Өнөөгийн МАН бол манай ахмадуудын зүтгэл итгэлээр бий болсон МАХН биш...

Twitter Print
2020 оны 06-р сар 02-нд 10:31 цагт
Мэдээний зураг,

ЦАГ ҮЕИЙН ТУХАЙ МИНИЙ БОДОЛ

Өнөөгийн Монголын улс төрд тэргүүлэх үүрэг чадамжтай, нэг үгээр улс төрийг нь үүрч дүүрч яваа хоёр нам байдаг. Хоёулаа хоёр, хоёр зуугаад мянган гишүүнтэй. Гишүүд нь ч намдаа итгэл үнэмшлийн хувьд тун ойролцоо итгэж найддаг улс орноо өөд нь татах чадвартай гэж хүлээдэг. Насны хувьд нэг нь 99 настай бол нөгөө нь 2006 онд таван нам нэгдэж байгуулагдсан цагаас нь тоолбол 14 настай юм.

Миний хувьд аль алиных нь гишүүнчлэлгүй учир насны хувьд алдсан байж мэдэх тул уучилна буйзаа. За ахмадаас нь эхэлье. МАН буюу МАХН. Энэ намын тухайд итгэл үнэмшлийнх нь гол цөм ахмад настнууд юм. Тэд намаа улс орноо үйлдвэржүүлсэн Дархан, Эрдэнэт хотуудыг бий болгосон бүтээгч нам гэдэгт өнөө ч итгэсээр саналаа ямар ч эргэлзээгүй өгдөг. Үр ачдаа ч саналаа өг шахаж өгүүлдэг.

Гэтэл энэ нам 2000 оноос эрс өөрчлөгдсөн. Коммунист үзэл суртлаасаа хаашаа явах зүг чигээ алдчихсан. Нагаржунайн үзлээр явна гэж тунхагласан ч тэр нь амидлаг зүйлийг хөдөлгөгч хүч биш хэтэрхий идеаллаг зүйл учраас тийн явах үндэсгүй билээ.

Өнөөгийн МАН бол манай ахмадуудын зүтгэл итгэлээр бий болсон МАХН биш. Үүнийгээ ч өнгөрсөн дөрвөн жилд бүрмөсөн батлан харууллаа. Аливаа бүхэнд өөрийн цаг хугацаа гэж бий. Манай ахмадуудын итгэж хүлээдэг МАН энэ оргилсон цаг хугацаагаа 1950-1990 онд туулж гүйцэтгэжээ. Муугүй гүйцэтгэснийг хүлээн зөвшөөрөх ёстой. Бий болсон цагаасаа хойш хоёр том хэлмэгдүүлэлт хийсэн. Эхнийх нь улаан яргалал байсан бол хоёрдох нь сэхээтний төөрөгдөл нэрээр нам өөрөө төөрөлдөж улс орны тэргүүлэх хэсгээ цөлж гундаасан хэлмэгдүүлэлт хийсэн.

Өнөөдөр энэ сүнс нь намынхаа орчинд эргэлдсээр л байгааг сүүлийн үед болж байгаа баривчилгаа, сүрдүүлэг бэлхнээ хэлээд л байгаа. Хэрэв энэ нам ялж засаглалаа үргэлжлүүлбэл аюул тарьж болзошгүй боллоо гэж нийгмийн сэтгэлгээний тэргүүлэх хэсгийнхэн түгшиж байна. Нам дотроо ч ийм үзэл баримтлалтай гишүүд байгаа нь УИХ дахь гишүүдийнх нь хэлсэн үг үйлдлээр нотлогдож байгаа. Хатуу чанд дэг, айлган сүрдүүлэх замаар сахилга батыг сахиулж ирсэн энэ нам задралынхаа босгыг давсан нь өнгөрсөн дөрвөн жилийн УИХ дахь үйл явц нь бэлээхэн харуулсан. Нэг үгээр намаа дахин бүлэглэж шинэчлэх үйл явц нь нэгэнт эхэлсэн.

Товчхондоо энэ нам нийгэмд гүйцэтгэх үүргээ гүйцэтгэсэн тул дампуурах уу, шинэ тогтолцоо хэлбэрт шилжиж шинэ цаг үедээ зохицох уу гэдэг босгон дээр зогсож байна. Залуу намын тухайд гэвэл тэд нялхсын өвчинтэйгээ тэмцсээр л яваа. Тавын таван нам эвсэж нэгдээд байгуулсан болохоор үзэл онолын маш их зөрөө байсан. Хоёр удаа засаглах оролдлого хийсэн ч олигтой засаглаж чадаагүй. Таван сум нэг нэгээр нь барьсан хөвгүүдийг өрсөлдөгч нам ээлжлэн элсүүлж тоглолт хийсээр анх удаа засаглахад засгийг нь дөрвөн удаа унагаж байсан. Гэвч бульдозер нэгэнт л хөдөлсөн бол өмнөх шороогоо түрж тэгшилдэг. Яг л энэ зарчмаар явж байна. Ялангуяа шинэ залуу үе нь ирээдүй хийгээд зарчмаа зөв харж байгаа нь мэдрэгддэг. Учир нь бидний өнөөгийн туулж байгаа, маргааш тосож байгаа ирээдүй бол энэ намын цаг үе нь юм. Аливаа бүхэн өөрийн цаг үетэй. Үүнийг юү ч тогтоож чаддаггүйг түүх нотолдог.

Ардчилсан нам бол үзэл баримтлал чиг хандлага болохоос биш Бат-Үүл юм уу Элбэгдорж, Да.Ганболд биш. Үүнийг манай сонгогчид ялгаж салгаж ойлгодоггүйгээсээ болоод цаг үеэ гучин жил нэг байранд барилаа. Одоо суллаж явуулах цаг нь болжээ. Би хэдийгээр энэ намын гишүүн биш ч гэлээ цаг үе хийгээд түүний хүчин зүйлийн тухайд өөрийн итгэл үнэмшилтэй явдаг тул ойрын гуч дөчин жил яалт ч үгүй энэ намын бүтээгч хүчин улс оронд үйлчлэх цаг хугацаа нь юм аа гэдэгт хатуу итгэдэг юм.

Доржзовдын Энхболд

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.