Өдөр бүрийг сайхан болгож болно

Twitter Print
2022 оны 10-р сар 28-нд 15:38 цагт
Мэдээний зураг,

Хүүхдийн тоглоомын талбай. Хоёр охин савлуур дээр савлангаа хоорондоо “ихэмсэг” яриа өрнүүлж байна.-

Ойрд ямар ч баяр болсонгүй нь харамсалтай! хэмээн нэг нь бодлогошронгуй өгүүлэв.

- Надад харамсах юм алга гэж нөгөө охин нь хэллээ.

- Чи баярт дургүй юм уу?!

- Дуртай байлгүй яах вэ! Маш их! Надад хангалттай олон баяр бий... Өдөр бүр – баяр!

- Тийм байх боломжгүй!

- Боломжтой. Манай гэрийнхэн Өдөр төрснийг тэмдэглэдэг юм.

- Төрсөн өдрийг гэж үү...

- Төрсөн өдрүүдийг ч бас тэмдэглэдэг, гэхдээ жилд нэг удаа. Харин Өдөр төрснийг бол өдөр болгон тэмдэглэдэг. Манай аав энэ баярыг бодож олсон юм.

- Та нар тэгээд энэ баяраа яаж тэмдэглэдэг юм бэ?

- Их амархан! Аав өглөө босонгуутаа ээж бид хоёрыг сэрээдэг юм. Тэгээд бид гурав гал тогооныхоо өрөөнд орж нэг нэг аяга ус хийж авдаг. Аавыг “Нэгэн гайхалтай сайхан өдөр төрлөө! Бид ч азтай юм аа! Шинэхэн өдрийн төлөө!” гэж үг хэлсний дараа бид аягатай усаа ууцгааж, араас нь зөгийн бал идэж, ямар нэгэн дуу дуулдаг.

- Хэрэв тиймхэн өдөр болбол яах вэ?

- Өмнө нь тэгдэг байсан. Харин Өдөр төрснийг тэмдэглэдэг болсноос хойш өдөр бүр сайхан байдаг болсон. Ямар нэгэн онцгүй зүйл тохиолдох нь ховор болсон.

- Тэгвэл бусад хүмүүст яагаад ийм баяр байдаггүй юм бэ?

- Аав хэлэхдээ энэ баяр бүх хүнд бий гэсэн... тэд л анзаардаггүй болохоос. Зарим нь ийм баяр байдгийг бүр мартаж орхисон байдаг. Чи хүсвэл хагас сайнд манайд хүрээд ирээрэй... Манайд хоноод, маргааш өглөө нь Өдөр төрснийг хамт тэмдэглэе!

Григорий Беркович

Орчуулсан: Өлзийбатын Уянга

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.