Экс сайдуудын эрүүгийн хэргүүд

Twitter Print
2014 оны 12-р сар 04-нд 09:06 цагт
Мэдээний зураг,

Нийгэмд эрүүл мэндийн салбарын эмч, ажилтнууд авлигач гэх хоч зүүгээд удаж байна. Тэгвэл тэднийг удирдаж явсан үе үеийн сайдууд хийгээд  төрийн нарийн бичгийн дарга нар ч албан тушаалын хэрэгт татагдан шалгуулдаг  жишиг тогтсон гэж хэлж болно. Өнгөрөгч хавар сүр дуулиантай нисэх онгоцны буудлаас эрүүгийнхэнд баригдсан Эрүүл мэндийн сайд асан Н.Хүрэлбаатарт холбогдох хэргийг өдгөө УМБГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст царцав. 

 Экс сайдыг хуулийнхан онилох болсон  нь  өнгөрөгч 2001 оны тавдугаар сарын дундуур Хан-Уул дүүргийн 15-р хороо буюу “Рапид харш” хотхоны 5А байрны 35 тоотод оршин суугч Х.Энхбат гэгчийн гэрээс сэйфтэй мөнгө алдагдсантай холбоотой юм. Багийн эмчээс эхлээд зөвхөн эрүүл мэндийн манаанд хоёргүй сэтгэлээр зүтгэсэн гэх рекламтайгаар Эрүүл мэндийн сайдын сэнтийд заларч байсан  Нямдаваагийн Хүрэлбаатарын нууц хүү гэх Энхбатын гэрээс их хэмжээний мөнгө алдагдсан нь тухайн үедээ дуулиан болж байв.

Түүний нууц хүү Энхбатын гэрээс хоёр сая 145 мянган юань, 6000 ам.доллартай сейф алдагдаж цагдаагийнхан шалгаж эхэлсэн юм.

Тэр үедээ ноён сайд уг мөнгийг “манай баз Батаагийнх” гэж хэлж байв. Сүүлдээ сайд буянтны дүр эсгэж, “Би энэ мөнгөөр буяны сүм барих гэж байсан” гэснээ бүр сүүлдээ “ядууст зориулсан эмнэлэг барих гэсэн юм” хэмээсэн ч итгэх хүн олдоогүй юм.

Тухайн үед цагдаагийнхан  хэргийг шалгаж эхэлсэн ч эрх баригчдын нөлөөгөөр хав дарагдсан. Харин өдгөө Н.Хүрэлбаатар сайдыг сэйфтэй мөнгөний асуудлаар хорьж цагдан шалгаад зургаан сарын хугацаа өнгөрч байна.

 Түүнээс араас хуулийхны овоо хараанд өртсөн хүн бол тус яамны Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл. Сайд нь их хэмжээний мөнгөний хэрэгт холбогдож шалгуулж эхэлсний дараахан төрийн нарийн бичгийн дарга нь АТГ-ын үүдийг сахих болсон юм. Эрүүл мэндийн яамны  Төрийн нарийн бичгийн дарга асан Н.Түмэндэмбэрэл, тус яамны Эмнэлгийн эмчилгээ, оношлогооны хэлтсийн дарга Д.Гончигсүрэн, “Лабтех” компанийн гүйцэтгэх захирал Б.Болор нарын таван хүнийг өнгөрсөн дөрөвдүгээр сард ЭЦГ-ын Эдийн засгийн хэлтсийнхэн саатуулан шалгаж эхэлсэн билээ.

Төрийн нарийн асан Н.Түмэндэмбэрэлийг тендер будлиулж “Лабтех” компанийг шалгаруулж, төсвийн хөрөнгийг завшиж байсан гэх үндэслэлээр эрүүгийн хэрэг үүсгэж, УМБГ-т шалгаж байгаад харьяаллын дагуу АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэст шилжүүлсэн.

Гэтэл ногоон гэрлээр тендерт ялсан компани нь угтаа сайд асан Н.Хүрэлбаатарын хувийн компани болох “Лабтех” болж таарсан юм. Уг компанийн  нийлүүлсэн тоног төхөөрөмжүүд нь шаардлага хангадаггүй, хоцрогдсон, хугацаа нь дууссан хуучин тоног төхөөрөмжүүд нийлүүлсэн нь хэрэг үүсгэх үндэслэл болж байв.

Тухайлбал, ГССҮТ-д суурилуулсан дүрс оношлогооны MRI аппаратыг тус компанийнхан 1.6 тэрбум төгрөгийн өртөгтэй, шинэ тоног төхөөрөмж хэмээн нийлүүлсэн ч гадаад оронд удаан жил ашигласан хуучин эд байснаас ашиглах боломжгүй болсон нь  Н.Түмэндэмбэрэлийг хорьж саатуулах нөхцлийг бүрдүүлсэн юм. Өдгөө өмгөөлөгч, ар гэрийнхнийх нь хүсэлтээр түүнийг  АТГ-аас цагдан хорих арга хэмжээг нь өөрчилж батлан даалтад гаргаад байна.

Эрүүл мэндийн салбарыг удирдаж явсан үе үеийхний дотор хамгийн бага хэл аманд өртсөн нь С.Ламбаа сайд асан. Харин УИХ-ын гишүүн асан Л.Гүндалай эрүүгийн хэрэгт татагдан нэг  дуулиан дагуулж байв. Тэрбээр Эрүүл мэндийн сайдаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашигласан, эд хөрөнгө завшсан хэрэгт холбогдон АТГ-т шалгуулсан ч тэгсхийгээд сураг тасарсан.

Түүнийг Эрүүл мэндийн сайдын албан тушаал хашиж байхдаа тус яамнаас зарласан MRI аппарат нийлүүлэх тендерт өөрийн ахын “Булгат-Овоо” компанийг шалгаруулж улсад 620 сая төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж байв.

Түүгээр ч зогсохгүй Тайванийн Тайпей хотоос Монгол  Улсад тусламжаар илгээсэн түргэн тусламжаар ирсэн 10 автомашинаас хоёрыг нь ХӨСҮТ-д 11 сая төгрөгөөр гурвыг нь Батлан хамгаалах яаманд 13.5 сая төгрөгөөр зарсан гэх хэрэгт шалгуулсан юм.

Уг хэрэг явдал гарсны дараахан экс сайд Л.Гүндалай “Би гэм буруугийн эсрэг маргахгүй” гэсэн хүсэлтийг АТГ-т гаргаж өгсөн нь албан тушаалын хэргийг нь өршөөлийн хуульд хамруулах боломжийг бүрдүүлсэн гэж хэлж болно. Ийнхүү хамгийн их хариуцлага дагуулдаг салбарыг удирдаж явсан  экс сайдуудын шамшигдуулсан мөнгөний хэргийг тухай мэдээллүүд  хуучраагүй, олны анхаарлыг татсаар байна.

Д.Жаргал

Сэтгүүлч .

E-mail: mongolcom.mn@gmail.com
Утас: 76110303, 76110505

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.