Архангайд гарсан ослын улмаас зургаан настай хүүхэд шатаж нас баржээ

Twitter Print
2020 оны 07-р сар 16-нд 14:36 цагт
Мэдээний зураг,

Өчигдөр Архангай аймгийн Цагаан даваанд шатахуун тээвэрлэж явсан автомашин уруудах замдаа онхолдож замын хажуу руу унан шатаж байна гэсэн дуудлага 15:49 цагт аймгийн Онцгой байдлын газарт иржээ. 

Дуудлагын дагуу хурандаа Д.Эрдэнэбаатараар ахлуулсан Гал түймэр унтраах, аврах 51 дүгээр ангийн алба хаагчид 10 км замыг туулан 15:58 цагт очиход “Норд Бенз” загварын том оврын автомашин, 4 автомашин, 1 мотоцикл шатаж байжээ. Онцгой байдлынхан 32 минут ажиллаж гал түймрийг бүрэн унтраасан байна. 

Харамсалтай нь тус гал түймэрт 50 настай эмэгтэй Г, 6 настай охин Х нарын хоёр хүн өртөж нас баржээ. Түлэгдэж гэмтсэн 12 иргэнийг Их тамир сумын эмнэлэг болон аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэсэн бөгөөд тэдний нэг нь нас барсан гэх мэдээллийг эх сурвалж өглөө. 

Харин бусад 11 иргэнийг Ми-8 нисдэг тэргээр Зэвсэгт хүчний 303-р ангиас НТТТ, Цэргийн төв эмнэлгийн автомашин тосож, шаардлагатай арга хэмжээг авч, ГССҮТ-д хүргэсэн аж. Одоо ГССҮТ-д яаралтай эрчимт эмчилгээг хийж байна. Тэдгээр иргэдийн хоёр нь бага насны хүүхэд бөгөөд хамгийн бага нь 4 сартай, харин том нь есөн настай аж. Гэмтсэн иргэдийн ихэнх нь 80-90 хувийн түлэгдэлтэй бөгөөд 9 настай охины биеийн байдал тун хүнд байгаа аж. Тус охин эл харамсалтай осол гарах үеэр ээж болон аавынхаа хамт зорчиж яваад гурвуулаа хүнд түлэгджээ.

Дээрх шатахуун тээвэрлэх автомашин нь “Тэргүүн Эрдэнэ” ХХК-ийн өмч бөгөөд Улаанбаатараас хотоос Завхан аймгийн чиглэлд 35,970 литр бензин тээвэрлэн явж байжээ.

Г.Ганаа

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.