
Уул уурхайн дэд сайдаар ажиллаж байхдаа Францын компанид хайгуулын зөвшөөрөл олгож, үүнийхээ хариуд 1.2 сая еврогийн хахууль авсан гэх О.Эрдэнэбулганы 26 байрыг битүүмжилжээ.
Тодруулбал, АТГ-ын санхүүгийн мөрдөн шалгах ажиллагааны дүнд дэд сайд асан хахуульд авсан мөнгөөрөө 26 ширхэг орон сууц худалдан авсныг тогтоож, бүгдийг нь битүүмжилсэн гэдгийг албаны эх сурвалж мэдээлсэн юм. Эл хэргийн талаар УИХ-ын гишүүн О.Баасанхүү өнгөрсөн хавар анх олон нийтэд дэлгэж байв. Харин дараа нь тэрхүү дэд сайд нь “Өмнөх Засгийн газрын Уул уурхайн дэд сайд асан О.Эрдэнэбулган” хэмээн ЗГХЭГ-ын дарга Л.Оюун-Эрдэнэ мэдэгдсэн.
Тухайн үед дэд сайд асан О.Эрдэнэбулган “Намайг шалгаад юу ч олж долоохгүй, би ямар ч асуудалгүй” хэмээн цахим хуудастаа “даналзаж” байсан удаатай. Гэвч, эцэст нь хуулийнхан түүнийг авлигын мөнгөө орон сууц болгосныг олж илрүүлсэн нь энэ аж. Түүнийг өнгөрсөн онд саатуулан шалгасан ч, удалгүй суллаж байсан билээ.
Г.Ганаа
Энэ мэдээ танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Танд баярлалаа.