Шатахууны үнэ нэмэгдэх нь тодорхой боллоо

Twitter Print
2019 оны 10-р сар 03-нд 15:52 цагт
Мэдээний зураг,

Дэлхийн газрын тос, нефтийн бүтээгдэхүүний үнийг тодорхойлогч ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллагад учирсан хямрал, зөрчилдөөн, тэр дундаа АНУ нь Иранд тавих хоригоо улам бүр чангаруулсаны эсрэг лалын бүгд найрамдах Иран улс Ормузын хоолойг хааж, эсэргүүцлээ илэрхийлэх магадлал өндөр байгаа, Саудын Араб болон ОХУ нь ОПЕК-тай тохирсны дагуу нефть үйлдвэрлэлээ багасгаж байгаа зэргээс улбаалан дэлхийн зах зээл дээрх нэг барелль газрын тосны үнэ улам бүр өсөх хандлагатай байна.

Персийн булангаас олборлодог их хэмжээний газрын тосыг Персийн булан болон Оманы буланг холбосон Ормузын хоолойгоор тээвэрлэдэг тул Иран улс тэрхүү усан замын гол сувгийг хаавал шатахууны үнэ огцом өсөх гол эх үүсвэр болох нь ойлгомжтой билээ. Тэгээд ч газрын тосны баялаг нөөцтэй Иран улс Ормузын хоолойн хойд талд оршдог бол өмнө талд нь Арабын Нэгдсэн Эмирт, Оманд харъяалагддаг Мусандам хэмээх аралууд оршдог учир тун түвэгтэй байдал үүсэх нь ч тодорхой болжээ.

Сүүлийн дөрвөн жил дараалан нефтийн дэлхийн зах зээл дээрх үнэ огцом өссөөр өнөөдрийн байдлаар 62 орчим ам.долларт эргэлдэж байгаа ч дээрх шалтгаанууд, түүн дээр Ливи, Иран, Венесуэль зэрэг гол нефть олборлогч орнуудын экспорт огцом буурсан, АНУ-ын занарын нөөц буурсантай холбоотойгоор занарын үйлдвэрлэл саарч,тус улсын төв банк бодлогын хүүгээ бууруулсан зэрэг олон учир шалтгааны улмаас энэ удаад шатахууны үнэ өсөх, цаашид ч өсөх дүр зураг тодорхой болж байгаа юм. Энэхүү шатахууны дэлхийн үнийн огцом өсөлтийг дагаж Монгол Улсад борлуулагддаг бензин шатахууны үнэ ч өсөх нь тодорхой болж байна.  

Хэрвээ Платтсын үнэ одоогийн түвшиндээ үргэлжилбэл PH-ийн 2019 оны 10-р сарын бензиний үнэ 29 ам.доллароор өсөхөөр, Өвлийн Дизелийн түлшний үнэ нь 73 ам.доллароор өсөх нь тодорхой харагдаж байгааг одооноос анхааруулах шаардлагатай ч боллоо. 10-р сарын экспортын татвар нь Дизелийн түлшин дээр өмнөх сараас -1.1 ам. доллароор буурч 26.1 ам.доллар/тн, А92 дээр өмнөх сараас -1.1 ам.доллароор буурч 26.1 ам.доллар/тн болох юм. 

Өнөөдөр Монгол Улс 3.2 сая хүн амтай ч хойд хөрш ОХУ-аас жилдээ 900-1500 сая ам.долларын үнэтэй нефтийн бүтээгдэхүүн авч, дотоодынхоо хэрэгцээг хангадаг. Газрын тосны бүтээгдэхүүний импортыг өнгөрсөн 2018 оны бүтцээр нь авч үзвэл 90-ээс дээш октантай автобензин 27 хувь, 90-ээс доош октантай автобензин 4 орчим хувь, дизель түлш 50 хувь, онгоцны түлш 2 хувь, бусад /тос тосолгооны материал, мазут, хий/ 17 хувийг эзэлсэн байдаг. Харин Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний нийт импортын 95 орчим хувийг ОХУ, 4.6 орчим хувийг БНСУ, 2 хүрэхгүй хувийг БНХАУ-аас импортолж байгаа билээ.  

Монгол Улсын газрын тосны бүтээгдэхүүний хэрэглээ сүүлийн таван жилд 66 хувиар өссөн бол тээврийн хэрэгслийн оношилгоонд хамрагдсан нийт автомашины тоо 53 хувиар өссөн байгааг ч дурдах ёстой. Монгол Улсын нефтийн бүтээгдэхүүний хэрэглээ ийнхүү жилээс жилд өсөн нэмэгдэж байгаа бөгөөд ердөө ганц ширхэг тээврийн хэрэгсэл нэмэгдэхэд л шатахууны хэрэглээг нь өдөрт 6 литрээр тооцоход л жилдээ дунджаар 1.8 тонноор нэмэгдэж байдаг  тооцоо гарч байгаа юм. Манай улсын тээврийн хэрэгслийн дийлэнхийг жижиг суудлын тэрэг болон нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг. Харин дизелийн түлшний хэрэглээний дийлэнхийг ачаа тээвэр, уул уурхайн хүнд машин механизм зэрэг хүчин чадал ихтэй техник хэрэгслүүд эзэлдэг. Иймд дизелийн түлшний хэрэглээнд нөлөөлж буй голлох хүчин зүйлст бөөний буюу уул уурхай, төмөр замын салбар, жижиглэнгийн борлуулалт голлож байгаа. Ер нь Монгол Улсын бензин шатахууны үнэ тасралтгүй нэмэгдэж байгаа нь дэлхийн зах зээл дээрх газрын тосны үнийн огцом өсөлттэй холбоотой байсаар ирсэн нь яах аргагүй тухайн цаг үеийн баталгаатай баримт юм. Энэхүү давалгаалсан нөхцөл байдал буюу хэрэглэгчдийг бухимдуулдаг үнийн өсөлт хойшид ч хэвээр хадгалагдах нь тодорхой боллоо.

Харин Монгол Улсад газрын тосны бүтээгдэхүүн голлон нийлүүлэгч “Роснефть” компаний хувьд 2019 оны эхний таван сарын байдлаар импортын үнэ нэгдүгээр сард 531, хоёрдугаар сард 533 ам.доллар байсан бол гуравдугаар сард огцом өсч 572 ам.доллар болсон. Яг өнөөдрийн байдлаар “Роснефть”-ийн бүтээгдэхүүний үнийн өсөлт өнгөрсөн тавдугаар сард ч үргэлжилсэн бол хойшид ч тэрхүү тааламжгүй нөхцөл байдал үргэлжлэх нь тодорхой болчихлоо. Энд нэг зүйл сануулахад дэлхийн зах зээл дээрх шатахууны үнэ 5-10 хувиар буухад Монголд зарж байгаа АИ-92 бензиний үнэд нөлөөлөхгүй. Учир нь сүүлийн таван жилийн турш аажмаар өсч буй ам.долларын үнийн өсөлттэй салшгүй холбоотой хэмээн ойлгож болно. Импортлогчид шатахууныг ам.доллараар худалдан авч иргэдэд төгрөгөөр зардаг учраас эцсийн хэрэглэгчид дэлхийн зах зээлийн үнэ, төгрөгийн ханшийн сулрал гэсэн хоёр эрсдлийг үүрдэг нь маргашгүй үнэн. Бензин шатахууны хувьд хойд хөрш ОХУ-аас байнгын буюу 1955 оноос хойш хараат явсаар ирсэн монголчууд өнөөдрийн нефтийн бүтээгдэхүүний үнийн дэлхийн зах зээл дээрх байнгын өсөлтийн талаар хэдэн учир шалтгааныг сайтар ойлговол тэгтлээ бухимдаж уурлаад, буруутанг дотроосоо хайгаад байхгүй л болов уу.

Image result for gasoline price is up

Өнөөдөр дэлхийн зах зээл дээрх нэг барелль газрын тосны үнэ яагаад 75-80 ам.долларт эргэлдээд байна вэ гэдэг нь доорхи үндсэн хэдэн шалтгаантай юм. Үүнд ОПЕК буюу газрын тос экспортлогч орнуудын байгууллага болон манай хойд хөрш ОХУ-ын хамтын ажиллагааны гэрээний хүрээнд газрын тосны олборлолтыг танах бодлого хэрэгжиж эхэлсэн нь дэлхийн зах зээл дээр газрын тосны үнэ өсөх үндсэн шалтгаан болсон бөгөөд өнгөрсөн 2018 оны дөрөвдүгээр сарын дунд үед газрын тосны үнэ 2014 оноос хойш хамгийн өндөр түвшинд буюу бараг л 80 ам.долларт дөхсөн нь АНУ, Сири улсын геополитикийн зөрчилдөөнөөс үүссэн улс төрийн хурцадмал байдалтай холбоотой гэж тайлбарладаг. Мөн оныхоо тавдугаар сараас АНУ нь Ираны цөмийн хөтөлбөрийн хэлэлцээрээс татгалзаж, Ираны эсрэг хориг арга хэмжээ авсан нь ч газрын тосны суурь үнийг хөөргөдөх нэгэн гол шалтгаан болжээ. Тэгээд ч цэрэг зэвсэгийн хүчин чадал сайтай, хүн амынхаа тоогоор ч Персийн булангийн орнууд дундаа тэргүүлэгч лалын бүгд найрамдах Иран улсын Ерөнхийлөгчийн АНУ-ын эсрэг хийсэн саяхны ширүүн мэдэгдэл болон газрын тос тээвэрлэгч гол суваг болох Ормузын хоолойг тун удахгүй хааж ч болзошгүй болоод байгаа нь хойшид бензин шатахууны үнэ тасралтгүй өсөн нэмэгдэх гол нөхцөл болж байгааг Монголчууд сайтар ойлгох хэрэгтэй боллоо.

Манай бензин шатахууны худалдаа эрхлэгчид шатахуун экспортлогч орнуудаас зөвхөн ам.доллараар төлбөр төлж, худалдаа хийдэг тул ам.долларын төгрөгтэй харьцах ханшийн өөрчлөлт ч шатахууны үнэд шууд нөлөөлж байгаа билээ. Ийнхүү импортлогч компаниуд нефтийн бүтээгдэхүүнээ ам.доллараар худалдан аваад хэрэглэгчиддээ төгрөгөөр зардаг, дэлхийн зах зээл дээр байнга өсч буй газрын тосны ханш болон Монгол төгрөгийн ханшийн сулралын эрсдлийг давхар үүрч байгаагаа Монголчууд бид сайтар ойлгох, хүлээцтэй тайван байцгаах цаг тулж ирээд байгааг хаа хаанаа ухамсарлах  хэрэгтэй боллоо.  

Сэтгүүлч Д.Энхтүвшин

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.