь гэрч болон үлдсэн буй за.
НОМЫН БЭЛЭГ НАСНЫ БЭЛЭГ
Б.Ширэндэв, “Сэрэл”, (Түүхэн найрууллууд, Өнгөрсөн зарим түүхэн үйл явдлыг хялбарчлан найруулж, өргөн олон уншшигч нарт танилцуулахыг эрмэлзсэн энэхүү өчүүхэн бүтээлийг миний бие 1981 онд бичсэн тул цаг үеэ алдаж хуучирсан буюу алдаа ташаа зүйл гарсан байх аваас уучлан өршөөхийг уншигч та бүхнээс хүсье! Зохиогч), редактор Ц.Мөнх, Улсын хэвлэлийн газар, Улаанбаатар хот, 1990 он
Номын барилдлагат эрхэм хүү Долгорын Чулуунбаатарт Б.Ширэндэвээс
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.