2007 оноос хойш 35 улс тамхийг бүрэн хориглох хууль баталсан байна

Twitter Print
2022 оны 02-р сар 09-нд 09:28 цагт
Мэдээний зураг,

Өнгөрсөн удаа тамхины эрсдлийн талаар мэдээлэл оруулсан билээ.

Аливаа өвчнөөс урьдчилан сэргийлэхэд хувь хүний эрсдэлт зан үйлээс гадна ард иргэдийнхээ эрүүл мэндийн талаар авч хэрэгжүүлж буй төрийн бодлого их чухал үүрэгтэй л дээ. Энэ утгаараа иргэд олон нийтэд тамхины хор холбогдлыг ухааруулж ойлгуулах, тамхины хор хөнөөлөөс иргэдээ хамгаалах олон талт үйл ажиллагааг хэрэгжүүлжэх асуудал их чухал байх юм. Өөрөөр хэлбэл тамхины хяналтын бодлого үр дүнтэй хэрэгжихэд төр засгийн байгууллагуудын нэгдмэл, тасралтгүй бодлого үйл ажиллагаа зайлшгүй гэдгийг манай хүмүүс сайн мэддэг болсон байх хэмээн найдаж байна.

Тэгээд нэгэнт тамхины тухай ам нээсэн юм чинь гэж бодоод жаахан уйтгартай ч байж магад албаны мэдээлэл дахиад нэгийг оруулья гэж бодлоо. Магадгүй бодлого шийдвэр гаргадаг хүмүүст илүү чухал байж болох юм.

Дэлхий нийтийн хэмжээнд тамхины хяналтын бодлого эрчимжиж, 4.7 тэрбум хүнийг тамхины хор хөнөөлөөс хамгаалж байна. Энэ бол дэлхийн тамхины тархалтын талаарх ДЭМБ-ын 2017 оны тайланд дурдсан мэдээлэл. /Эх сурвалж: World Health Organization. (‎2017)‎. WHO report on the global tobacco epidemic, 2017: monitoring tobacco use and prevention policies. World Health Organization. https://apps.who.int/iris/handle/10665/255874/

ДЭМБ 2017 оны 7-р сарын 19-нд Дэлхийн тамхины тархалтын талаарх 2017 оны тайланг нийтэлсэн байдаг. 2019 оны 7-р сарын 26 нд бас Дэлхийн тамхины тархалтын талаарх 2019 ийг гаргасан байгаа. Гэхдээ тамхины хяналтын бодлогын хувьд 2017 оны тайлан нь илүү чухал мэдээлэлтэй тул 2017 оны тайлангийн гол утгыг сонгож бичихээр шийдсэн юм. /Эх сурвалж: WHO report on the global tobacco epidemic 2019 Offer help to quit tobacco use https://www.who.int/tobacco/global_report/en//

Тамхины эсрэг арга хэмжээ илүү олон оронд эрчимжиж үүний үр дүнд дэлхийн нийт хүн амын 63% буюу 4.7 тэрбум хүн тамхины хяналтын бодлогоор эрүүл мэнд нь хамгаалагдсан байна гэж үзжээ. Энэ тоо 2007 онынхтой харьцуулахад даруй 4 дахин их байгаа бөгөөд ДЭМБын зүгээс тамхины бодлогын стратеги нь олон зуун сая хүнийг эрт нас барахаас аварч байна хэмээн мэдэгджээ.

2007 оноос хойш 35 улс тамхийг бүрэн хориглох хууль баталсан байна.

ДЭМБ-ын Гүйцэтгэх захирал Tedros Adhanom Ghebreyesus хэлэхдээ: "Улс орнуудын Засгийн газар тамхины хяналтын талаархи ДЭМБ-ын Конвенцийн (Framework Convention on Tabocco Control; FCTC) бүхий л заалтыг өөр өөрийн орныхоо тамхины хяналтын бодлогодоо тусгахын зэрэгцээ, дэлхийн тамхины тархалтыг дэмжиж буй хууль бус худалдааг нэн даруй зогсоох хэрэгтэй байна. Улс орнууд нэгдэн хамтран ажилласанаар тамхитай холбоотой өвчлөлийн улмаас олон сая хүний амь нас эрсдэх болон хэдэн тэрбум доллараар хэмжигдэх эрүүл мэндийн салбарын зардал, үйлвдэрлэлийн бүтээмж буурсан байдлаас зайлсхийж чадна" гэж мэдэгдсэн байна.

Уг тайланд дурдсанаар, дэлхийн нийт хүн амын 43% (3,2 тэрбум хүн) -ийн хувьд хоёроос дээш зүйл бүхий хамгийн өндөр түвшний MPOWER* (тайлбар доор бий) бодлогыг хэрэгжүүлсэн бөгөөд энэ харьцаа 2007 онтой харьцуулахад 7 дахин өссөн байна. Нийт 8 орон (үүний 5 нь дунд орлогтой, Бразил, Иран, Ирланд, Мадагаскар, Мальта, Панама, Турк, Их Британи, Хойд Ирланд) нь хамгийн их түвшний MPOWER бодлогыг дөрөв ба түүнээс дээш зүйлээр хэрэгжүүлсэн байна. Мөн Непал, Энэтхэг, Филиппин улсууд ДЭМБ-ын дэмжлэгтэйгээр тамхины хэрэглээнд хяналт тавьж, хүмүүсийг тамхинаас хамгаалах бодлогыг идэвхитэй хэрэгжүүлжээ.

Тайлбар: *MPOWER-ДЭМБ-ын FCTC-ээс 2008 онд Засгийн газруудын үйл ажиллагаа эрчимжүүлэх зорилгоор 6 зүйл бүхий тамхины хяналтын стратег бий болгосон. Үүнийг MPOWER хэмжүүр гэж нэрлээд байгаа юм.

M = Тамхины хэрэглээ ба түүнээс урьдчилан сэргийлэх арга хэмжээг хянах

P = Дам тамхидалтаас хамгаалах

O = Тамхинаас гарахыг дэмжих

W = Тамхины аюулын талаархи мэдээллийг түгээн дэлгэрүүлэх

Е = Тамхины сурталчилгаа, худалдаалалтыг хязгаарлахыг шаардах

R = Тамхины татварыг нэмэгдүүлэх.

Тамхины эсрэг цогц хууль 55 орны 1.5 тэрбум орчим хүмүүст мөрдөгдөж байна. 2007 оноос хойш бага болон дунд орлоготой улс орнуудад огцом ахиц гарч, үүн дотор 35 улс орон тамхийг бүрмөсөн хориглох хууль баталсан байна. 26 улс орны 2.4 тэрбум хүн амд тамхинаас гарах зохистой эмчилгээ хийгдэж буй. MPOWER бодлогоос гадна тамхины савлагаанд хүчтэй анхааруулах утга бүхий шошго оруулж өгснөөр тамхинаас хамгаалагдах хүний тоо нэмэгдсэн бөгөөд энэ нь 78 орны 3.5 тэрбум хүн (дэлхийн хүн амын 47%) -ийг эзэлж байна.

Related image

Тамхины сурталчилгааны хориг хангалтгүй байна.

Сүүлийн хоёр жилийн хугацаанд тамхины эсрэг үндэсний хэмжээнд нэгээс дээш олон нийтийн мэдээллийн хэрэгслийн нэгдсэн кампанит сурталчилгаа цацагдсан улс орнуудын нийт хүн амын тоо 3,2 тэрбум гаруй байна. Тамхины сурталчилгаа, ивээн тэтгэх үйл ажиллагааг хориглох нь тамхины үйлдвэрлэл, худалдаалалтын нэмэгдэлтийг хориглож, тамхины хэрэглээг бууруулах болно. Гэсэн хэдий ч одоогийн байдлаар тамхины хэрэглээг бүрмөсөн хориглосон улс орнуудын хүн ам дэлхийн хүн амын ердөө 15%-иас хэтрэхгүй байна. Тамхины татварыг нэмэгдүүлэх нь тамхинаас гарахыг дэмжих хамгийн зардал багатай арга боловч үүнийг хамгийн доод хэмжээнд хэрэгжүүлж байна.

Тамхины хяналт нь "Тогтвортой хөгжлийн зорилт-2030” хөтөлбөрийн чухал хэсэг юм. Үүнд ДЭМБ-ын FCTC-ийн Үндэсний хэрэгжилтийг бэхжүүлэх болон зүрх судас болон уушигны өвчин, чихрийн шижин өвчин зэрэг халдварт бус өвчнөөс шалтгаалсан эрт нас баралтыг гуравны нэгээр бууруулах зорилтууд багтсан байдаг.

Тамхидалт нь жилд 40 сая хүний (дэлхийн нас баралтын 70%-тай тэнцэх) нас баралтын шалтгаан болох халдварт бус өвчлөлийн нийтлэг эрсдэлт хүчин зүйл бөгөөд, үүний 16 сая хүнийг нь 30-69 насныхан эзэлдэг. Эдгээр “Хэт Эрт” нас баралтын 80 гаруй хувь нь бага, дунд орлоготой улс орнуудад тохиолддог.

Манай улсад тамхины хяналтын бодлого хир зэрэг хэрэгжиж байгаа вэ?

Тамхины хяналтын бодлого үр дүнтэй хэрэгжихэд төр засгийн байгууллагуудын нэгдмэл, тасралтгүй бодлого үйл ажиллагаа зайлшгүй гэдгийг манай хүмүүс сайн мэддэг байх.

Монгол Улс 2004 онд Тамхины эсрэг суурь конвенцид нэгдэн орсон бөгөөд тус конвенцид нэгдсэн зургаа дахь улс, Азийн бүсийн орнуудаас хоёр дахь орон болсон бөгөөд идэвхтэй дэмжигч орны тоонд ордог аж.

Манай улсад MPOWER стратегийн хэд нь эрчимтэй хэрэгждэг эсэх талаар үнэндээ сайн мэдээлэлгүй байна.

2017 оны долдугаар сарын байдлаар тамхи худалдаалах тусгай зөвшөөрөл бүхий 3717 аж ахуйн нэгж үйл ажиллагаа явуулж байгаа аж. 4613 аж ахуйн нэгжийн тусгай зөвшөөрлийг хүчингүй болгосон тоо байгаа. Энэ бол сайн хэрэг.

Монгол улсад нийт хүн амын 1/3 нь тамхи татаж байгаагийн 49.6 хувь нь эрэгтэйчүүд, 5.6 хувь нь эмэгтэйчүүд, 12.4 хувь нь хүүхдүүд байгааг тогтоосон. 2013 онд хийгдсэн судалгааны дүн. Одоо чухам ямар байгаа бол...

Ойдовын Батгэрэл Ph.D

П.Н.Шастины нэрэмжит Улсын 3-р төв эмнэлэг

Холбоотой мэдээлэл:

Өдөрт нэг ширхэг тамхи татдаг байсан ч зүрхний шигдээс, тархины цус харвалт зэргээр өвчлөх магадлалыг нэмэгдүүлдэг http://mongolcom.mn/read/17848

 
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.