Гэрлэх санал ба хуримын “дон”

Twitter Print
2019 оны 09-р сар 25-нд 09:03 цагт
Мэдээний зураг,

Гадаад л бол гоё гэж боддог дууриадаг маш олон сармагчингууд буй. Тийм ч учир сүүлийн үед гадаадын кинонд гардаг шиг хурим, бас гэрлэх санал мөрөөддөг бүхэл бүтэн сүрэг эмс, эрс бий болсон нь нууц биш юм.

Олон хүүтэй айл яах вэ. Хүүхэд тус бүрээ хуримлуулж, орон гэр бэлдэж өгөхийн тулд өөрсдөө гудамжинд амьдрах болох бус уу. Харамсалтай нь олноос онцгой гэрлэх санал тавих гээд хичнээн хүн үхэж үрэгдэж буйг мэддэг нь ховор. Олноос онцгой баян тарган хурим хийж гайхуулагсдаас хэдхэн жил болоод салж сарниж буй нь ч төдий чинээ буй.

Хурим найр хийж ёслон төрлөж ураг барилдах сайхан л байлгүй яах вэ. Гэхдээ хөнжлийнхөө хирээр хөлөө жийж, хөтөвчнийхээ хэмжээгээр "бааж" сурах хэрэгтэй юм. Амьдралын аз жаргал яаж олноос онцгой гэрлэх санал авснаар, түүнийгээ фэйсбүүк дээр тавьснаар, эсвэл ямар гэгч нижгэр хурим хийж айхтар үнэтэй бэлэг сэлт авснаар хэмжигдэн тодорхойлогддоггүй юм.

Хамтын амьдрал бол аль алинаас нь тэсвэр тэвчээр, ухаан хүлээц шалгадаг түүнийг хэрхэн хийж , залж чадсан нь эвтэйхэн амьдарч , чадаагүй нь хагарч бутраад л дараагийн нэгний эрэлд гардаг эд. Хурим, найр цэнгэл бол нэг л өдрийн зүйл. Харин хамтын амьдрал бол насан турш энэ хорвоогоос буцатлаа чи бидний үүсгэх айл гэрдэх амьдралын том тоглоом. Тэрхүү айл гэрдэх тоглоомонд чинь та бидний бүтээсэн цоо шинэ хүүхдүүд ирцгээнэ нэмэгдэнэ.

Өөрсдөө тоглоомондоо татаж, чирч авчирч оруулсан бяцхан хөөрхөн зүрхнүүдэд нулимс, шаналал өгөх учиргүй юм. Учир нь тэд гуйж ирдэггүй юм. Түүнд хөл тавин ороход гоё хурим хийсэн нь, илүү жаргалтай амьдарч, хурим найр хийж чадаагүй нь дутуу амьдардаг гэсэн хууль үгүй. 

Хэрхэн сайн сайхан амьдрахыг хийсэн хурим, тавьсан гэрлэх санал бус тархи зүрх сэтгэл тань залдаг шийддэг юм. Амьдрал хуримаа яаж олноос онцгой хийснээр тань бус яаж хайрласанаар хэмжигддэг зүйл. Бие биенээ хэрхэн хүндэтгэж, яаж хайрласан, хайрлагдсанаар аз жаргалтай эсвэл зовлонтой амьдрахаас биш яаж ийгээд хамаг мөнгөө шавхаж, өр зээл тавиад, олноос онцгой гоё гэрлэх санал тавьж, мөн учиргүй гоё хурим хийснээс бат бөх сайхан амьдрах огтоос шалтгаалахгүй ээ.

Жич: Гэр бүл болоод олон жил сайхан амьдраад үр хүүхдээ төрүүлж өсгөөд ,өөрсдийнхөө олж хуримтлуулсан мөнгөөр хурим найраа хийж байгаа улс энд огт хамаагүй болно.

Яруу найрагч Хулганайн Тэргэл

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.