
Вашингтон Украинд дахин 1 тэрбум ам. долларын өртөг бүхий зэр зэвсгийн тусламж үзүүлэхээр болжээ. Вашингтоны хувьд энэ нь 2021 оны 8-р сараас хойш Украинд үзүүлж буй 18 дахь багц тусламж бөгөөд АНУ-ын Батлан хамгаалах яамны нөөцөөс нэг удаадаа нийлүүлж буй зэр зэвсгийн хамгийн том тусламж юм.
АНУ Украинд HIMARS пуужингийн системд хэрэглэгддэг эд ангиуд, их буу, миномёт, танк устгах Javelin, AT4 систем, хуягт машинууд, C-4 тэсрэх бөмбөг, эмнэлгийн хэрэгслүүд, эмийн сан, бинт, монитор зэргийг илгээж байгаа аж.
АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкений зүгээс гаргасан мэдэгдэлд Жо Байден АНУ-ын Ерөнхийлөгч болсноос хойш Вашингтон Украинд нийт 9.8 тэрбум ам. долларын үнэ бүхий зэр зэвсэг тусламжаар илгээсэн болохыг онцолж, "АНУ 50 гаруй түнш улс орнуудынхаа хамтаар Украины тусгаар тогтнол, газар нутгийн бүрэн бүтэн байдлыг хамгаалахад туслах, аюулгүй байдлыг хангахад нь чухал ач холбогдолтой тусламж дэмжлэгийг үзүүлж байна.
Бид цаашид ч Украинтай нягт холбоотой байж, тулааны талбар дээрх нөхцөл байдлыг өөрчлөх, хэлэлцээрийн ширээний ард Украины байр суурийг бэхжүүлэхэд хэрэгтэй тусламж дэмжлэгийг үзүүлнэ." хэмээн бичжээ.
Эх сурвалж: BBC
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.