
ОХУ-ын Ерөнхийлөгчийн дэргэдэх хүний эрхийн комиссар Татьяна Москалькова Чечений удирдагч Рамзан Кадыровын хүү 15 настай Адам Кадыров Коран судар шатаасан хэргээр шалгагдаж байгаа Волгоград хотын оршин суугч Никита Журавелийг зодсон хэргийн талаар мэдэгдэл хийжээ.
Тэрээр, "Коран, Библи, Тора гээд ямар ч шашны ариун судрыг шатаах нь олон сая сүсэгтнүүдийн сүсэг бишрэлийг гутаан доромжилсон, ноцтой хэрэг юм. Ийм үйлдлүүд нь нийгэмд үндэстэн хоорондын хагарал бутрал, дайсагнал үүсэх үндэс болдог. Тийм ч учраас ийм хэрэг үйлдсэн хүмүүс шийтгэлгүй хоцрох ёсгүй. Гэхдээ хүн ямар ч ноцтой гэмт хэрэг үйлдсэн, уг гэмт хэргийнхээ хариуцлагыг хууль ёсны дагуу шүүхийн өмнө хүлээх ёстой. Энэ бол манай улсын хууль эрх зүйн зарчим." хэмээн Telegram хуудсандаа бичжээ.
Т. Москальковагийн бичсэнээр урьдчилан хорих ангид ч мөн хуулиар тогтоосон журам үйлчлэх ёстой аж.
Иргэн Никита Журавелийг 2023 оны 5-р сард Украины тусгай хүчний даалгавраар коран судар шатаасан хэргээр Волгоград хотод баривчилсан ба сүүлд түүний коран судар шатааж буй бичлэгийг Украины Аюулгүй байдлын алба нийгмийн сүлжээнд тараасан байж болзошгүй хэмээн Оросын хууль сахиулагчид үзжээ.
Оросын Мөрдөн шалгах алба уг хэргийн гол хохирогчид нь Чеченийн иргэд хэмээн үзэж, хэргийг нь Чеченьд шилжүүлж, Н. Журавелийг Чечень дэх урьдчилан хорих ангид хорьжээ.
Өнгөрсөн 8-р сард Н. Журавель Грозный хотын хорих ангид хоригдож байх хугацаанд түүнийг Рамзан Кадыровын хүү Адам Кадыров зодсон хэмээн мэдүүлсэн бол энэ сарын 25-нд Чеченийн удирдагч өөрийн Telegram сувагтаа 15 настай хүү Адам нь Н. Журавелийг зодож буй бичлэгийг нийтэлжээ. Тэрээр хүүгийнхээ уг үйлдлээр бахархаж буйгаа илэрхийлжээ.
Эх сурвалж: meduza.ru
Содномцэрэнгийн Энхзаяа
mongolcom.mn
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.