Авлига, хээл хахууль, төсвийн мөнгөний хулгайчдын гай барцад нь дөрвөн халуун амь...

Twitter Print
2019 оны 10-р сар 07-нд 16:07 цагт
Мэдээний зураг,

Удахгүй дүн өвөлтэй золгох Монголчууд өнгөрсөн амралтын хоёрхон өдөрт 3.2-хон сая иргэнийхээ дөрвийг нь цаг бусаар буюу “Утаагүй Улаанбаатарт амьдрахын тулд сайжруулсан шахмал түлшийг гэр хорооллын айл өрх бүр хэрэглэх шаардлагатай.

Харин түүхий нүүрс хэрэглэсэн айл өрх болон албан байгууллагуудтай хатуу тэмцэж, өндөр торгууль ногдуулах болно” хэмээсэн эрх баригчид болон Улаанбаатар хотын удирдлагын зүгээс байнга тавьж байгаа шаардлагыг биелүүлсэнийхээ төлөөсөнд хорвоогоос цаг бусаар буцааж, нэгэн шинэ долоо хоногтой золгов. Энэ талаар нарийвчлан тодруулвал өнгөрсөн хагас сайнаас бүтэн сайнд шилжих ганцхан шөнийн дотор сайжруулсан шахмал түлш хэмээх Таван толгойн нүүрсийг нунтаглаж бэлдсэн “Утаа гаргадаггүй шинэ түлш”-ний  хорт  угаарын хийнд хордсон 16 хүн Хордлогын яаралтай тусламжийн төвд хэвтсэн байдаг. Харин ЭХЭМҮТ-д дөрвөн хүүхэд бас л өнөөх хорт угаарын хийнд хордож ирсний гурав нь эмнэлгээс гарсан ч 15 настай хүүгийн бие тун хүнд Сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлжээ.  

Харамсалтай нь хүүгийн ээж нь сэргэшгүй гүнзгий хордсон учир амиа алдсан.  Түүнчлэн  Хордлогын яаралтай тусламжийн төвд хүргэгдэж ирсэн эмэгтэйн хоёр, дөрвөн настай хүүхдүүд нь цаг бусаар хорвоогоос буцаж, нэгэн айлын амьдрал сүйрлийн цохилтод өртөж, уй гамшигт даруулжээ. Саяхан л Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон “Таван толгой түлш” ХХК-ны Гүйцэтгэх захирал хэмээх М.Ганбаатар нарын магтан сайшаах үгээ олохгүй шахам таахалзаад байсан өнөөх сайжруулсан шахмал түлш нь ийнхүү эхнийхээ хатуухан цохилтыг хийж, Улаанбаатарын гэр хорооллын айл өрхүүдийг аймшиг, түгшүүрт хүлж эхэлсэн нь энэ юм. Тэгээд ч том ярьж, хоосон амлаад байсан нийслэлийн удирдлагуудыг түргэн авч дөнгөж эхлээд л байхад сайжруулсан шахмал түлшинд угаартаж хордсон бас нэг иргэн өнгөрсөн бүтэн сайны 21 цагийн орчимд амь насаараа төлөөс төлж, төр засаг болон Улаанбаатар хотын удирдлагуудыг түргэн авхуулсан билээ.  

 

Монголчуудын тал нь буюу 1.6 сая шахам иргэд нь чихцэлдэн амьдарч байгаа Улаанбаатарчууд амралтын хоёрхон өдөрт дөрвөн ч иргэнээ "Цаг бусаар хорвоогоос буцаасан" гуниг харамсалтай мэдээллийн нүүрэнд заларч байгаа хоёр эрхэм бол Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайхан болон түүний ард цагаан каск духдуулсан эрхэм бол өнөөдөр их мөнгөн дээр сандайлан сууж, сайжруулсан шахмал түлш гэгчээр гэр хорооллын айл өрхүүдийг цатгаж байгаа "Таван толгой түлш" ХХК-ны Гүйцэтгэх захирал гэгдэх М.Ганбаатар хоёр билээ. 

“Ниргэсэн хойно нь хашхирдаг” Монголын улстөрчид буюу НИТХ-ын ээлжит шуурхай зөвлөлгөөн гэгч нь саяхан сүр дуулиантай болж, өнгөрсөн амралтын өдруудэд гарсан аюулын талаар ярилцаж, хожимдсон шийдвэрүүдээ гаргажээ янз нь. Тухайлбал НИТХ-ын гишүүдтэй Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы даргалан хийсэн зөвлөлгөөнд нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлагийн удирдлагууд Улаанбаатар хотын өнгөрсөн 14 хоногийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцуулсан гэж байгаа юм.

Тэдгээр эрх мэдэлтнүүд нь нийслэлд үүсээд байгаа нөхцөл байдалтай холбогдуулан мэргэжлийн байгууллагуудтай хамтарсан мэдээлэл хийсэн гэв. Тэдгээр холбогдох байгууллагууд буюу Нийслэлийн мэргэжлийн хяналтын газар, Нийслэлийн онцгой байдлын газар, Нийслэлийн цагдаагийн газар, Нийслэлийн эрүүл мэндийн газрын 198 ажилтан, албан хаагчид өнгөрсөн амралтын хоёр өдөр  24 цагаар ажилласан гэж байна. Ингэхдээ гэр хорооллын айлууд, тэр дундаа хордлогод өртсөн айлуудад тулж ажиллаж, хэмжилт хийсэн гэнэ.

Тэрхүү хэмжилт бас бус амжуулсан ажлынхаа талаар Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дарга Л.Эрдэнэчулуун “Бид хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс, худалдан авсан цэгээс, “Таван толгой” ХХК-ийн үйлдвэрээс гэсэн 3 газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Өчигдөр 2, өнөөдөр 1 шинжилгээний хариу гарсан.” гэсэн байсан.

Тэгвэл түүний дараа Нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн “Үүссэн онцгой нөхцөл байдалтай холбоотойгоор холбогдох мэргэжлийн байгууллагууд төр засгийн тэргүүнүүдийг мэдээллээр ханган ажилласан. Мөн шахмал түлшний дээжийг БНСУ болон БНХАУ-руу шинжилгээнд явуулсан байгаа. Түүнчлэн хордлогод өртсөн айлуудын хэрэглэж байсан түлшнээс болон худалдан авсан цэгээс нь, “Таван толгой түлш” ХХК-ийн үйлдвэрээс гэсэн гурван ч газраас 23 дээж авч, Ашигт малтмал, газрын тосны газрын харьяа лаборатори, Геологийн төв лаборатори, Гаалийн ерөнхий газрын төв лабораторид шинжилгээнд өгсөн. Тэгээд ч шинжилгээний эхний хариу нь стандартын шаардлага хангасан гэж гарсан” гэсэн байгаа юм.

Ингэхээр өнгөрсөн амралтын хоёрхон хоногт  гэртээ угаартаж нас барцгаасан Улаанбаатарын гэр хорооллын дөрвөн ч иргэн “сайжруулсан шахмал түлшийг буруу асааж, хэрэглэсэн. Аль эсвэл тэдгээр айлуудын ашиглаж байгаа зуухнууд нь хэрэглэгээний шаардлага хангахгүй байгаа, эсвэл зарим айлуудын  ашиглаж байгаа ханан пийшингийнх нь утаа нь дамжин гадагшилдаг зориулалтын худагнууд нь бөглөрсөнөөс хорт угаар тархаж, хордсон байх магадлалтай” болж таарч эхлээд байна.

Цаг бусаар хорвоогоос буцацгаасан Улаанбаатарын гэр хорооллын иргэдийн хамгийн сүүлд хэрэглэсэн сайжруулсан түлшнийхээ талаар “Таван толгой түлш” ХХК-ны захирал М.Ганбаатар нь “Манай үйлдвэрээс гарч байгаа сайжруулсан түлшний чанарт эргэлзэх ямар ч шаардлагагүй. Бидний зүгээс Улаанбаатарын утааг арилгаж, ард иргэдээ амар тайван амьдруулахын тулд бүх талын шинжилгээ, судалгааны үндсэн дээр орчин цагийн бүх л нөхцөл шаардлагыг бүрэн хангасан сайжруулсан шахмал түлшийг ганцхан өдөрт 2900-3000 тонныг үйлдвэрлэж, Улаанбаатарт үйл ажиллагаа явуулж эхлээд байгаа 1000 орчим борлуулах цэгийг бүрэн ханган ажиллаж байгаа болно” хэмээн саяхан л тун ч зоригтой мэдээлэл хийж байсан билээ.

Улаанбаатарын дөрвөн ч иргэний аминд хүрчихээд байгаа “Таван толгой түлш” ХХК-ны сайжруулсан шахмал түлш нь ямар ч хор хөнөөлгүй, харин түүнийг хэрэглэж байгаа ард иргэд л өөрсдөө хайхрамжгүй, шинээр үйлдвэрлэсэн түлшийг урьд нь түлж байгаагүй тул угаартаж, хордож амь насаа алдаж, товчхондоо өөрсдөө л буруутан болж таарч байна.

Улаанбаатар хотын Захирагч С.Амарсайханы орлогч буюу өнөөх “Таван толгой түлш” ХХК-ны ТУЗ-ийн дарга гэгдэх Ж.Батбаясгалан тун саяхан “Монголчууд түүхий нүүрсэнд хордож, угаартаж амь насаа алдах нь жил бүр л гарч, хэвшил болчихсон үзэгдэл. Иргэд өөрсдөө л галаа олигтойхон асааж, түлж чадахгүй, технологийн горим зөрчөөд байгаагаас ийм хохирол гарч байна. Ингэхээр Улаанбаатарын иргэдийг эхний ээлжинд галыг нь технологийн дагуу түлүүлж сургах нь бид бүхний давын өмнөх гол зорилт болж байна” хэмээн хэнэг ч үгүй мэдэгдээд сууж байна. 

Энэ бүхнээс дүгнэлт хийвэл саяхан л манай нэрт сэтгүүлч СГЗ Г.Жамъян гуайн дүгнэж байсан “Өнөөдөр манай эрх баригчид, улстөрч нэртэй дарга нарын магтах үгээ олохгүй байгаа сайжруулсан шахмал түлш нь Улаанбаатарын гэр хорооллын айл өрхүүдийг энэ өвөл аль хэр ая тухтай, дулаахан сайхан өвөлжүүлэх, Улаанбаатарын энэ их харанхуйлсан хар утааг хэдий хэмжээгээр багасгах зэрэг нь тун удахгүй нотлогдож, батлагдах нь тодорхой”  гэсэн нь эхнээсээ тун ч хорлонтой нотлогдоод эхэллээ дээ. 

Монголчууд эрт дээрээс л “Ам ажлын зөруу”, “Их санасан газар есөн шөнө хоосон” гэсэн хатуухан гашуун үгийг зүгээр ч нэг хэрэглээд байдаггүй нь ийнхүү хорлонтойгоор батлагдаад эхэллээ дээ, эрхэм эрхтэн дархтан, авилга хээл хахуульд шунан дурлагчид, төсвийн мөнгөөр гараа угаагчид аа гэж...

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.