М.Чимэдцэеэ - БИ УУЛЫН ХҮН /дуртгал, бодрол/

Twitter Print
2022 оны 08-р сар 18-нд 17:14 цагт
Мэдээний зураг,

МУСГЗ, доктор, профессор, хятад судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ “БИ УУЛЫН ХҮН” нэртэй дуртгал бодролын ном бичиж хэвлүүлжээ. Уг номын хэсгээс та бүхэнд толилуулж байна.

...Намрын ажил дуусаж, өвөртөө овоо хэдэн төгрөгтэй буцаж ирж, хичээлдээ сууж, оюутны байранд орж, оюутан цагийн хөгжөөн долгионт амьдрал эхлэв. “МУИС” гэсэн бичээс бүхий дөрвөлжин тэмдэг олж энгэртээ зүүж гангаран, тэр цагт Монгол улсын сор болсон гайхамшигтай эрдэмтэн багш нараас номын дуу сонсож, эрдмийн авшиг хүртэн, хааяа гэдэс өлсөхөөр гэрээ санаж гиюүрэн, хааяа бас нөхөдтэй дарвин, “Идэр” хэмээх зоогийн газар орж шар айраг шимж, оюутны байр, хичээлийн байр хоёрын хооронд гүйсээр, нэг л мэдэхэд өвлийн шалгалт хаяанд тулсан байлаа.

Тэр үед их сургуулийн оюутны I, II байр хэмээх сунагар урт цагаан байшингууд тэрхэн хавьдаа л сүр бараатай харагддагсан. Тэнд хичээл ном, хөөр цэнгээн, хөл хөгжөөн, хайр дурлал, баяр гуниг бүгд зэрэгцэн, оюутан цагийн долгионт амьдрал оргилж буцалж байдагсан. Олон олон хүний ирээдүйн амьдралын их харгуй эндээс эхэлсэн гэж би боддог. Мянган бээрийн их аян мөнхүү өлмий доороос эхэлдэг хэмээдэг. Миний ирээдүйн амьдралын их зам мөр мөн л энэ цагаан байшингаас эхэлсэн юм. Оюутны байрны цагаан байшинд би гэргийтэйгээ анх танилцаж, айл гэр үүсгэн, хожим нь тулгар биетэй гэргий бид хоёр энэ л цагаан байшингаас хөтлөлцөн гарч, олон нугачаат амьдралын их замд хамтдаа хөл тавьсан билээ. Чухамдаа бидний амьдралын мянган бээрийн их аян эндээс эхэлсэн юм. Эдүгээ оюутны цагаан байр маань олон том сайхан байшингуудын дунд тал талаасаа шахагдан, он цагийн урсгалд элэгдэн хуучирч, доожоо муутайхан харагдавч, хажуугаар нь өнгөрөх болгонд нүдэнд дулаан, сэтгэлд дотно байдаг бөлгөө.

Оюутны амьдралын хамгийн эхний өвлийн шалгалтуудаа гайгүй сайн дүнтэй өгсөн санагдана. Лав л 4-5 шүүлэг, 4-5 шалгалт өгч билээ. Өвлийн амралт эхэлж, би гэр рүүгээ явж чадсангүй, оюутны байрандаа үлдэв. Сүүлийн хагас жилийн хичээл эхлээд 1-2 сар өнгөрсөн байх, нэг өдөр хичээл дээр орос хэлний Тугутова багш дуудаж, ГЯЯ-нд очиж, нэгэн хүнтэй уулз гэв. Би ГЯЯ-ыг заалгаж аваад, очиж нөгөө заасан хүнтэй нь уулзсанд, намайг баахан байцааж, орос сонин авч, ганц нэг гарчиг энэ тэр уншуулж, үг асууж, төдий хоногийн дараа дахин ир хэмээн өдөр зааж явуулав. Ингэж би тэр хаваржингаа ГЯЯ-нд хэд хоноод нэг очдог ажилтай болж, орос сонин бичгээс хялбар дөхөм зүйл уншуулж, утга санааг нь асууж шалгасаар, нэг л мэдэхэд хаврын шалгалт хаяанд ирсэн байлаа.

Нэг өдөр нөгөө дарга маань “За, бид чамайг Москвад олон улсын харилцааны дээд сургуульд явуулах бодолтой байна. Чи одоо энэ хаврын шалгалтанд дунд дүн авч огт болохгүй, болж өгвөл сайн дүн ч гэсэн авахгүй, дан онц байвал сайн. Чамайг араб хэлний ангид явуулахаар ярьж байгаа. Чи ийм сургуульд явах гэж байгаа тухайгаа хүн амьтанд нэг их яриад хэрэггүй” гэхчлэн зөвлөж, “Одоо чамайг даргатай уулзуулна” хэмээн дагуулан дээд давхарт гарч, нэгэн цэлийсэн том тасалгааны хоймор талыг эзэлсэн том ширээний ард суух дарга дээр оров. Тэр дарга нь тоймтой юм яриагүй санагдана. Бодвол хэд гурван зүйл асууж, сайн сурахыг даалгаад гаргасан байх. УБДС-ийн нэгэн хүү бас тэр хаваржингаа ГЯЯ-нд очиж, шалгуулж, бид хоёр үе үе тааралддаг байсан юм. Бодвол надтай адилхан шат дамжсан байх. Би тэр хаваржингаа тэгж шалгуулж явахдаа нэг их хөөр баяр ч болоогүй, туйлын ихээр хүсэж мөрөөдсөн ч үгүй, хар муу санаа суугаагүй, хөдөөгийн хүүгийн цагаан цайлган зангаар ГЯЯ-нд шалгуулж байгаагаа, тийм сургуульд явж магадгүй байгаагаа нууж хаах юмгүй ярьж, явбал явах л биз хэмээн боддог байж билээ.

Бид оюутны байранд дөрвүүлээ суудаг, нэг нь ажиллаж байгаад ирсэн, надаас олон ах, архи нэлээд балгадаг ахимаг насны хүн байсан юм. ЗХУКН-ын түүхийн хичээл заадаг Цэрэн хэмээх багш бас архинд нэлээд дуртай бололтой, манай өрөөний нөгөө архи балгадаг нөхөртэй найз болчихсон, үе үе манай байраар халамцуухан орж ирдэг, би ч заримдаа архинд нь гүйдэг байв. Тэр ч байтугай нэг удаа согтоод миний орон дээр унтчихаад босдоггүй, би өөр хүүхдийн өрөөнд очиж хонож байсан юм. Тэгтэл хаврын шалгалт эхэлж, би ч бүхий л чадлаараа шалгалтад бэлтгэж, их ч уншиж, сайн ч давтаж, хүний итгэж даалгасныг хөсөрдүүлэхгүйг хичээсэн юм. Тэгээд ч эхний хагас жилийн бүх шалгалтаа онц дүнтэй өгчихсөн, шалгалт гэж юу болохыг бас ч гэж үзчихсэн байсан билээ. Хамгийн эхний шалгалт ЗХУКН-ын түүх. Өнөөх Цэрэн багш. Би ч овоо уншчихсан, гайгүй мэднэ гэж бодсоор явж ортол, Цэрэн багш тэр өдөр ууртай ширүүн гэж жигтэйхэн, надаар бараг юу ч яриулалгүй, ганц хоёр үг сонссон болоод, шууд “муу” дүн тавиад хөөж гаргасан юм даа. Урд өдөр нь уусан архиндаа шартсан уур хилэнгээ өчүүхэн оюутанд гаргасан байж болох, эсбөгөөс тэр хуваарийг авах гэсэн хэн нэгэн эрхтэн дархтны үүрэг даалгавраар өчүүхэн намайг хорлосон байж болох, эсбөгөөс... эс бөгөөс... чухам ямар шалтгаан байсныг хэн хэлж чадах буй. Тэнгэр бурхан л мэдэх буйзаа. Харин ганц үнэн гэвэл бидний книжка хэмээн нэрлэдэг сурлагын дэвтэр дээр “муу” хэмээн палийтал татаж орхисон тэр дүн миний МУИС-д таван жил сурахдаа эхний болоод эцсийн удаа авсан цор ганц “муу” дүн болсон юм. Их сургуульд таван жил сурахдаа би “дунд” гэдэг дүн нэг ч аваагүй, дөрөвхөн “сайн” дүнтэй, бусад нь бүгд “онц” дүнтэй төгссөн юм. Би Цэрэн багшид гомдсон ч үгүй, харин “муу” байтугай, “дунд” дүн авч болохгүй гэж итгэж захьсан ГЯЯ-ны сайхан ааштай даргын итгэл, найдварыг биелүүлж чадаагүйдээ харамсаж гэмшиж, яаж уулзана даа хэмээн халгаж байлаа. Уг нь нэг, хоёр шалгалт өгөөд заавал ирж уулзаж бай гэж үүрэг өгсөн юм л даа.

Миний дараагийн шалгалт “Утга зохиол шинжлэлийн удиртгал” гэдэг хичээл байв. Миний хамгийн дуртай, сонирхолтой хичээлүүдийн нэг. Эдүгээ Ардын багш, ШУГЗ, доктор, профессор С.Дулам багш заадаг байв. Тэр үед С.Дулам багштан их сургуульд багш болоод удаагүй, сурсан эрдэм ном нь багтаж өгөхгүй сад тавих нь уу гэлтэй, гялалзсан залуухан багш хичээлээ маш сайхан заадаг байлаа. Сергей Есениний “Шаганэ ты моя, Шаганэ” хэмээх уянгын шүлгийг орос хэлээрх зузаан номоос шууд орчуулан, шүлэглэн дуудахад нь амьсгал даран, бахдан бахдан сонсдог байж билээ. Би С.Дулам багшийн хичээлийг нэгд нэгэнгүй хичээнгүйлэн тэмдэглэж авдаг, ажиллаж байгаад их сургуульд орсон манай ангийн оюутан, багш нарын яриаг тэр болгон гүйцэд сонсдоггүй, чих хатуудуу, ангийн ах дэргэд сууж, миний бичсэнийг хажуунаас харж хуулж авдаг байв. С.Дулам багшийн шалгалтын надад оногдсон сэдвийг маш сайн мэдэж байсан болохоор би үнэхээр торж түгдрэхгүй хариулж, багш “муу” дүн дуурайсан миний нөгөө муу сурлагын дэвтрийг эргүүлж тойруулж баахан үзэж, миний хичээл тэмдэглэсэн дэвтрийн (тэр үед бид конспект гэж нэрлэдэг байсан) хуудсыг эргүүлж, урд хойноос нь үзэж, хэсэг зуур бодолд автан сууснаа, “Би уг нь чамд шууд онц дүн тавимаар байна. Гэтэл чи муу авчихсан хүн юм. “Муу” дүнгийн араас шууд “онц” дүн тавьж бас боломгүй. Тэгэхээр би чамд “сайн” дүн тавихаас өөр аргагүй болоод байна. Харин чиний энэ хичээлийн дэвтрийг би авлаа” гэж хэлээд надад “сайн” дүн тавьсан юм. Намайг ямар “хэрэг тарьж” явааг тэрхэн үед С.Дулам багш маань яахин мэдэх билээ. Бүүр хожим би МУИС-д багш болоод байхад нэгэн удаагийн хурал дээр С.Дулам багш маань “Чимэдцэеэгийн нэг дэвтэр надад байдаг юм. Чухам яаж надад ирснийг би санадаггүй” гэж ярьж байж билээ. Би “Миний дэвтрийг буцааж өгөөч” гэж гуйсан боловч, багш мартсан уу, эсвэл далай их ном бичиг дотроос нь олдохгүй болсон уу, би тэр дэвтрээ олж авч чадаагүй л явна.

ГЯЯ-нд очиж уулзахаас нэгэнтээ айж эмээн, нөгөөтэйгүүр хулгаж халширсаар үлдсэн дөрвөн шалгалтаа бүгдийг нь “онц” дүнтэй шалгуулаад байтал нэг өдөр УБДС-ийн нөгөө хүү намайг эрсээр оюутны байранд ирэв. ГЯЯ-наас “Тэр нөхрийг ямар ч байсан олж ир” гэж явуулсан ажээ. Би “Шалгалтад уначихсан, хүний нүүр харах эрхгүй болсон” учраа хэлсэнд, “Чи юутай ч болсон очиж уулз, чамайг заавал олж ир гэсэн” гэв. Тийнхүү айж бэргэсээр ГЯЯ-нд очиж, уруу царайлж, дорой дуугаран, өнөөх этгээд хачин дүн ярайсан муу дэвтрээ үзүүлсэнд, дарга уурлаж зандарсан ч үгүй, өрөвдөж шаналсан нүдээр харж, “Чамайг ийм сургуульд явах гэж байгааг энэ коммунист намын түүхийн багш мэдэж байсан уу” хэмээн асуув. Би ч “Оюутны байраар орж гардаг байсан, архи дарс уудаг байсан, бодвол мэдсэн байхаа л” гэж хэлсэн санагдана. Хэсэг зуур бодолхийлж сууснаа, “Ингэж зүгээр өнгөрч болохгүй ээ. Бид их дээд сургуулийн мэргэжлийн багш нараас бүрдсэн тусгай комисс гаргаж, чамаас дахин коммунист намын түүхийн хичээлээр дахин шалгалт авна. Чи дахин шалгалт өгөхөд бэлэн үү?” гэж асуув. Би ч урам зориг мохож шантран, нутаг ус, гэр орноо санаж, бушуухан харимаар байсныг хэлэх үү, шулуухан “Үгүй, би дахин шалгалт өгмөөргүй байна. Багшид буруу байхгүй, би л өөрөө буруутай” гэхэд, өнөөх дарга маань урам хугарсан байдалтай, санаа алдан “Одоо тэгвэл яая гэхэв дээ” гэж билээ. Ингэж миний Москвад Олон улсын харилцааны дээд сургуульд явах хөг өнгөрсөн ч, өдөр шөнийн бодол болж, үхэн хатан шимтээгүй болоод ч тэр үү, ер гуньж гутарсангүй, хэд хоноод гэртээ харихаар нутаг руугаа нисэж одсон юм.

Намар нь хичээлдээ ирээд 28 төгрөгөөр нэг шил архи авч, сурлагын дэвтэр, архи хоёроо хамт суудаг архинд дуртай ахаар Цэрэн багшид өгч явуулсанд, “Муу дүн авсан хүнд онц дүн тавьж болдоггүй журамтай” гэж хэлээд “сайн” дүн тавьж сурлагын дэвтрийг буцаан өгсөн байж билээ. Хожим энэ хэрэг явдлыг би “Цэрэн багшийн тус” хэмээн нэрлэсэн юм. Миний хойшдын хувь заяа, зам мөр үзэгний үзүүр хөдлөхийн төдий агшинд хоёр дахь удаагаа тийнхүү шийдэгдсэн билээ. Тэрхэн мөчид тэнгэрийн цаг тохиол бас л тийн оноож, “Чи тэр замаар бүү явтугай” хэмээсэн бошиг зарлиг буулгасан ч юм бил үү. Хэн хэлж чадахсан билээ. Хэрэв тэр багш намайг зохих ёсоор нь шалгаад, боломжийн дүн тавьчихсан бол би Зөвлөлт оронд олон улсын харилцааны сургуульд саадгүй явж, араб хэл бичигт суралцан, дипломатын мэргэжил эзэмшиж, Арабын хэдэн орноор ээлжлэн хэссэн нэгэн болох байсан уу, эсбөгөөс орчлон ертөнцийн ойм эргүүлэнд шидэгдэн, хорвоогийн алтан хумхи дунд уусан замхрах байсан уу, хэн тааж чадахсан билээ.

Хүний хувь тавилан таашгүй. Тэнгэр юуг өгүүлнэм зээ? Дөрвөн улирал ээлжлэн улирч, түмэн бодис жамаараа дэлгэрэх буюу. Намайг мэдэх нь тэнгэр буй заа” хэмээн их сэтгэгч Күнз өгүүлсэн байдаг. Би Орос улсад сургуульд явж чадаагүйдээ тэр үед ч харамсаагүй, дараа нь ч харамсаагүй, одоо ч харамсдаггүй юм. Хожим мэдэхүл, дипломатын сургуульд сайд, дарга нарын хүүхдүүд голдуу явдаг байсныг зогсоож, хөдөөгийн малчин ардын хүүхдүүдийг явуулж байхыг Ю.Цэдэнбал дарга даалгаж, тэр шалгуурт нь би тэнцсэн юм билээ. Харин завсрын саадыг нь давж чадаагүй юм.

“Учиртай учиргүй бүхнийг хамаагүй хэлэх нь уршгийн шалтгаан

Огоот хэрэггүй үг үл хэлэх нь амар явахын орон

Ухаантай тоть хэлж чадах тул торонд хоригдоод

Ухаангүй шувууд хэлгий тул амар явах мэт.

Энэрэгч дээдэс ширүүн загнавч, алсдаа тусалъюу

Эгэл муу хүн даруй янаглавч, эцэстээ хорлоюу

Эрхт номын сахиус догшин боловч, амьтныг сахьюу

Эрлэг чөтгөр инээж байвч, амьтныг алъюу”

хэмээн “Эрдэнийн сан Субашид” сударт сургасныг үргэлж санаж сэрж явахад илүүдэх юун билээ.

Хожим би МУИС-даа багшилж, олон оюутан шавь нартаа ном зааж, шаардахдаа шаардаж, хатуурхахдаа хатуурхаж, сайн муу үг хэлж, сайхан муухай аашилж явсан ч, эцэстээ дүн хэмээх угтаа огт утгагүй мэт боловч, хүмүүний хувь тавилан, зам мөрийг хормын төдийд хөрвүүлж урвуулж чадах адбиш ид чадалтай тэрхүү хийсвэр тоог огт харамлаж байсангүй. Шавь нартаа “Та нар сургууль соёлоо төгсөөд өндөр дээд суудал, эрх мэдэл их ямар ч ажил алба хашсан ч гэсэн, хүний хувь заяа, аж амьдрал, ажил үйлстэй холбоотой хэрэгт үзэг хөдөлгөхдөө үргэлж няхуур хандаж байгаарай” гэж үгийн далимд захьдаг юм. Миний амьдралын бяцхан сургамж юм даа...

МУСГЗ, судлаач, орчуулагч М.Чимэдцэеэ “БИ УУЛЫН ХҮН” номын хэсгээс

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.
    • УНШИГЧ

      (192.82.78.151) 2022-02-16 17:21
      • 0
      • 2

      ДУРТГАЛ гэж бичих нь зөв. ДУРДАТГАЛ гэж бичихгүй.("Монгол хэлний зөв бичих дүрмийн журамласан толь") Сонирхолтой сайхан ном бичиж хэвлүүлсэнд баяр хүргэе.

      Хариулах

    • санваартан

      (202.126.88.152) 2022-02-16 16:14
      • 3
      • 0

      Дуртгал гэж монгол үг байхгүй. Дурдатгал гэж бичнэ

      Хариулах

    • МБ

      (192.82.64.8) 2022-02-16 16:35
      • 0
      • 1

      ДУРТГАЛ 1. Мэдэж өнгөрснийг нэхэн санах санаа; 2. Баримтат зохиолын нэгэн төрөл, хүмүүсийн тухай, уул үйл явдалд оролцож явсан хүний бичсэн тэмдэглэл: дуртгал бичиг (өнгөрсөн дэлгэрэнгүй... дуртгал бичиг - өнгөрсөн түүхэн амьдралаа сэргээн найруулсан бичиг дуртгал яриа - өнгөрснөө нэхэн санасан яриа Эх сурвалж: Монгол хэлний их тайлбар толь

      Хариулах

    • Зочин

      (192.82.78.138) 2022-02-16 14:54
      • 0
      • 3

      Чимэдцэеэ гуайг унших дуртай. Сайхан номын тухай танилцуулсанд баярлалаа.

      Хариулах