Ах аа, энэ газар маргааш байх болов уу?

Twitter Print
2020 оны 05-р сар 28-нд 12:48 цагт
Мэдээний зураг,

Хоолоор биш хөгжлөөр цангасан хүүхдүүд гялтайх ганц гэрэл олоод харчих гэсэндээ тээр алсын гэр хорооллоос үндэсний цэцэрлэгт хүрээлэнг зорьж ирээд өөрсдөө гэрэл болоод явчихлаа даа. Нэг биш дөрвөн бяцхан амь.

Ийм юм бичих, шэйр хийх тоолондоо гутармаар арчаагүй санагдах юм. Гурав хоногийн дараа хүүхдийн баяр болох гэж байна та бид ядаж тэр өдөр хүртэл дараагийн сенсаацаа хойш нь тавиад хүүхдийн асуудалд анхаарлаа хандуулж чадах болов уу? Одоо энэ асуудал дээр хэн хариуцлага хүлээх вэ? Сонгуулийн өмнө солиор! гэх байх даа тээ? Үндсэн хуулин дээр Монгол хүн эрүүл аюулгүй амьдрах эрхтэй гэдэг биз дээ? Тэгвэл яагаад хүүхдүүд тоглох гэж ирээд үхчихэж байгаа юм? Эсвэл хүүхэд гэдэг нь хүн биш юм уу? Энэ бол золгүй явдал биш шүү дээ.

Монгол улсын ядуурал бол эдийн засгийн гэхээсээ илүү боломжийн тэгш бус байдлын ядуурал юм. Энд ажилгүйдэл ядуурлын талаар яриагүй шүү нэг аятайхан кино үзчихмээр л байна, нэг газар кофе уучихмаар л байна, нэг гоё гэрэлтэй талбайд орой суумаар л байна. Аль нь ч байхгүй, хэдэн худаг хэдэн харанхуй гудам байна тэгээд бараг болоо. Хэрвээ байсан бол энэ 4 хүүхдийн амь эрсдэхгүй байсан юм. Тэр холоос хөөрхий тоглоомын талбай хайж ирэхгүй байх байсан юм. Хамаг өнгөтэй өөдтэй бүхнээ хотын төвийн хоёр км газарт шаваад барьчихсан. Хүн амынх нь 70 хувь амьдардаг гэр хороололд үзээд өгье гэсэн ч хүүхэд очоод тоглочихоор ганц олигтой газар байхгүй. Хүүхдүүд нь машины сэг, шарилын газар, балгасаар л тоглож явдаг. Тэнд нь битүү архичид цуглачихсан... Ямар ч өөдтэй үлгэр дууриал үгүй, сүүлдээ хүүхдүүд цавуу үнэрлэнэ, писинд хонож бэлэн гоймон иднэ, архи ууж тамхи татацгаана...

Ид шидийн орон дөнгөж баригдаж дуусаад номын сангаа нээтэл орж ирсэн хүүхдүүд надаас нэг асуултыг маш олон асууж билээ. Ах аа, энэ газар маргааш байх болов уу ... Аймар асуулт. Бидний хүүхдэд үзүүлж байгаа хайр болгон маргааш нь байдаггүй. Хүүхдийн баяраар, сонгуулийн яг өмнө нь тэднийг маш ихээр хайрлацгаана. Гоё юм болгон бэлэг тэмдгийн чанартай маргааш нь байхгүй. Хүүхдийн баяраар хүртэл 400 хүүхэд халуун наранд тормойтол нь суулгачаад дарга нь ирэхгүй 2 цаг болно. Ирээд нэг тэнэг зураг авахуулаад хэдэн чихэр тараачаад яваад өгнө. 10 сайт дээр тэр нь гарна. Бүр бөөлжис хүрмээр. Тэгсэн ч гэсэн хүүхэд тэрэнд баярлана даанч тэр гоё тайз, тэр гоё дуу хөгжим маргааш нь хэзээ ч байгаагүй нөгөө л саарал гудам шороо... Бид нарын энэ худлаа баахан эмгэнэл ч гэсэн маргааш байхгүй. Нэг тэнэг нь лайв хийж марзагнана, эсвэл нэг бороо цас орно тэгээд л сэдэв солигдоно.

За тэгэхээр энэ хүртэл нь ядаж уншсан бол бодит санал хэлье. Одоо УИХ-н сонгууль болох гэж байна, бүх уулзалт юман дээр энэ 4 хүүхдийн амийг ярь! Бүх нам, эвсэл, бие даагчдыг мөрийн хөтөлбөртөө хүүхдийн эрх бүр тусгайлан хүүхдийн тоглох хөгжих орчины талаар тусга гэж шаард! Хийнэ гэж амлуул! Ийм юм ойлгохгүй тусгахгүй гэж байгаа дурак байвал битгий сонго, тэрийг унагаа! Тэрийгээ ил тод бүр хэлж сануул! Тэгэж байж эргэж ирэхгүй тэр 4 бяцхан амь багахан ч гэсэн үнэ цэнэтэй одож ирээдүйд найзуудыг нь магадгүй хамгаалж чадна. Ингээд шуугиад л өнгөрвөл нэмэргүй.

Маргааш байх уу? гэж горьдон асууж байгаа хүүхдүүд уул нь та бидний маргааш юм шүү. Маргааш магадгүй таны хүүхэдтэй суух нэг үе шүү дээ. Амиа бодоод ч болтугай хүүхдийн төлөө байгаач!

Ч.Ганжавхлан

2020.05.28

 

Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
Манай сайт танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.
    АНХААР! Та сэтгэгдэл бичихдээ хууль зүйн болон ёс суртахууныг баримтална уу. Ёс бус сэтгэгдлийг админ устгах эрхтэй. Мэдээний сэтгэгдэлд www.mongolcom.mn хариуцлага хүлээхгүй.