Угаартсан иргэдийн талаарх мэдээллийг албаныхан нууцалж байна

Twitter Print
2019 оны 10-р сар 14-нд 16:18 цагт
Мэдээний зураг,

Угаарын хийд хордож, эмнэлгийн тусламж авч буй иргэдийн тоо нэмэгдэж байгаатай холбоотойгоор нийслэлийн зохих албан тушаалтнууд бэлэн байдалд ажиллаж, өдөрт хоёр удаа хэвлэлийн бага хурал зарлан иргэдэд мэдээлэл өгөх болсон.

Гэвч, үнэн хэрэгтээ бодит тоон мэдээллийг нууж байж болзошгүй байгаа аж. Тодруулбал, өнөөдөр ээлжит хэвлэлийн хурал хийхдээ албаныхан “БЗД-ийн 17 дугаар хорооны иргэн 29 настай Г дуудлага өгөөд арван хормын дараа түргэний тэрэг очиход нас барсан байсан. Одоогоор угаарын хийнд хордсон эсэхийг тогтоох ажиллагаа явагдаж байна. Яагаад гэхээр нэг гэрт хамт байсан аав, ээжийнх нь биеийн байдал зүгээр хэвийн байгаа” гэж мэдээлсэн.

Гэтэл үнэн хэрэгтээ талийгаач угаартсаныг түүний настай аав, ээж нь ч мөн угаарын хордлоготойгоор эмнэлэгт хүргэгдсэнийг нууцалсан байжээ. Тагийгаач бүсгүй гурван сартай жирэмсэн байсан аж. Одоогоор ээжийнх нь биеийн байдал арай дээр ч, аав нь ухаангүй байгаа гэнэ. Талийгаачийн төрөл садан хэвлэлд хандаж ярилцлага өгөхдөө “Аав ээжийнх нь биеийн байдал гэвэл ээж нь арай гайгүй, аав нь манарсан байдалтай юугаа ч мэдэхгүй байна. Эмч нартай нь уулзахаар “угаарт хордож ирсэн” гэдэг үг л хэллээ. Одоо тасагт гарчихлаа.

Гэрт нь очиход цагдаагийнхан ирчихсэн, хаалга үүд, цонхыг нь онгойлгочихсон байсан. “Яагаад ингэсэн юм бэ?” гэсэн чинь “Та байж бай” гэсэн. Тэгээд би пийшин рүү нь очоод юу түлсэн юм бол гэж харсан. Нөгөө сайжруулсан шахмал түлш түлсэн байна лээ. Ер нь хүүхдээ өнгөрснийг мэдсэн юм уу, үгүй юм уу бүү мэд. Шууд л түргэнээр нааш нь аваад ирсэн юм байна лээ. Охин нь түргэн ирэхэд өнгөрчихсөн байсан юм билээ. Охины хувьд гурван сартай жирэмсэн байсан. Тэгэхээр одоо хоёр хүний амь л сүйдчихээд байна шүү дээ. Хэцүү байна. Би энэ бүхнийг шахмал түлшнээс л болж байна гэж бодож байна. Зурагт радиогоор гарахаар л хоргүй зүгээр гарсан гээд байдаг. Төр, засаг үүндээ сонголт хийлгэдэггүй юм уу. Ямар ч бэлтгэлгүй, шууд түлсэндээ л буруу байна шүү дээ” гэсэн бөгөөд пийшингийнх яндан хавхлагагүй байсан гэдгийг талийгаачийн эгч хэлж байна.

Гэтэл Нийслэлийн Онцгой байдлын газрын Гамшгаас урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, хурандаа Г.Нэргүй “Үхлийн шалтгаан нь угаарын хий гэхэд хэцүү. Яагаад гэвэл хамт амьдардаг 60 гаруй настай аав, ээж хоёрынх нь биеийн байдал хэвийн байгаа. Тэгэхээр нас барсан шалтгаан нь шүүх эмнэлгийн задлан шинжилгээ болон эрүүл мэнд, цагдаагийн байгууллагын үзлэг, шалгалтаар тодорхой болно” гэж мэдэгдсэн нь эргэлзээ дагуулж байгаа юм.

image

Өмнө нь УИХ-ын гишүүн асан Г.Уянга “Нас баралт, угаартаж ирсэн тухай мэдээллийг чандлан нууцлахыг эмнэлгүүдэд үүрэгдсэн байна. Нууцалж болох ч, сэрэмж алдамгүй байна” хэмээн цахим хуудастаа нийтэлж байсан билээ.

Г.Ганаа 

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.