
Өнөөдөр хангалттай муу хэлүүлж, хэлтэй амтай болгонд чичлүүлж яваа Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн тэргүүлсэн Засгийн газраас төрийн ордны хойно буюу Нийслэлийн Чингэлтэй дүүргийн дөрөвдүгээр хороо, Улаанбаатарын яг төв дунд байрладаг Байгалийн түүхийн музейн барилгыг нурааж, оронд нь орчин үеийн архитекторын шийдэл бүхий “Их эзэн Чингис хааны музей” байгуулах шийдвэрийг 2019 оны долдугаар сарын 3-ны өдөр гаргасан байдаг. Тэгээд ч Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн дээрх ухаалаг, зоригтой шийдвэрийн дагуу 1954 онд буюу өнөөдрөөс даруй 65 жилийн өмнө ашиглалтанд орсон, одоо бол дээд давхраасаа эхлэн нурж байгаа Байгалийн түүхийн музейн барилгыг буулгаж, түүний оронд баригдах зураг төсөл нь нэгэнт бэлэн болсон 7 давхар “Их эзэн Чингисийн музей”-н барилгажилтын хашаа барихад шаардагдах зардлыг тооцож, санхүүгийн эх үүсвэрийг яаралтай шийдэхийг БСШУС-ын сайд Ё.Баатарбилэгт даалгасан байдаг.
Засгийн газрын дээрх шийдвэрийн дагуу БСШУСЯ-наас Байгалийн түүхийн музейн барилгыг буулгах 400 сая төгрөгийн төсөвтэй тендерийг өнгөрсөн наймдугаар сарын 29-нд зарлаж, санхүүжилтийн эх үүсвэрийг нь Засгийн газрын нөөц хөрөнгөнөөс гаргахаар болоод байсан. Нэгэнт Засгийн газраас чиглэл зорилго нь тодорхойлогдож, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг тодорхой үүрэг хүлээсэн тул тендерийн сонгон шалгаруулалтанд оролцох хүсэлтэй зөвхөн Монгол Улсын компани, аж ахуйн нэгж байгууллагууд өнгөрсөн есдүгээр сарын 30-нд материалуудаа ирүүлж шалгаруулалтын ажил ч эрчимжсэн байдаг.
Гэтэл яг сайхан их ажил өрнөхийн өмнөхөн энд тэндээс баахан “Их мэдэгчид”, шинэ бүтээн байгуулалтыг нураагчид үсрэн гарч ирээд “Улаанбаатар хотын түүхийн дурсгал, уран барилгын үлдэгдэл ХХ зууны энэ барилгыг яасан ч нураалгахгүй, бид эцсээ хүртэл хамгаалан тэмцэлдэх болно” хэмээн энд тэнд Хэвлэлийн бага хурал зохион байгуулж, өнөөх дээрээсээ нурж байгаа Байгалийн түүхийн музейн өмнүүр баахан бичиг цаас наацгааж эхэлсэн билээ. Өнөөдөр дээрээсээ нурж байгаа гурван давхар энэ байшингийн түүхийг жаахан ч болтугай сөхөж үзвэл одоогоор зөвхөн дээрээсээ нуран унаж байгаа энэхүү байшин анх хэрхэн ашиглалтанд орж байсныг өөрийн нүдээр үзсэн харсан өвгөд хөгшид ч өдөр хоногоор цөөрч байгаа нь тодорхой билээ.
Улаанбаатарын иргэд өдөр бүр хажуугаар нь зөрж өнгөрөхдөө байнга л харж байгаа, нүүрэн талаасаа нурж байгаа Байгалийн түүхийн музейн газрыг чөлөөлж оронд нь орчин цагийн архитекторын шийдэл бүхий 7 давхар "Эзэн Чингисийн ордон музей"-г байгуулах цагаа олсон ухаалаг шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийг хараан зүхэх “Хэтэрхий мэргэн жараахай” нар ч сүүлийн үед энд тэндгүй амаа ангалзуулж, хэлээ бултагнуулах болсоны гай балаг эхнээсээ гарч эхлээд байгаа. Энд тэндээс гэнэтхэн л орилолдож эхэлсэн "Цоорхой ухаан"-тай настан буурал архитектор, барилгын инженерүүд болон “Улаанбаатарын түүх болсон урт настай барилгууд”-д хайр зарлах болсон баахан авгай хүүхнүүд мэтийн жигтэйхэн сүрхий шүүмжлэгчид эхнийхээ ялалтанд хүрч, тэднээс айсан БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг “2020 оны улсын төсөвт Үндэсний номын сан, Дуурь, бүжгийн эрдмийн театр, Улсын драмын эрдмийн театрын барилгыг шинэчлэхэд 12 тэрбум төгрөг суулгасан байсан. Гэтэл улстөржилт хэрээс хэтэрсэн учир энэ ажлыг зогсоохоос өөр аргагүй болсон. Засгийн газар соёлын салбарт 1990 оноос хойш дорвитой хөрөнгө оруулаагүй. Харин энэ жил багагүй хөрөнгө зарцуулахаар төлөвлөж, барилгын ажлыг ирэх зунаас эхлүүлэхээр төлөвлөж байсан. Харамсалтай нь, зарим улстөрч, архитектор, төрийн бус байгууллагынхан болон хувь хүмүүс эл шийдвэрийг жадлан эсэргүүцсэн. Тиймээс 12 тэрбум төгрөгийг боловсрол, спорт, шинжлэх ухааны салбарт тулгамдсан бусад асуудлыг шийдэхэд зарцуулах тухай саналаа Ерөнхий сайдад хүргүүлэхээр шийдлээ. Маш харамсалтай байна. Соёл, урлагийн салбарынхнаасаа хүлцэл өчье. Ийм нөхцөл байдал үүсчихээд байхад та бүхэн маань дуугарахгүй юм. Гэхдээ цаашид энэ гурван барилгад олон улсын шинжээч ажиллуулна. Үүнд хөрөнгө, хугацаа шаардлагатай. Тэр хүртэл барилга нурж, хүн гэмтвэл жадлан эсэргүүцсэн хүмүүс хариуцлага хүлээх ёстой” гэсэн билээ.
Хамгийн гол нь Байгалийн түүхийн музейн дээрээсээ нуран унаж байгаа барилгыг “Энэ барилга бол Улаанбаатар хотын соёлын үнэт өв дурсгал. Тийм болохоор яагаад ч буулгаж болохгүй. Ийм учраас бидний хэсэг нөхөд энэ барилгыг эцсээ хүртэл хамгаалах болно” хэмээн цахим хуудсанд хашхичиж эхэлсэн билээ. Тэдгээр тэмцэгчдийг толгойлон орилж, цахим ертөнцөд “Элийрэгч” хэмээн олонд танигдсан Ц.Уянга хэмээх авгай хэсэг дэмжигчидтэйгээ Байгалийн түүхийн музейн өмнө суулт зарлаж байсныг ч тэрүүгээр явж байсан хүмүүс санаж байгаа нь тодорхой. Тэгж байтал Монгол туургатан Төв холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Э.Одбаяр гэх бас нэгэн эх оронч гэнэтхэн харайн гарч ирээд “Байгалийн түүхийн музей нь Улаанбаатар хотын соёлын өвд хамаарна. Энэхүү соёлын өв нь Улсын бүртгэлийн 115215 дугаартай, Байгалийн түүхийн музейн барилга нь архитектурын дурсгал, дурсгалт уран барилга учир Соёлын өвд хамаарч буй. Иймд мэргэжлийн байгууллага шинжээчдийн судалгаа дүгнэлтгүй, ард иргэдийн саналыг харгалзан үзэлгүйгээр нурааж огтхон ч болохгүй. Ер нь ч хуучны дурсгалт барилгуудаа шинэчлэн өргөтгөх биш устгах гэж байна. Иймээс Улаанбаатар хотын өв соёл болсон Байгалийн түүхийн музейн барилгыг нураах шаардлагагүй. Хүчитгэж сэргээн засварлах боломжтой” хэмээн дороо дэвхцэж эхэлсэн байдаг. Гэтэл удалгүй Монголын Архитекторуудын Эвлэлийн Ерөнхийлөгч, Зөвлөх архитектор Э.Хүрэлбаатар гэгч нөхөр мөн л “Байгалийн түүхийн музейг Азийн Архитектурын өвийн санд албан ёсоор бүртгүүлсэн учраас барилгыг буулгах эрх хэнд ч байхгүй. Байгалийн түүхийн музейн барилгын багана гэхэд л дэлхий дээр хаана ч байхгүй, Монголын алтан үеийн урчуудын бүтээл. Монголын соёл уламжлал болсон соёлын энэ өвийг дахиад шинээр хийлээ гэхэд анхны үнэ нь алдагдана. Нийт Монголын архитекторууд Байгалийн түүхийн музейг буулгах, сууринд нь Чингисийн өв соёлын хүрээлэн, музей байгуулахын эсрэг байр суурьтай байгаа” хэмээн орилоод байсан.
Харин Байгалийн түүхийн музейн захирлаар 14 жил ажиллаж байгаа Д.Зоригтбаатар “Манай музейн барилга бол дээрээсээ нуран унаж байгаа, Улаанбаатарын Соёлын өвд хамаарагдах уран барилга огт биш. Удахгүй нурж унах нь тодорхой болчихсон энэ барилгыг яаралтай буулгаж, “Их эзэн Чингис хааны ордон музей”-г яаралтай барьж ашиглалтанд оруулвал Монголыг зорих жуулчдын тоо эрс нэмэгдэнэ” хэмээн үнэн учрыг тайлбарласан. Ингээд эцэст нь Улаанбаатарынхаа төвд “Их эзэн Чингисийн ордон музей”-г байгуулахаар зориглосон Засгийн газрын ухаалаг шийдвэр хэрэгжих шийдвэртээ бат зогсож, БСШУСЯ-ны сайд Ё.Баатарбилэг ч баахан архитекторууд болон хэдэн эмс хүүхнүүдээс айж, гаргасан шийдвэртээ эргэлзэж байснаа больж “Байгалийн түүхийн музейн барилга ашиглалтын шаардлага хангахгүй болсон. Одоо дахин үйл ажиллагаа явуулбал аюултай. Тэгээд ч энэ барилгыг музейн зориулалтаар бариагүй, соёлын өв ч биш. Харин 1952 онд Хөдөө аж ахуйн техникум байгуулах зориулалтаар барьсан. Одоо энэ барилгын тоосго үйрч байгаа. Даацын хана нь цуурч, хагарсан. Ийм байшинд музейн үйл ажиллагаа явуулж, гадаад, дотоодын зочид хүлээн авч болохгүй. Маш аюултай. Сэргээн засна гэвэл шинэ музей барих хэмжээний хөрөнгө шаардагдана. Тийм учраас энэ бёарилгыг нурааж суурин дээр нь Их эзэн Чингисийн ордон музейг барих Засгийн газрын шийдвэр хүчин төгөлдөр мөрдөгдөх болно” хэмээн зоригтойхон дуугарсан юм. Ингэснээр Улаанбаатарынхаа төвд Их эзэн Чингис хааны долоон давхар ордон музейг цогцлоон байгуулж гадны жуулчдыг урин дуудах ухаалаг, зоригтой шийдвэр гаргасан Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн зорилго биелж, зөвхөн гадны жуулчид гэлтгүй Монголчууд бид ч нийслэлийнхээ төвд Их эзэн Чингис хааныхаа дэлхийн талыг түвшитгэн зассан агуу их түүхэн цаг үеэр аялан танилцах гэрэл гэгээтэй өдөр ирэх нь тодорхой болж байна.
Гэрэл гэгээг эсэргүүцэж, тэнэглэл харанхуй руу шурган унах бус, маргаашийн гэрэлт наран зүг нэгэн хүн шиг зориглон урагшлах цаг нь болжээ...

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505