УИХ руу улайран дайрагчид...

Twitter Print
2019 оны 10-р сар 30-нд 14:23 цагт
Мэдээний зураг,

Өнөөдрөөс хойш нь тоолвол яг найман сарын дараа Монгол орныг дөрвөн жилийн зайтай “Дээр доор нь оруулан бужигнуулдаг” УИХ-ын ээлжит сонгууль болно. Чухамдаа 2020 оны зуны халуун дөнгөж л шарж эхлэхтэй зэрэгцэн Монголчууд улстөрийн хийрхэл, нэр дэвшигчдийн тараах элдэв бэлэг сэлт, дугтуйнд хийж нууцалсан мөнгө төгрөг, сонгуулийн өмнөх хоосон амлалтанд нь энд тэндгүй л хахаж үхэх шахацгаана. Ер нь бол УИХ-ын гишүүн болж, дөрвөн жил төрийн ордны хонгилоор дэмий сэлгүүцэх, ганцхан жилийн дотор 400 саяас тэрбум гаруй төгрөгийн цэвэр ашиг орлоготой болцгоохын төлөө аль хоёр сарын өмнөөс улайран тэмцэж, дайралтаа эхлүүлцгээсэн билээ.

Тэдгээр улайрагчдын тэргүүн эгнээнд УИХ-ын чуулганы танхимд арслан ч айж зугтмаар эвшээлгэн унтагчид, сэмхэн өрөөндөө орж боов боорцог хүлхэж, хааяа нэг хатуу дарс хүртэгчидээс эхлээд Монгол орны газар сайгүй хэсүүчилж, хөдөөгийн ядуухан иргэдийг дугтуйнд шургуулсан мөнгө, сүүний битон, чихэр жимс, дээлийн торго, мөнгөн аяга, шуудай гурил, наранцэцэгийн тосоор хуурагчид гээд зүсэн зүйлийн товаришууд байгаа.

Хамгийн ноцтойгоор Монголчуудын ядуухан амьдралаар барьцаа баталгаагаа лавшруулж, 2020 оны зун “УИХ-ын гишүүн” хэмээн цоллуулахаар улайран дайрагсдын тэргүүн эгнээнд өнөөдөр УИХ-ын танхимд эвшээлгэн унтаж, утсаараа оролдож, бохь зажилж, нааш цааш гүйлдэж байгаа авгай нар жагсч байгааг хэн хүнгүй өдөр бүр л харцгааж байгаа нь тодорхой.  Тэдний зүгээс  “Ямар ч барьцаа хөрөнгөгүй, ажил төрөлгүй ард иргэддээ 20 хүртэлх сая төгрөгийн Итгэлийн зээл олгоно”, “Он гараад НӨАТ-ын өнөөдрийн хоёр хувийг 10-15 хувьд хүргэн нэмэгдүүлнэ”, “Түрээсийн орон сууцны тоо хэмжээг эрс нэмэдүүлэхийн тулд Засгийн газрыг шахаж ажиллуулна”, “Улаанбаатарын 220 гаруй мянган гэр хорооллын айл өрхүүдийн 70 хувийнх нь нүхэн жорлонг Сайжруулсан соруулдаг жорлонгоор солино”  хэмээн хий хоосон шахуу амлацгааж эхлээд байгаа.

Зарим нэг нь эхнээсээ Арилжааны тодорхой банкуудыг дампууруулахад манлайлан оролцож, хааяа УИХ-ын чуулганы танхимд нэлээдгүй дуниарталттай буюу согтуу нүдлэн хэнэг ч үгүй орж явчихдаг  байсан бол саяхнаас гэнэт  цоортол ухаажиж,  “Улаанбаатарын гэр хорооллыг ямар ч утаагүй сайжруулсан шахмал түлшээр бүрэн хангахын тулд Таван толгой түлш компанийг шахаж ажиллуулна” хэмээн толгойгоо хөдөлгөн инээд алдах болсон билээ. Харин “Таван толгой түлш” ХХК-ны үйлдвэрлэж байгаа Сайжруулсан шахмал түлшийг хэрэглэсэн гэр хорооллын айл өрхүүдээс эхний хохирогчид болох долоон ч иргэн угаарын хийнд хордож амь насаа алдсанаас хойш өнөөх сүрхий гишүүн “Таг дуугүй” болж, байгаа байхгүй нь мэдэгдэхээ больчихсон.

Гэтэл сүүлийн үед өнөөдрийн УИХ-ын эрхэм гишүүдээс ч илүүтэй урьд нь энэ сандалд нозоорон сууж, амьдралаа үндсээр нь сайжруулж амжсан “УИХ-ын гишүүн асан”-гууд дөрвөн жил эзэгнэсэн суудалдаа дахин залрахаар Монгол орноо хөндлөн гулдгүй туулж, “Гарын бэлэг”-ээ газар сайгүй цацацгааж явна. Тэдний хувьд Баянхонгор, Увс, Ховд, Говь-Алтай Дорноговь, Дундговь, Өмнөговь  гээд газар сайгүй харайлгаж, нааш хандсан болгонд бэлгээ тарааж эхэлсэн байна лээ.

МАНАН-гийн тэдгээр эрхмүүдийн тухайд  Баянхонгорыг 20 летрийн сүүний битоноор дарж, Говь-Алтайн иргэдийг “Удахгүй бүх сумдыг цэвэршүүлсэн ундны усаар бүрэн хангахын тулд бүх хүчээ дайчлан ажиллаж, тэр асуудлыг үндсээр нь шийднэ” хэмээцгээж яваа бол Өмнөговийн иргэдэд “Бүх сумдыг засмал замаар Даланзадгад хоттой холбохын зэрэгцээ, удахгүй Улаанбаатар хоттой эхнээс нь холбоно доо”  хэмээн “Үлгэр ярьж” эхэлсэн байдаг. Иймэрхүү “Үлгэрийн яриа” өнөөдрийн байдлаар  Монгол орныг хөндлөн гулдгүй хэрж, угтаа бол 2020 оны УИХ-ын сонгуулийн хоосон амлалт аль хэдийнэ дарж эхэлжээ.

Гэтэл өнөөдөр УИХ-д сандал бөглөж суугаа Өмнөговь Сэлэнгэ, Баянхонгор аймгууд болон нийслэлийн  Баянгол, Баянзүрх дүүргүүдээс тодорсон хүүхнүүд УИХ-ын чуулганы хуралдаанд оролцох бүртээ  хэлэлцэж байгаа асуудлуудад “Татгалзсан санал” өгч, кнопоо улайстал нь дарцгааж суухыг Монголчууд телевизийн дэлгэцээр орой бүр шахуу харцгаадаг билээ. Тэдний хувьд өнгөрсөн гурван жил гаруйн хугацаанд үндсэндээ ийм л ажил хийж, түүндээ ч гаршсан авгай нар билээ. Тухайлбал Ж.Эрдэнэбатын тэргүүлсэн Засгийн газартай хариуцлага тооцох санал асуулга, жирийн иргэд болон аж ахуй эрхлэгчдийг тойрч давхиад байдаг ЖДҮ эрхлэгчдийг дэмжих сангийн мөнгөнөөс тэрбум тэрбумаар нь залгиж амжсан, нэг танхимд суугаа нөхдийг нь тодруулах санал асуулга, одоогоор мөддөө шийдвэрлэгдэх янзгүй өдөр хоногийг аргацааж байгаа Үндсэн хуулийн хэлэлцүүлгийн бүх л санал асуулгын үеэр “Татгалзах санал”-ын кнопоо шатаж улайстал нь дарцгааж, Монголын улстөрийн энэ цагийн “Шидтэн”-үүд болцгоосон түүхтэй. Харин тэгтэл саяхны тэдгээр тун ч ойлгомжгүй, бараг л намынхаа шийдвэр бодлогын эсрэг тэмцэлдсэн үйлдлүүдээ бараг л таг мартацгаасан дээрх эрхмүүд саяхнаас 2020 оны УИХ-ын сонгууль угтсан “Хий хоосон” амлалтандаа хахаж цацах шахан идэвхийлж эхлээд байгаа юм.

Мөн түүнчлэн өнөөдрийн эрх баригч МАН-ын Цагаан ордон хавиар сүүлийн 20 гаруйхан хоногт  нэг талдаа УИХ-ын дарга асан М.Энхболдын багийнхан нөгөө талд нь Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн фракцынхны далд тэмцэл тун ч ширүүсч, “2020 оны УИХ-ын сонгуулийн тойрог бүрийг булаалдсан тэмцэл” бараг л тулааны хэмжээнд хүрч, эцэстээ тэр бүгд нь МАН-ын залуухан Ерөнхий  нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалангийн өрөөгөөр дамжин нэг тийш шийдэгдэж байгаа талаар тодорхой эх сурвалжууд мэдээлж эхлээд байгаа юм. За даа энэ бүхнээс дүгнэлт хийвэл Монголчуудыг УИХ-ын сонгуулийн хий хоосон амлалтаар дарж, бүгдээрээ л популизмаар бөөлжсөн МАНАН газар сайгүй дахин уугиж эхэлжээ.

Дөрвөн жилийн завсарлагатайгаар МАНАН-д угаартаж, ухаан санаа, бодол оюунаа дугтуйтай жаахан мөнгө, гарын бэлгэнд  даруулж амьдралаараа  тоглуулсан Монголчууд одоо хамгийн гол нь өмнөх гашуун алдаандаа эцсийн дүгнэлт хийж, маргаашаа огт өөр ухаан бодол, зориг  тэмүүллээр харж, босгож цэцлэхийн төлөө тэмцэх шаардлагатай болжээ.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.